Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын үр хөндөлт, үр зулбуулах эмийн буруу хэрэглээ замбараагаа алдаж байна. 14-18 насны охидын үр хөндөлт багасах биш, нэмэгдэж байгаа нь харамсалтай. Охид интернэт орчин, найз нөхдөөсөө буруу ташаа мэдээлэл авч, үр хөндүүлэх эм бэлдмэлийг ихээр хэрэглэх болсон талаар энэ удаагийн сурвалжилгаар хөндөж байна. Үр хөндөлт хийлгэх, ямар нэгэн үр зулбуулах эм бэлдмэл хэрэглэх нь хувь хүний эрх мөн ч, үүний цаана хүний орчлонгийн нарыг харж чадахгүй буцаж байгаа олон үрсийн эрх ч таслагдаж буй. Зарим нь хүн болж бүрэлдэж амжаагүй үрээ, гэдсэн дотроо алж байхад, зарим нь хичнээн хүсээд ч хүүхэдтэй болж чадахгүй гачлант амьдралыг туулж явна. Эмчийн хяналтанд эцэг эхийн зөвшөөрөлтэй үр хөндөлт хийлгэж, эм бэлдмэл хэрэглэх нь хуулиар зөвшөөрөгдсөн. Гэвч өсвөр насны охид 72 цагийн эмийг зах зайдуу байрлах эмийн сангаас дур мэдэн авч, сар бүр хэрэглэх тохиолдлууд ихээр гардаг гэнэ.
Энэхүү эм нь охидын бие махбод, эрүүл мэндэд олон сөрөг нөлөөг үзүүлдэг талаар “Great family“ эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч, клиникийн профессор Ж.Сарангэрэл ярилаа.
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-гаар өсвөр насны таван сурагч тутмын нэг нь бэлгийн харьцаанд орсон гэсэн асуумж өгсөн байна. Тэд үүнийгээ бусад найз нь “үзсэн” учраас гэж хариулжээ. Цаашлаад бэлгийн харьцаанд орсон дөрвөн сурагч тутмын нэг нь 14-өөс дооших насандаа анх “хавьталд” орсон талаараа хэлсэн нь мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож буй. Учир нь тэд энэ насандаа өөрийгөө хамгаалах чадваргүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсрол хангалтгүй байдаг тул эрсдэлд орох өндөр магадлалтай гэсэн үг. Үүнийг дагаад жирэмснээс хамгаалах янз бүрийн эм дур мэдэн ууж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Жирэмснээс хамгаалах 72 цагийн эмийг өсвөр насны охид хоол шиг хэрэглэж байгааг олон эмч, эмнэлгийн ажилтнууд ярьж байна. Энэ талаар “Монгол эм импекс” эмийн сангийн эм зүйч М.Нямжаргалаас тодрууллаа.
72 цагийн эм нь ямар үйлчилгээтэй вэ?
-Өндгөн эс боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг. Үр тогтсон өндгөн эс умайд бэхлэгдэхийг саатуулдаг. Дааврын бэлдмэл гэж ойлгож болно.
Өсвөр насны хүүхэд буюу 14-16 насныхан хэрэглэхэд хэр тохиромжтой вэ? Сар болгон хэрэглэж байна гэх олон шүүмжлэл дагуулаад байгаа. Ингэж ихээр хэрэглэж болох уу?
-Энэ нь маш буруу. 15, 16 настай хүүхдүүд хэрэглэж болохгүй. Даавар агуулсан бэлдмэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өсөж яваа бие организмд сөргөөр нөлөөлөх , сарын тэмдгийн мөчлөг алдагдахаас эхлээд үүсэх олон эрсдэл бий.
Хэрхэн яаж хэрэглэх зориулалттай эм бэ? Сар бүр хэрэглэх боломжтой юу?
-6 сард нэг удаа, жилд 2 удаа л уух боломжтой. Түүнээс илүүг эсвэл сар болгон хэрэглэж болохгүй. Өндгөн эс боловсрох үйл явцыг шууд зогсоох үйлчилгээтэй гэхээр ямар хүчтэй эм болох нь ойлгомжтой. Өсвөр насны хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүн хүртэл сар болгон хэрэглэх боломжгүй. Мөн энэхүү эмийг эмчийн жороор олгодог байх ёстой. Аль нэг эмийн сангаас ороод дураараа авч болоод байгаа учраас замбараагүй хэрэглээ үүсэж байна.
Ихээр хэрэглэснээр үүсэж болох эрсдэлүүд юу вэ?
-“Замбараагүй хэрэглэснээр сарын тэмдэг алдагдах, цус ихээр гарах, дааврын тэнцвэрт нөлөөлөх, үргүйдэх зэрэг олон муу үр дагавар үүсэж болно” гэлээ.
Бид тухайн эмийг жоргүй олгож байгаа эсэхийг шалгахаар хэд хэдэн эмийн сангаар орлоо. Эмийн сангийн үүдээр ороод 72 цагийн эм авъя гэх төдийд юу ч хэлэлгүй шууд л өгөв. Гурван өөр төрлийн эм байх бөгөөд үйлдвэрлэсэн улсаас хамаарч 4500-6200 төгрөгийн үнэтэй байлаа. Хэдэн настай хүн, ямар зорилгоор хэрэглэх талаар мөн эмчийн бичиг асуусан нэг ч газар байсангүй. Ийм байхад уг эмийн замбараагүй хэрэглээ ихсэж байгааг гайхах юм алга. Антибиотикийн төрлийн бүх эмийг эмчийн жороор олгодог мөртлөө, ийм өндөр тунтай дааврын бэлдмэлийг өсвөр насны хүүхдэд ямар ч жоргүй олгох нь жинхэнэ гэмт хэрэг байх. 6200 төгрөгөөр үнэлэгдэх амь хайран биш үү?