horoscope
horoscope
horoscope
userТ. Есөн-Эрдэнэ

НИЙТЛЭЛ: Урсгал

post-img

Бид хэн нэгнийг “урсгалаараа хүн” гэж тодорхойлдог. Магтаал биш нь ойлгомжтой харагдана. Сөрөг хандлагатай үг байх нь. Бас бид ойр дотны нэгэндээ үг хэлэхээс аргагүй болох үе ирэхэд “ингэж урсгалаараа явж болохгүй ээ, найз минь” гэж зэмлэдэг. Зэмлэл мөн боловч мууг хүсэж хэлсэн хэрэг бол биш.  

Хэдэн жилийн өмнө Мүүний шашны тухай үе үе нийгмээрээ шүүмжилдэг байсныг санаж буй байх. Тэр үед “Наадах чинь буруу урсгал юм гэсээн” гэж ярихыг би хувьдаа хэдэн зуун удаа сонссон. 

Арай сүүл үеийнх гэвэл КОВИД-ын үеэр бөөн маргаан дэгдээсэн “Мэдээллийн урсгал” хэмээх нэвтрүүлэг байна. Олон сэтгүүлч тэрхүү контентийг буруушаасан. Бараг л буруу урсгалын нэвтрүүлэг гэж хэлсэн дээ. 

Тэгвэл аливаа үйл явц, систем эсвэл ажлын дарааллыг график байдлаар дүрслэн харуулах урсгал диаграмм (flowchart) төлөвлөх ажлын арга барил сүүлийн жилүүдэд манай бизснеийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрээд уджээ. 

Гэх мэтээр урсгал хэмээх үг орсон юу байна ярилцъя гэвэл далай далай гэдэг шиг юм болох нь. Бүх зүйл тодорхой урсгал дараалалтай, түүнийг ойлгох хэрэгтэй. Үүнийг тайлбарлах нэгэн онолын талаар өгүүлье. 

Урсгалын онолтой анх учирсан нь

Хэдэн жилийн өмнө Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гадаад номын тасгаас “Электрон хэвлэл мэдээлэл дэх бүтээлч сэтгэлгээ” номыг олж үзээд, эргүүлж суутал “Урсгалын онол”-ын (Flow Theory) загварыг анх харж байв. Хэвлэл мэдээлэлд ямар хамаатай онол болохыг мэдчих санаатай лавлаж үзвэл тэрхүү онолыг Унгар гаралтай сэтгэл зүйч Михай Чиксентмихай боловсруулсныг олж уншив. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед хүүхэд насаа өнгөрүүлж, залуу бас мөнгөгүй, гэхдээ завтай (өөрөө нэгэн илтгэлдээ ингэж ярьсан) Швейцарьт цанын баазад сэлгүүцэж яваад санамсаргүйгээр Карл Юнгийн лекцэнд сууснаар сэтгэл судлалд татагдах болжээ. Хожим нь Беркли болон Чикагогийн их сургуулийн профессороор ажиллаж, 1970-аад онд “Урсгалын онол”-оо анх дэвшүүлсэн байна. Улмаар 1990 онд “Урсгал: Төгс туршлагын сэтгэл судлал” номдоо бүрэн зураглажээ. 

Урсгалын онолын үндсэн санаа

Урсгалын онол нь хүний сэтгэл зүй, бүтээлч байдал, ажиллах чадварын талаар хийсэн судалгаа бөгөөд хүний хамгийн аз жаргалтай, үр бүтээлтэй үеийг тайлбарладаг. Урсгалд орох гол зарчим бол тодорхой зорилготой байх, өөрийгөө үргэлж сорих явдал юм. Хэрэв ажил хэт хялбар бол хүн уйдна, харин хэцүү нь дэндвэл түгшүүрт автаж урсгалд орж чадахгүй. Урсгалд орохдоо хүн өөрийн ур чадвараа хөгжүүлж, шинэ сорилтуудыг даван туулснаар бүтээлч байдал, амжилтад хүрдэг. Өөрөөр хэлбэл урсгалд орох гол нөхцөл бол тухайн хүний хийж буй үйл ажиллагаа нь өөрийн ур чадвар, сорилтын түвшинтэй тэнцэхүйц байх явдал юм. 

Спорт, яруу найраг, бизнес.. бүх зүйлд

Тайлбарлагч Шижрээ зарлахдаа “Аргагүй бөмбөрцгийн бөх.. Хялайлт багатай.. үүрнэ, зүүн талдаа наана..” гэж дэлгэцийн цаанаас цангинуулна. Заримдаа Шижрээ “Паа!, ямар аймаар төвлөрөл вэ.” гэж дуу алддаг. Үнэхээр ч дэвжээнд гарч ирж буй жүдочны тэр харц, хүчирхэг зогсолт, тайван байдлын цаана гүнзгий төвлөрөл ур чадвар, өөрийгөө сорьсон сэтгэл зүй шууд мэдрэгддэг. 

Бүх л спортод энэ мэдрэмж байдаг бололтой. Хакүхо М.Даваажаргал аваргын ярилцлагыг үзэж суутал “Бэлтгэл ханасан, бэлэн болсон үеийг бид “Zone-д орох” гэж хэлдэг. Энэ үед тамирчин хүн, жишээлбэл бейсболын тамирчин нүдний нь өмнүүр асар хурдтай нисэж буй бөмбөгийг зогсоож байгаа юм шиг хардаг” гэж ярив. 

Зөв урсгалд орсон хүн бүрэн төвлөрч, хийж байгаадаа гүнзгий автах бөгөөд цаг хугацааны мэдрэмж энэ үед удааширч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг байна. Ийм үед хүний бүтээлч хамгийн өндөр түвшинд хүрдэг байна. Жишээ нь, зурагчин хүн зураг авах, яруу найрагч шүлэг бичих үедээ гүн урсгалд орж, бүхнийг зөнгөөрөө хийдэг ажээ. Спорт, урлаг, бизнес гээд ер нь бүх зүйлд зөв урсгал гэж байх бөгөөд үүнийг мэдрэхэд туршлага, ур чадвар, хандлага чухал. 

Монголд урсгалын онолыг хэрэгжүүлэх нь

Орчин үед урсгалын онолыг боловсрол, сэтгэл зүй, бүх төрлийн бүтээлч ажил хөдөлмөр зэрэг олон салбарт үр ашигтай хэрэгжүүлэх боломжтой. Хичээлдээ мэриймтгий сурагч, оюутан, бүтээлчээр ажиллаж буй хүн урсгалын төлөвт орох тусам, илүү их мэдлэг, ур чадвар эзэмшдэг. 

Миний нэг найз инженер залуу хүүхдүүдийн зохион бүтээх чадварыг сайжруулах тухай дээрх загварыг гаргасаныг энд авч үзье.  

Хүүхдийн ур чадвар, мэдлэгийн түвшинг зэрэг хөгжүүлэхгүй бол, жишээ нь мэдлэгийг хаяад чадварт хэт төвлөрвөл бидний хэлдгээр “монголчлох”-доо мастер хүмүүс болно. Харин чадварыг үл тоож уншиж, мэдэх төдий явбал “их мэдэгч” болно гэж төсөөлжээ. 

Дээрх загварыг гаргасан найздаа урсгалын онолын загварыг явуулж, “Үүнээс санаа авсан уу?” гэтэл “Анх удаа харж байна” гэж билээ. 50 жилийн өмнөх сэтгэл зүйч залуу, онолын загвар бүх салбарт, жишээ нь зохион бүтээхүйд ч хамаатай болохыг Монголд нэгэн залуу илэрхийлсэн нь сонирхолтой тохиолдол. 

Урсгал төлөвт амьдрахын утга учир

Чиксентмихай урсгалын төлөвт орсон хүн өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай, бүтээлч байдлыг хамгийн ихээр мэдэрдэг гэж үзсэн. 

Ийм хүмүүсийн стресс буурч, өөрийн чадамжаа дээд зэргээр ашиглаж, бүтээлчээр амьдарч чадна гэж итгэж байна. Иймд урсгалын онолыг өөрийн амьдралд хэрэгжүүлж, амжилтад хүрэх нь бидний өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэх түлхүүр юм.

0/1000