horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Б.Мэндбаяр: Бид болгоод л байвал эрүүл мэндийн салбар хөгжихгүй

post-img

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид ажиллах нөхцөл байдал хүнд, даргынхаа дарамтад ажиллаж буй талаараа үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцээд байгаа билээ. Тодруулбал, илүү цагийн цалин өгдөггүй, сүүлийн зургаан сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, даргын ёс зүй, эмнэлгийн хэрэгслийн хангамж муу орчинд ажиллаж байгаагаа илэрхийлээд буй юм. Ийнхүү тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Мэндбаяртай үүсээд буй асуудлын талаар тодрууллаа.

-Эмнэлэг дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулаач?

-Манайд өмнө байсан дарга нарын үед иймэрхүү тохиолдлууд гарч байгаагүй. Өмнө нь эмэгтэйчүүдийн үзлэгт хэрэглэдэг бээлий, дэвсгэр, толь, мазок шинжилгээ авахад хэрэглэдэг багаж, хэрэгслүүд хангалттай ирдэг байсан. Есдүгээр сараас эхлээд энэ зүйлүүд доголдоод эхэлсэн. Миний хувьд эмэгтэйчүүдийн эмч учраас үзлэгээ л хийдэг. Харин манай эх баригч нар өглөө шинжилгээгээ авдаг. Нэг өглөө ортол эх баригч нар маань “Дэвсгэр байхгүй, нэг удаагийн халатаа хайчлаад дэвсгэр болгож ашигла гэсэн” гээд байж байсан. Тэгээд би бухимдаад эмнэлгийнхээ эм, хэрэгслийн хангамжийг хариуцдаг газартаа хэлэхэд тоосон шинжгүй, үдээс хойш оруулаад өгчихье гэсэн.

Тэгээд ирж байгаа нь 200-хан ширхэг. Мазокийн шинжилгээг өдөрт 3040 хүн дээр авч байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүдийн үзлэг, жирэмсний хяналтын үзлэг тус бүр дээр дэвсгэр хэрэглэдэг учраас өгсөн дэвсгэр нь хоёр гурав хоноод л дуусна. Гэтэл “Одоо байхгүй. 200-гаа ашиглаарай” гэж хэлсэн гэсэн.

Тэгээд бид манайд байж болох бүх нэг удаагийн халатаа хайчилж дуусаад, нэг өглөө үзлэг хийх гэтэл дэвсгэр байдаггүй. Хэдэн сарын өмнөөс цаг аваад, ажлаасаа чөлөө аваад ирж байгаа хүнийг дэвсгэрээс болж буцаана гэж байхгүй учраас би аргаа бараад эмнэлгийн хог хаягдал хаядаг хар, шар хоёр уутны хар уутаа хайчлаад дэвсэж байгаа юм. Үйлчлүүлж буй хүндээ “Яана аа, уучлаарай манай дэвсгэр дуусчихжээ” гээд тайлбарласан л даа.

-Эмнэлэгт үзлэг, шинжилгээнд орохоор ирж буй иргэд үүсээд буй асуудлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Мазокийн шинжилгээг өглөө авч эхлээд, орой 9 цаг 30 минут хүртэл ажиллаад лаборатори ажилладаггүй. Маргааш өглөө нь зарим хүмүүс цаг аваад шинжилгээ өгөх гээд ирдэг. Тэгэхэд нь манай эмнэлгийн бээлий дуусчихсан гэж хэлэлтэй биш “Лаборатори цэрэг татлагатай холбоотой авахгүй, нэг дэх өдөр хүрээд ирэх үү” гээд тайлбарлаад явуулдаг. Зарим хүнд нь үнэхээр үнэнээ хэлэхээр “эмч ээ, би хэдэн сарын өмнөөс цаг аваад, оочерлож орж ирээд,ажлаасаа чөлөө аваад ирж байгаа юм. Би эмийн сангаас очоод бүгдийг нь аваад ирье” гэж байгаа юм. Би яахав тэр хүнийг явуулаад үзэж болно л доо. Гэхдээ ингээд байвал эрүүл мэндийн салбар хөгжихгүй шүү дээ. Бид болгоод байвал “өө эд нар болдог юм байна. Хувь хүнээс нь аваад үзчихдэг юм байна” гэсэн хандлага тогтоно.

-Өмнө нь энэ талаар эсэргүүцэж байсан уу. Ямар нэгэн дарамт шахалт ирж байвуу?

-Өмнө нь дөрөвдүгээр сард ажлаа аваад удаагүй байхад нь би групп дээр пост бичсэн чинь бас загнуулаад бөөн юм болж байсан.Одоогоор намайг дуудаад дарамталсан зүйл бол алга. Хүмүүсийн дам ярианаас сонсоход ер нь дарамталж байсан гэсэн. Өмнөх даргын үед ажиллаж байсан ажилчдаас 10-20 хүн бол халагдсан. Яаж халагдсаныг нь бол би сайн мэдэхгүй байна.

-Цалин хангамжийн тал дээр ямар асуудал үүсч байна вэ?

-Эмнэлэг чинь эмч, хүн хүчээ нэмээд, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй, түргэн шуурхай явагдахад санхүүгээ тийшээ чиглүүлэх ёстой. Гэвч ашиггүй зардал гаргаад бидний цалинг нэмсэн үндэслэлээр “Та нарын нийгмийн даатгалыг төлж чадаагүй, эм эмнэлгийн хэрэгслийг авч чадахгүй байна” гэсэн тайлбар тавиад байгаа нь шал утгагүй санагдаж байна. Миний харж байгаагаар энэ дарга жаахан менежмент муутай юм байна л гэж харж байна. Цаанаа эдийн засгийн ямар нэгэн тооцоо, судалгаа хийдэг юм уу бүү мэд. Өмнөх даргын үед үндсэн цалин бага байсан ч давхар 20 хувь байсан. Гэтэл энэ даргын үед тэр 20 хувийг үндсэн цалин руу оруулчихсан учраас нэмсэн ялгаа байхгүй. Бидний эрүүл мэндийн даатгалыг төлөх боломжгүй, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах боломжгүй байдал үүсч байгаа бол яах гэж нэмсэн юм бол ойлгохгүй байгаа. “E-Mongolia”-аас харахад өнгөрсөн 5 сараас хойш нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан.

-Нийгмийн даатгалын төлөлт тасарснаас үүдэн ямар нэгэн бэрхшээл гарч байна уу?

-Манай ажилчид аппликэйшний зээл авах гэхээр “Боломжгүй байна, манай шаардлагыг хангасангүй” гээд буцаачихдаг. Дээрээс нь тэтгэвэрт гарахад тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй байна гэсэн яриа гарсан. Мөн гадаад руу визэнд орох боломжгүй байна гэсэн. Хөнгөлөлттэй эм авдаг хүмүүс эмээ авч чадахгүй байгаа асуудлууд үүсээд байна.

-Эмнэлгийн удирдлагын хувьд ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байна вэ?

-Эмч нартай ямар ч харилцаа хандлага байхгүй. Орж ирээд загнаад, орилоод эхэлдэг. Жишээ нь, манай ургийн бичлэг хийдэг 3 хяналтын өрөө байдаг. Тэрнийхээ нэгийг сулла гэсэн. Яах гэж байгаа билээ дарга аа гэхэд “Орлогч даргыг суулгана” гэсэн. Жирэмсэн ээжүүд тав тухтай үзүүлэх ерөөсөө хамаагүй, даргыг оруулна гэж байгаа юм. Энэ чинь ганцхан зориулалтаар биш нэгдүгээрт, бид жирэмсэн ээжүүдэд сургалт оруулдаг, даралт ихсэхээр цохилтын тоо авдаг. Дээрээс нь зарим жирэмсэн ээжүүд өглөө шинжилгээ өгөх гэж өлөн гараад муужирч унадаг, энэхүү өрөө рүү оруулж хэвтүүлээд хүчилтөрөгч амьсгалуулдаг зэрэг олон зориулалтаар ашигладаг шүү дээ гэсэн чинь “Та нарын яаралтай тусламж авна гэж юу байдаг юм. Доошоо буулгаад яаралтай руу явуул” гэж байсан. Даралт нь 180 хүрсэн хүнийг босгох юм бол тархинд цус харвах, хүүхэд эндэх зэрэг зөндөө олон хүндрэл үүснэ. Тийм үед бид шууд хэвтүүлээд цохилтын тунгаа аваад, дараагийн тусламж руугаа нацистаар өргөөд шатаар буулгаад яаралтайд шилжүүлдэг. Лифт нь ч стандартын биш. Тэгээд бид тэр хүний хэлснээр даралтыг нь үзэж, цохилтын тунгаа авахгүй яаралтай руу доошоо буулгах юм шиг байна лээ. Замдаа тэр хүн явж байгаад ямар нэгэн хүндрэл өгвөл яах вэ гэдгийг бодохгүйгээр шууд ийм ёс зүйгүй үйлдлийг гаргаж байсан. Бид долоон сарын хугацаанд нөхцөл байдлыг хүлээцтэй харж, маш их тэвчсэн. Үнэхээр аргагүйн эрхэнд өнөөдөр тэсэрч байна.

Г.Балгармаа

0/1000