ИЗНН-ынхан өчигдөр Төрийн ордонд хуралдав. Тус намын удирдах дээд байгууллага болох Үндэсний хороо нь ээлжит бусаар, амралтын өдөр яаран цугласан учраас их л чухал асуудал хэлэлцэхээр шийдсэн байх учиртай. Тэгвэл тэд шөнө болтол хуралдаад намынхаа дэд дарга, гишүүн М.Нарантуяа-Нараг эл албан тушаалаас нь буулгаж, хариуцлага тооцохоор санал нэгджээ. Орон нутгийн сонгуулиар сайн ажиллаагүй гэсэн шалтгаанаар өөр зарим дэд даргадаа ч “хоморгонд” нь хариуцлага тооцсон юм билээ. ИЗНН нийт есөн дэд даргатай гэнэ.
Нара юуг буруу хийж, хаана хариуцлага алдсан юм бол. Тэрбээр нийгмийн сүлжээнд олон дагагчтай, шударга үнэний төлөө дуу хоолойгоо хүргэж яваа нэгэн. Хэл ам ихтэй, заримдаа маш бүдүүлэг үг, харилцаа ч гаргадаг нь үнэн. Мөн гишүүн болсныхоо дараа бараа сурталчилсан лайв хийж, чөлөө мэдүүлэлгүй хил давахаас эхлээд мэдлэг, туршлага дутсан алдаа гаргаж буй. Юутай ч тэрбээр фэйсбүүк хуудас нь 400 гаруй мянган дагагчтай, олонд танигдсан дүр төрх яах аргагүй мөн. Тиймээс УИХ-ын сонгуулийн өмнө ИЗНН болон М.Нарантуяа-Нара нэг баг болж ажилласан юм. Олонд танил нэр нүүрээ ашиглан ИЗНН-ын сонгуулийн сурталчилгаанд ч тэрбээр сайн зүтгэсэн, тиймээс түүнийг дэмждэг олон хүн энэ намд саналаа өгснийг ч үгүйсгэх аргагүй биз. ИЗНН-д жагсаалтаар нийт 75 мянган сонгогч саналаа өгч, дөрвөн хүн УИХ-ын гишүүн болж чадсан юм. Тус намын дарга Б.Батбаатар ч уг бүсгүйн дэмжлэг, нөлөөгөөр УИХ-ын босгыг алхсан. Мөн орон нутгийн сонгуульд ч Нара намын дэд даргын хувиар оролцож, нэр дэвшүүлсэн гишүүдээ дэмжсэн байна. Үүрэг нь учраас аргагүй.
Түүнээс өмнө ИЗНН ямар нам байсан бэ. Энэ бол 2000 онд байгуулагдсан нам. Ардчиллын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэхээр түүний төрсөн дүү С.Оюун уг намыг байгуулж, тэр жилийнхээ нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон билээ. Үүнээс хойш ИЗНН 2016 он хүртэл парламентад тасралтгүй 1-3 суудал авсаар ирсэн цорын ганц гуравдагч хүчний нам байв. Харин уг “буухиа” 2016, 2020 онд тасарсан. Өөрөөр хэлбэл, намын дарга С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр ажиллахаар явсны дараанаас ИЗНН унаж эхэлсэн юм. Учир нь уг нам даргынхаа нэр дээр оршин тогтнож байсан гэхэд болно. Тиймээс л түүнгүй оролцсон хоёр сонгуульд нэг ч суудал авсангүй. Ингээд мартагдаж эхлэв. С.Оюуны үед дэд дарга байсан Ц.Ганхуяг нэг хэсэг намаа удирдаад, АН-аас орж ирсэн Б.Батбаатарт албан тушаалаа шилжүүлсэн юм. Мартагдаж байсан намаа олонд эргэн таниулах, парламентад төлөөлөлтэй болохын тулд Б.Батбаатар дарга нь М.Нарантуяа-Нарад хандсан, түүнд дэд даргын албан тушаалаа санал болгосон аж. Түүний нэр нөлөө, олны танил байдлыг ашиглан намдаа санал авах гэсэн арга. Сонгуулиар үнэндээ бүх л намынхан том, жижиггүй олны танил улс төрч, урлаг, спортынхныг нэр дэвшүүлж, санал авах оролдлого хийдэг учраас үүнийг нь ойлгож болно. Өмнөх хоёр удаагийн сонгуульд бие даан нэр дэвшээд амжилт олоогүй, ганцаараа ажиллаад үр дүнгүй гэдгийг ойлгочихсон байсан учраас Нара ч уг саналыг хүлээн авав. Намын, багийн дэмжлэг, нөмөр нөөлөг түүнд хэрэгтэй байлаа. Ингээд тэд хэн хэндээ харилцан ашигтай хамтарч ажиллаад, үр дүнд нь ИЗНН тасарсан буухиагаа үргэлжлүүлж, намын жагсаалтаар дөрвөн гишүүнтэй болсон байх нь. Тойрогт нэр дэвшсэн хүмүүст өгсөн саналаас гадна зөвхөн намыг нь 75 мянган хүн дэмжсэн аж. Б.Батбаатар зөв хүнээ сонгож, “ашигласан” гэсэн үг.
Ингээд хоёр шатны сонгууль дууссаны дараа Б.Батбаатар М.Нарантуяа-Нарагаас салахаар шийджээ. Гэвч шалтгаан нь үнэхээр инээдтэй. Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганы үеэр ирцээ бүртгүүлчихээд гараад явдаг, ажилдаа хариуцлагагүй хандаж буй гишүүдийг Нара шүүмжилж, нэг цагаас илүү суугаагүй бол тасалснаар тооцох саналыг УИХ-ын даргад гаргасан юм. Энэ үеэр тэрбээр намын даргаа ч хамтатган шүүмжилсэн. “Сөрөг хүчин хийж буй Үндэсний эвсэл, ИЗНН-ын дарга нар нь ирцээ бүртгүүлчихээд гараад явдаг, ерөөсөө хуралдаа суудаггүй. Манай нам сүүдрийн Засгийн газар байгуулна гэж гайхуулаад байх юм. Энэ танхим дотор юу болж буйг мэдэхгүй байж яаж хяналт тавих вэ. Тэгчхээд худлаа попроод яваад байна” гэсэн билээ. Үнэн л үг хэлсэн. Гэвч үүнд нь намын дарга нь ихэд гомдож, шаралхжээ. ИЗНН-ынхан сүүдрийн Засгийн газар байгуулж, 118 гишүүнтэй бүдүүн бүлэгт хяналт тавихаа зарласан. Үүнийг нь басамжилж, өөрийг нь ажлаа сайн хийхгүй байгаад бухимдсандаа шууд л намын дэд даргаас нь яаран огцруулахаар шийджээ. Ер нь бага дээр нь дарж авахгүй бол өөрөө “толгойгүй болох” эрсдэлтэй хүн гэж айсан ч байж мэднэ. Нара өөрийг нь шүүмжилсний дараа сэтгүүлчид Б.Батбаатар гишүүнээс тайлбар асуухад “Бидний дунд асуудал гарсан гэж бодохгүй байна. Нара бол шинэ гишүүн, бид зөвлөж чиглүүлэх гээд яах вэ. Өөрөө аяндаа туршлагажих байх” гэсэн төв хариулт хэлж байснаа хоёр өдрийн дараа гэнэт Үндэсний хорооныхоо хурлыг зарлаад, дэд даргаас нь огцруулчихаж байгаа юм.
Болж өрнөсөн үйл явцын дараа шөнө нь М.Нарантуяа-Нара лайв хийж, энэ бүхнийг олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Энэ намд 75 мянган хүн санал өгсний 50 хувь нь миний нэр нөлөө, дэмжлэгээр ирсэн гэж бодож байна. Сая орон нутгийн сонгуулиар Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-д ИЗНН-ын дөрвөн хүн сонгогдсон. Тэнд нийт 15 хүн нэр дэвшсэн, өөрсдөө хүсэлт тавьсан учраас би очиж лайв хийсэн, дэмжээрэй гэж сонгогчдод уриалсан” гэсэн юм. Бас “Өөрийг нь шүүмжилсэн, намын эсрэг зүйл ярьсан гээд надад хариуцлага тооцсон юм байна. Энэ ердөө эхлэл нь байх. Өнгөрсөн хугацаанд намайг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай хоёр ч удаагийн хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байсан, би хариу тайлбар зэргээ хийгээд уг асуудал өнгөрсөн долоо хоногт дууссан. Яг ажилдаа төвлөрч эхэлтэл ийм зүйл боллоо. Би улс төрийг, намыг сайн мэдэхгүй. ИЗНН-ыг нэр цэвэр, шударга гэж бодож элссэн, уг намыг ялуулахын төлөө бүх боломжоороо зүтгэсэн. Гэвч өчигдөр болсон Үндэсний хорооны хурлын ирц 50 хувь хүрээгүй. Сонгуулиар зүтгэж ажилласан гишүүд нь Төрийн ордонд нэвтэрч чадалгүй гадаа нь үлдсэн. Тэнд Б.Батбаатарын төрсөн ах Б.Батцэнгэл, дүү Б.Батхүү, Б.Батхуяг нар ирчихсэн сууж байсан. Ил харагдаж буй нь тэд. Өөр хэн гэдэг хамаатан, найз нөхөд нь орж ирснийг мэдэхгүй. ИЗНН нэг хүний нам болж байгаа аж. Даргынх нь эсрэг зүйл хэлбэл яаж буулгадгийг дагагчид нь надад харуулж буй юм байна. Үнэндээ шударга ёс, ардчилалгүй, нэрэндээ хайртай хүмүүсээр дүүрсэн нам байжээ” гэжээ.
ИЗНН-ын зарим гишүүн Нараг намаас хөөх санал хүртэл гаргасан сурагтай. Харин УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг нам биш, парламент шийддэг. Эрх мэдэл нь хүрдэг бол ИЗНН-ынхан түүнийг гишүүнээс нь ч эгүүлэн татмаар байгаа бололтой. Тэгэхээр М.Нарантуяа-Нара удахгүй сул гишүүн болж мэдэх нь. ИЗНН-ынхан түүний нэр нүүрийг яг зургаан сар ашиглаад ийнхүү “хаяж” байгаа аж. Гэхдээ Нара бол сул гишүүн байсан ч алзахгүй хүн. УИХ-ын гишүүний ёс зүйд байхгүй зарим алдаа гаргадаг ч тэр засаад, суралцаад явна. Бас сонгуульд нэр дэвшихдээ амласан ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Харин гал цогтой, шулуун шударга, гол нь намынх нь нүүр царай болж байсан гишүүнээ ийм шалтгаанаар хөөж буй ИЗНН-ынхан, намын дарга Б.Батбаатар өөрөө маш жижиг харагдаж байна. Хэнийг даргаар томилох, огцруулах нь энэ намын дотоод асуудал. Гагцхүү өрнөж буй үйл явц, шалтгаан нь үнэхээр жижигхэн харагдуулж байна. Нарагүйгээр тэд сонгуульд ийм амжилт гаргах байсан болов уу. Бас цаашлаад улс төрийн зам нь хэр дардан байх бол. Итгэсэн хүнээ эргүүлээд өшиглөдөг нам, улс төрчидтай хамтран ажиллах хүмүүс олдох уу.