УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээлэлтэй танилцсан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Монгол Улс, Энэтхэг улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэрээг байгуулсан. Энэ ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан ч ажлууд нь үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстой. Үүний гурав нь бүрэн хэрэгжиж байна” гэлээ.
Төслийн ажил удааширсан бөгөөд нэмэлт санжүүжилт шаардлагатай болжээ. Уг асуудлыг Энэтхэгийн талтай зөвшилцөж, УИХ-аар х элэлцээр соёрхон батлуулахад яаравчлах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ярилцсан байна. Тэрбээр танилцуулгадаа үйлдвэрийн болон тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын явц, ажилчдын хотхоны барилгын ажлын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн.
Эхнийх нь дуусах шатандаа явж байна. Тэгвэл хоёр, гуравдугаар багц хэрэгжиж байна. Харин дөрөвдүгээр багцын хувьд санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн. Нийт 431 сая ам.доллараар нэмэгдэх тооцоолол байна. Цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсчээ. Энэтхэгийн “Экзим” банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ. Төслийг 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Иймд нэмэлт санхүүжилтийн гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай” гэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1-4 дүгээр багцын гэрээнүүд яг хугацаагаа барьж ажиллахыг зорьж байгааг албаны эх сурвалжууд хэлж байна. Дөрөвдүгээр багц дээр гэрээ байгуулснаас хойш 36 сарын дотор ашиглалтад өгөх ёстой аж. Учир нь 1.6 тэрбум ам.долларын төсөл зээлийн эх үүсвэрээр санхүүжих учраас аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллах юм байна.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Төсөл огт тасраагүй. Цоо шинэ хүнд аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Дараа дараагийн ийм бүтээн байгуулалтыг эхлэхэд мөн л их хугацаа орно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт замаасаа эхлээд бүх ажлыг шинээр хийж буй. Инженерчлэлийн ажил гэхэд 2-4 жил үргэлжилдэг. ТЭЗҮ боловсруулаад л ажил эхэлдэг гэж ойлгодог. Тус тусдаа 12 үйлдвэрийг байгуулна. Зураг төсөл нь таван үе шаттай байх жишээтэй. Одоогийн байдлаар 251 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулсан. Төслийн явцыг г адаадын компаниуд хянадаг. Энэ санхүүжилт Монголын банк руу орж ирдэггүй. Гүйцэтгэгч нь Энэтхэг улсын компани учраас шууд тухайн компани руу шилждэг” гэв.
М.Мөнх