Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” болон 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөг 2024-2025 оны хичээлийн жилд мөрдөх юм. Шинэчлэгдсэн хуулиар хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулахаар болсон. Энэхүү долоо хоног нь сурагчдын бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Үүний хүрээнд соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ. Танхимын бус хэлбэрт музей, номын сан, үйлдвэрийн газар, малчны хот зэрэг нь багтах юм. 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ.
Нийгэм, ахуйн онцлогт уялдсан ажил зохион байгуулна
Бие даалтын долоо хоногийг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаатай уялдуулан, сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй юм. Үүнтэй холбогдуулан “Боловсролын ерөнхий газар”-аас дараах зөвлөмжийг гаргасан байна.
- Сурагчийн ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, бие даан болон хамтран гүйцэтгэх боломжтой, бүтээлч үйл ажиллагааг дэмжинэ.
- Сурагчдын ачааллыг тооцож, өдөрт бага анги 15-20 минут, дунд болон ахлах анги 30-40 минутаас ихгүй хугацаанд хийх ажлыг төлөвлөнө.
- Аливаа үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамж, хандив зэргээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид дарамт үүсгэхгүй байна.
- Нийгэм ахуйн онцлогтой уялдсан уян хатан үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайлбал, малчин өрхийн хүүхдүүд гэртээ гүйцэтгэх боломжтой ахуй амьдрал, уламжлалт ёс заншилтай холбоотой агуулга бүхий “Малчны нэг өдөр”, “Өвөлжилтийн бэлтгэл”, “Манай намаржаа”, “Миний нутгийн байгалийн үзэмж” зэрэг сэдэв, агуулгын хүрээнд тэмдэглэл хөтлөх, богино бичлэг хийх, зураг дүрс авч бусдадаа танилцуулах байдлаар төлөвлөх боломжтой ажээ.
Бие даалтын долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, бие даан хөгжих, эерэг хандлага, сэтгэлгээгээр бусдад нөлөөлөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох зэрэг хүмүүжил, төлөвшилд гарч буй ахиц, өөрчлөлтөөр тооцох боломжтой юм.
Бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, чиглэл нь сурагчдын нас, сэтгэхүйгээс хамааран харилцан адилгүй байх юм. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газар бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дараах чиглэлийг хүргэж байна.
Монгол Улсын хүүхэлдэйн театр дөрвөн жүжиг тоглоно
Тус долоо хоногт зориулан соёл урлагийн байгууллагууд үзвэрийн хуваарь гаргаад байна. Монгол Улсын хүүхэлдэйн театр аравдугаар сарын 26-30-ны өдөр хүртэл дөрвөн төрлийн жүжиг тоглох юм.
“Пиноккио” модон хүүгийн түүх
- Аравдугаар сарын 26, 28-ны 11:00 цагт:
“Долоон өндөгтэй доголон шаазгай” хүүхэлдэйн жүжиг
- Аравдугаар сарын 27, 30-ны 11:00 цагт:
“Чоно ба долоон ишиг” хүүхэлдэйн жүжиг
- Аравдугаар сарын 28, 30-ны 14:00 цагт:
“Морин хуур” хүүхэлдэйн драм
- Аравдугаар сарын 31-ний 14:00 цагт: