horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Хятадын эдийн засгийн хөгжил удааширч байна

post-img

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр тус улсын эдийн засаг өнгөрсөн оны эхнээс удааширч эхэлжээ. Энэ нь үргэлжилсээр өнгөрсөн сарын сүүлчээр дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4.6 хувиар өссөн байна. Энэ өсөлт өмнөх улирлаас хамаагүй бага бөгөөд Засгийн газрын зорилтоос доогуур үзүүлэлт аж. Сүүлийн үед Бээжин эдийн засгийн өсөлтийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг зарлажээ.

Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийн албан ёсны хэмжүүр таван хувиас доош унасан нь хоёр улирал дараалан буурч, засгийн газрын түгшүүрийг улам бүр нэмэгдүүлэв. Олон улсын валютын сангийн Хятад дахь хэлтсийн дарга асан Эсвар Прасад BBC News-т хэлэхдээ “Засгийн газрын энэ оны өсөлтийн зорилт одоо ноцтой аюулд өртөж байна. Зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтөд ихээхэн түлхэц өгөх шаардлагатай болно” гэжээ.

Харин Moody’s Analytics-ийн эдийн засагч Харри Мерфи Круз илүү өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд “Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ нь жилийн зорилтот тав орчим хувь руу түлхэх магадлалтай ч дээд албан тушаалтнууд тулгарч буй бүтцийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатай” хэмээжээ. Мөн албан ёсны тоо баримтаас харахад шинэ орон сууцны үнэ есдүгээр сард сүүлийн 10 жилд байгаагүй хурдацтай буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт улам бүр дордож байгааг харуулж байна. Хятадын томоохон эдийн засагч Линн Сонг “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл Хятадын өсөлтөд хамгийн том саад болж байгаа нь гайхмаар зүйл биш. Үнэ тогтворжиж, орон сууцны нөөц буурах хүртэл шинэ хөрөнгө оруулалт сэргэх магадлал багатай” гэж тэр хэлэв.

Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудад зээл олголтыг нэмэгдүүлэхийг уриалсан хурал хийжээ. Өнгөрсөн сард Хятадын Ардын банк цар тахлаас хойших тус улсын хамгийн том урамшууллыг зарласан бөгөөд үүнд зээлийн хүү болон орон сууцны зээлийн хүүг их хэмжээгээр бууруулсан байна. Энэхүү төлөвлөгөөнд хөрөнгийн зах зээлийг дэмжих, банкуудыг аж ахуйн нэгж, иргэдэд илүү их зээл олгохыг дэмжих арга хэмжээ багтжээ. Түүнээс хойш Сангийн яам болон бусад төрийн байгууллагууд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цаашдын төлөвлөгөөг танилцуулсан. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон өмч хөрөнгийн хямрал, мөн хэрэглэгчдийн болон бизнесийн итгэл сул зэрэг олон сорилттой тулгарчээ.

Л.Мөнхнар

0/1000