horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Э.Нямаа: Халаасны хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн

post-img

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Нямаатай гар утасны хулгайн талаар ярилцлаа.

-Халаасны хулгайн гэмт хэргийн хэдэн хувийг нь гар утасны хулгай эзэлдэг вэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн 93 хувийг гар утасны хулгай, үлдэх хувийг хэтэвч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат болон бусад эд зүйл эзэлдэг.

-Халаасны хулгай Монголд хэдий үеэс эхэлж дэлгэрсэн гэж үздэг юм бол. Тэр дундаа гар утасны хулгайн тухайд онцолбол?

-Хулгай хүний нийгмийн аль ч цаг үед байсан бөгөөд цаг үеийнхээ хөгжлийг дагаад төрөл, арга хэлбэр, халдлагын зүйл нь хувьсан өөрчлөгдөж байдаг. Хулгайн гэмт хэрэг манай улсад малын, тээврийн хэрэгслийн, орон байрны, халаасны гэсэн төрөл хэлбэртэй байна. Халаасны хулгай нь зах, худалдаа наймаа, зээлийн газрууд, хүн ихээр төвлөрсөн цэгүүдэд монгол дээлийн өврөөс хөөргийг нь, бүснээс нь хэт хутгыг нь, монгол гутлын түрийнээс нь гаансыг нь хулгайлах байдлаар үйлдэгдэж “Өвөр түрийний хулгай” гэдэг нэрээр 1920-иод оны үеэс анх бүртгэгдэж эхэлсэн юм билээ.

1950-1980-аад оны үеэс түрийвчний хулгай газар авсан. Тухайн үед бэлэн бус төлбөр, тооцооны хэрэгсэл байгаагүй. Хүмүүс бэлэн мөнгөө түрийвчиндээ л авч явна.

Түрийвчээ хувцасныхаа халаасанд л хийдэг, халаасны хулгайч нар түүнийг нь хулгайлдаг. Харин гар утсыг 1997 онд анхны үүрэн оператор Мобиком корпораци зах зээлд нэвтрүүлж худалдаанд гаргаж эхэлсэн. Энэ үеэс л халаасны хулгайн гэмт хэргийн гол объект буюу халдлагын зүйл нь гар утас руу шилжсэн байдаг. Гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байхаа болиод нийгмийн харилцаанд оролцох гол төхөөрөмж, үнэт зүйл болсон. Утсан дээр хүний амьдралын сайн сайхан дурсамжууд, дуу дүрс бичлэг, гэрэл зураг, бусад олон төрлийн хувийн мэдээлэл хадгалагддаг. Хамгийн чухал нь банк санхүү, данстай холбоотой мэдээллүүд байдаг. Утсан дээрээ чухал программуудыг татаад түүгээрээ ажлаа амжуулдаг хүн утсаа алдчихвал өдөр хоногоор хохирол нь шууд бусаар тооцогдоод явна.

-Он гарснаас хойш гар утасны хулгайн хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны III улирлын байдлаар 3300 орчим халаасны хулгайн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 934 гомдол дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж 180 орчим хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоон, хохирлыг барагдуулах ажил хийгдэж байна.

-Гар утасны хулгайн хэдэн хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна вэ?

-Гар утасны хулгайн 93 хувь нь нийслэл хотод, 5-7 хувь нь орон нутагт үйлдэгддэг. Аймаг, сумдын ойн баяр наадмын арга хэмжээ тохиогоод газар газраас олон хүн цугладаг шүү дээ. Яг тэр үеэр хулгайч нарын бүлэг зохион байгуулалтад орж аймаг, сум орон нутаг дамжин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.

-Ямар үед хүмүүс гар утсаа хамгийн ихээр алддаг талаар судалгаа бий юу?

-Халаасны хулгай гэмт хэрэг идэвхждэг үе гэж бий. Судалгаанаас үзэхэд цагаан сар, улсын баяр наадам, хичээлийн шинэ жил эхлэх үеэр хулгайн гэмт хэргийн гаралт өсчихдөг. Ерөнхийдөө хүн олноор цугласан газар энэ төрлийн үйлдэгддэг гэсэн үг. Цагдаагийн байгууллагаас гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн төвийн 103 автобусны буудлыг камержуулах ажлыг өнгөрсөн жил “Бодь электроникс” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нэлээдгүй үр дүнгээ өгч байгаа. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хүний оролцоог багасгах, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах хүрээнд Нийслэл хотыг камержуулж “Ногоон бүс” болгох ажлыг хоёр үе шаттайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэж байна. Энэхүү ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Халаасны хулгайн гэмт хэрэг камерын бичлэгээр илэрдэг, нотлогддог, шүүхээр тухайн этгээдийн гэм буруу нь тогтоогддог онцлогтой. Тэгэхээр камержуулалт асар их ач холбогдолтой.

-Халаасны хулгайчид ямар арга хэлбэрээр хэргээ үйлддэг вэ, ихэвчлэн бүлэг зохион байгуулалтад орсон байдаг гэж сонссон?

-Энэ оны 10 дугаар сарын байдлаар 58 этгээдэд холбогдох 159 хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ 58 хүн дотор анх удаа гэмт хэрэг үйлдсэн ганц ч хүн байхгүй, бүгд өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд, ял шийтгэгдэж байсан этгээдүүд байна. Эдгээр хүмүүс дотор бүлэг зохион байгуулалтад ороод хулгай хийдэг хэлбэр ч бий, дангаараа хулгай хийдэг хэлбэр ч бий. Манай улсын Эрүүгийн хуульд бүлэг зохион байгуулалттай гэдгийг товчхондоо гурав ба түүнээс дээш этгээдийн зохион байгуулалттай үйлдлийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, нэг нь анхаарлыг нь сарниулж шахаж, түлхэж, ёворч саад үүсгэнэ, хоёр дахь нь хулгайлан авч гурав дахь этгээддээ дамжуулж өөрөөсөө холдуулах байдлаар бүлэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Хохирогч ямар нэг байдлаар мэдмэгцээ хулгайлсан этгээдийг барьж аваад нэгжихээр биед нь утас байдаггүй болохоор явуулчихдаг. Гэтэл яг үнэндээ хулгайлаад дамжуулчихдаг.

-Гэмт этгээдүүд хулгайлсан гар утсаа хэрхэн зарж борлуулж, ашигладаг вэ?

-Гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснууд ченжүүдээр дамжин сэлбэг засварт ашиглагдах, эсвэл улсын хилээр гадагш гаргах, эсвэл мэдээллийг устгаж дахин зах зээлд худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу дөрвөн удаагийн үйлдлээр хил гаргахыг завдсан айфон, самсунг загварын 42 гар утсыг хураан авч хохирогчдыг тогтооход Плэй тайм хөгжмийн наадам, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Номын баяр, бусад үзэсгэлэн худалдааны үеэр иргэдийн хулгайд алдагдсан гар утаснууд болох нь тогтоогдсон юм. Тэдний дунд утсаа алдаад цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй хүмүүс ч байсан. Улсын хилээр гаргадаг шалтгаан нь ОХУын тодорхой иргэдээс жишээ нь хар өнгөтэй Iphone 14 pro max загвараас таван ширхэг гэх мэтээр захиалга өгдөг юм байна, түүнийг тус улсын буриад иргэд Монголд орж ирээд Теди, Монтел төвийн гадна “утас авна, зарна” гээд байж байдаг ченжүүдээс цуглуулж худалдан авч хил гаргадаг нөхцөл байдлыг өнгөрсөн сард хийсэн шалгалтын үр дүнд тогтоосон. Цуглуулсан утсаа хил гаргахдаа Улаанбаатар Улаан-Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Alphard” маркийн машины жолооч нарт хөлсийг нь төлж хил гаргуулдаг байна. Ийм байдлаар гэмт хэргийн замаар алдагдсан нэлээдгүй тооны гар утас улсын хилээр гарчээ гэж дүгнэж байна. Нөгөө хэсэг нь сэлбэг засварт ордог. “Iphone” брэндийн сүүлийн үеийн гар утасны эх хавтан /mother board/-аас бусдыг нь бүгдийг нь ашигладаг. Эх хавтан нь тухай утасны уураг тархи, үйлдвэрлэгчээс суурилуулж өгсөн давтагдашгүй дугаар бүхий IMEIкодын мэдээллүүдийг агуулдаг. Өөрөөр хэлбэл, гар утасны ой санамж уураг тархи гэсэн үг. Хулгайн гар утаснуудын зарим хэсгийнх нь доторх мэдээллүүдийг устгах буюу хар ярианы хэллэгээр “базаж” дахин зарж борлуулдаг. Энэ мэтээр халаасны хулгайд алдагдсан гар утаснууд эдийн засгийн эргэлтэд орж байна.

-ОХУ-аас өөр ямар улс руу хулгайлагдсан утас ихэвчлэн гардаг талаар мэдээлэл байгаа юу?

-Бид ОХУ руу гардаг гэдгийг тогтоосон. Урд хөрш БНХАУ руу бас гаргадаг мэдээлэл бий, энэ талаар судалгааны ажил хийгдэж байгаа. Мөн Турк рүү гардаг гэсэн мэдээлэл байдаг. Ийм тохиолдлыг бид одоогоор тогтоогоогүй байна. Зарим иргэд “Find my phone”, location апп-ээ идэвхжүүлсэн үедээ алдсан тохиолдолд “утасны маань байршил заагч БНХАУ-ын Эрээн хот, Шилийн гол, Баяннуур аймагт заагаад байна. Энд шалгалтын ажиллагаа явуулж болохгүй юу” гэсэн хүсэлтүүд ирдэг. Тэгэхээр яах аргагүй ОХУ болон БНХАУ руу гардаг гэсэн үг.

-Гар утсаа алдсан зарим хүн Цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй юм байна лээ?

-Мэдэгдэхгүй байх тохиолдол их байна. Та утсаа алдсан л бол цагдаагийн байгууллагад бүртгүүлчих хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын зүгээс алдагдсан гар утсыг гэмт хэргийн мэдээллийн сандаа IMEI кодоор нь бүртгэдэг, уг мэдээллийг мөн “102 Police” аппликэйшн болон “E-Mon golia” системд байрлуулдаг. Тиймээс иргэд хуучин гар утас худалдах авах тохиолдолд гэмт хэргийн замаар алдагдсан болон гээгдүүлсэн гар утас эсэхийг дээрх системд нэвтрэн орж харах боломжтой.

-Утсаа алдсан чинь банкны данснаас мөнгийг нь гаргаад авсан байна, өмнөөс нь зээл авсан гэх мэт мэдээлэл олон нийтэд цацагддаг. Ямар аргаар иргэдийн хувийн мэдээлэлд нэвтэрч байна вэ?

-Иргэд маань утасны дэлгэцийн нэвтрэх кодыг санахад амархан гэдэг утгаар 0000, 1234, 1111, 2222, 3333, … гэх мэт цифрээр түгээмэл кодолдог. Гэтэл энэ тоонуудыг хулгайч хамгийн түрүүнд туршиж үздэг. Иймэрхүү код хийх нь “миний мэдээллийг ав” гэж зөвшөөрснөөс өөрцгүй. Мөн гар утсаа алдсан иргэдэд lost mode тохиргоонд бүртгэгдсэн утасны дугаар болон ашиглаж байсан эзэмшигчийн утасны дугаарт apple support-оос “Таны алдагдсан iphone 14 олдсон байна. Байршлыг харах:…” гээд линк явуулдаг. Тухайн хүн утасны байршлаа харна гэж ойлгоод уг линк рүү нэвтэрч APPLE ID нэвтрэх нэр, нууц үгээ оруулчихдаг, ингээд гэмт этгээдэд утас, и-мэйл, бусад мэдээлэлд нэвтрэх замыг нээж өгдөг. Үнэндээ энэ таны нэвтрэх нэр, нууц үгийг авах зорилготой хуурамч линк /фишинг/юм. Ийм арга замаар утсанд нэвтэрдэг, дараа банкны аппликэйшн рүү тань орно, нууц үгийг мэдэхгүй учраас “нууц үг сэргээх” цэсийг ашиглаж утсанд ирсэн нэг удаагийн кодоор нэвтэрч гүйлгээний нууц үгийг тань төвөггүйхэн өөрчилчихнө. Ингээд л эзнийх нь өмнөөс хувийн мэдээлэл болон дансыг ашиглах удирдаад явах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс дэлгэцийн нэвтрэх кодыг хялбар тоогоор кодлохгүй байх, apple support-оос “Таны алдагдсан iphone 14 олдсон байна. Байршлыг харах:…” гэсэн хуурамч линк рүү орохгүй байх хэрэгтэй.

-Гар утас хулгайлсан этгээдэд ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн 17.1.1-д “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан бол нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, мөн хорих ял оногдуулах”-аар заасан. Гэхдээ халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ихэвчлэн зорчих эрх хязгаарлах, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулж байна. Энэ төрлийн ял шийтгэл нь цээрлүүлэх үр нөлөө багатай байгаагийн гол үзүүлэлт бол ийм хэргийг үйлддэг этгээдүүд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа ч тэр, прокурор, шүүхийн шатанд шилжсэн үедээ ч тэр бусдын гар утсыг хулгайлсаар байдаг явдал юм. Тухайлбал, гэмт этгээдийн хэрэг нь шүүхээр шийдэгдэх гэж байтал дахиад бусдын гар утсыг хулгайлдаг. Энэ тохиолдолд хуульд зааснаар нэг этгээдэд холбогдох хэд хэдэн хэргийг нэгтгэн шалгаж, шүүхээр шийдвэрлэх шаардлага үүсдэг. Энэ нь шүүгдэгч, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуульд тусгасан зохицуулалт юм. Мөн Улаанбаатар хотод төрж өссөн, нийслэл хотод хулгайн гэмт хэрэг үйлдэж амьдардаг этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт “Улаанбаатар хотоос гадагш гарахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгаа нь тухайн этгээд цээрлүүлэх үр нөлөө үзүүлэх үү, ядаж тухай этгээдийн амьдардаг гудамж, хорооноос гадагш гарахыг хориглох ял оногдуулсан бол илүү үр нөлөөтэй байх ёстой. Үүнд хууль тогтоох байгууллага, прокурор, шүүх анхаарал хандуулах цаг болжээ.

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр олон талын судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд тусдаа зүйлчилж зохицуулан мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж байна, гэтэл жилд 4000- 5000 хүн өртөж хохирдог, хор хохирол ихтэй, нийгмийн харилцаанд ордог хамгийн чухал мэдээллүүдийг агуулсан харилцаа холбооны төхөөрөмж болсон гар утсыг хулгайлсан тохиолдолд оногдуулах хариуцлага хөнгөн, нарийвчилсан зүйл, зохицуулалт алга байна. Тиймээс Эрүүгийн хуульд “Бусдын хувцаснаас, цүнхээс, гар тээшнээс эд зүйл хулгайлсал бол…” ийм ял шийтгэнэ гэж халаасны хулгайн гэмт хэргийг тусад нь зүйлчилж, ялын бодлогыг нь эргэж харах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн байна. Мөн халаасны хулгайн үйлдэлд яг ямар үйлдлийг хамааруулан ойлгох талаар Улсын дээд шүүхийн тайлбар тогтоол гаргуулж энэ төрлийн гэмт үйлдлийг нэг мөр ойлгож мөрдөх шаардлага байна. Энэ талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад саналаа тайлбарлаж, танилцуулаад ажиллаж байгаа.

Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр хөрш орнуудын эрүүгийн хуулийг судлахад ОХУ-ын Эрүүгийн хуулийн 158-р зүйлийн 2 дахь хэсгийн /Г/, БНХАУын Эрүүгийн хуульд мөн халаасны хулгайн гэмт хэргийн зохицуулалтыг тусад нь хуульчилж ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан байна. Манай улсын Эрүүгийн хуульд нарийвчилсан зохицуулалт оруулж ялын бодлогыг чангатган хуульчилбал энэ төрлийн гэмт хэрэг багадаа 50 хувиар буурч жил бүр гар утсаа хулгайд алддаг олон мянган иргэний өмчлөх эрх Эрүүгийн хуулиар баталгаатай хангагдах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байна.

Ө.Анхзаяа

0/1000