“Монгол марк-100” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Байгалийн түүхийн музейд боллоо. Энэ үзэсгэлэнг Филателийн холбоо болон хувь марк цуглуулагч нар хамтарч гаргаж байгаа юм. Үзэсгэлэнд 10 хүний 600 орчим маркийг дэлгэжээ. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Аргал” нэртэй маркийг худалдаанд гаргаж буйгаа танилцуулав. Энэхүү марк өнөөдрөөс эхэлж, шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байна. Мөн ирэх сарын 23-наас 100 жилийн ойн маркийг гүйлгээнд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Монголын Филателийн холбооны тэргүүн Ч.Энхбат “Өнөөдөр Монгол улсад анхны марк үүсэж хэрэглээнд нэвтэрсэн 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Монголын марк хэрхэн гүйлгээнд гарч, ямар түүхтэй дэлхийн дахинаа тархсан марк энэ үзэсгэлэнд тавигдсан. Үзэсгэлэнд 10 хүний 600 гаруй цуглуулга тавигдсан. Манай марк цуглуулагч нар тив дэлхийн олон үзэсгэлэнд оролцож, олон медалийг эх орондоо авч ирж байсан” гэдгийг онцолж хэлсэн юм.