Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн албан ёсны нэгдсэн дүнг СЕХ-ноос зарлаад байна. МАН-ынхан 14, АН долоон аймагт олонх болсон. Орон нутгийн өөрөө удирдах хамгийн том эл шатны сонгууль нийт 796 мандаттай байсан юм. Үүнээс МАН 449, АН 340, ХҮН нам Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн ИТХ-д тус бүр нэг төлөөлөлтэй болсон аж. Хэдийгээр сонгуулийн дүнгээс үзэхэд голдуу МАН, АН л “хувааж” авсан байгаа ч тэр дунд зарим содон өөрчлөлт гарсныг харж болно. Уг сонгуульд нийт 10 нам, хоёр эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17 278 хүн 8031 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдсөн. Эдний дотор нийт 267 хүн бие даан нэр дэвшсэн аж. Тэд сонгуульд ямар амжилт гаргасныг сонирхуулъя. Бие даагчдын 84 нь эмэгтэй, 183 нь эрэгтэй хүн байжээ.
Аймгийн ИТХ-д гуравдагч хүчний намуудаас ганц ХҮН л гурван төлөөлөлтэй болсныг дээр дурдсан. Бусад намд боломж олдсонгүй. Гэтэл сонгогчид бие даагчдад улс төрийн намаас илүү итгэжээ. Нийт гурван аймагт дөрвөн бие даагч сонгогдсон нь үүнийг харуулж буй юм. Тодруулбал, Дархан-Уул аймгийн ИТХ-д О.Энхзаяа хэмээх бүсгүй ялалт байгуулсан байна. Тэрбээр өмнө нь тус аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Мөн Завхан аймгийн ИТХ-д Г.Батцэнгэл, Өмнөговьд Б.Тэнгис 32, Увсад М.Отгонпүрэв, Р.Баасанхүү нарын бие даагч сонгогджээ. Түүнчлэн 21 аймгийн 330 сумаас гуравт нь бие даагчид олонх болсон нь тун сонирхолтой үр дүн байгаа юм. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Жаргалант, Чандмань-Өндөр сумд бие даагчид олонх болсон юм байна. Жаргалант сумын ИТХ нийт 25 суудалтай, үүнээс 15-д нь бие даан нэр дэвшигч сонгогдов. Бүрэнтогтох сумын ИТХ-ын 21 суудлын 12, Чандмань-Өндрийн мөн ийм тооны төлөөллийн 17 нь бие даагч болжээ. Үүнээс гадна Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-д МАН болон бие даагчид тус тус найман суудал авч тэнцсэн байна. Тус сумын ИТХ нийт 21 суудалтай бөгөөд үлдсэн таван төлөөлөл нь АН-ын гишүүн юм билээ.
21 аймгийн 330, нийслэлийн есөн дүүргийн 7235 мандатаас 86-г нь бие даагчид авсан юм байна. Гэхдээ нийслэлийн есөн дүүргийн ИТХ-д нэг ч бие даагч сонгогдсонгүй. Сумын иргэд л нам бус хүмүүст илүү итгэсэн аж. Хэдийгээр нийслэлийн аль ч шатанд бие даагч сонгогдоогүй ч нийт мандатын 1.2 хувьд нь “намгүй хүмүүс” иргэдийг төлөөлөхөөр болсон гэсэн үг. Улсын хэмжээний шат шатны ИТХ нийт 8031 мандаттай байсан. Үүний дөнгөж 0.5 хувьд нь гуравдагч хүчний төлөөлөл сонгогдсонтой харьцуулахад бие даагчид хоёр дахин илүү байна. Тэгэхээр сонгогчид гуравдагч хүчний намуудаас илүү бие даагчдыг дэмжсэн байх нь. Гэхдээ ямар хүмүүс бие даан өрсөлддөг вэ. Тэд үнэхээр намгүй хүмүүс мөн үү.
Намаасаа мандат авч чадаагүй гомдсон, “шахагдсан”, шаралхсан хүмүүс голдуу сонгуульд бие даан нэр дэвшдэг бичигдээгүй хууль байдгийг мартаж болохгүй. Ямар ч улс төрийн намд элсэж байгаагүй, цэвэр бие даагч эдний дотор тун бага хувь эзлэх байх. Олонх болсон сумдад ялалт байгуулсан бие даагчид нь АН-ын угшилтай хүмүүс гэнэ. Ер нь сонгуулийн дүн МАН, АН-д хуваагдсан, дундуур нь гарч ирсэн 86 бие даагчийн дийлэнх нь эдгээр намын экс гишүүн байгаа болов уу. Орон нутагтаа танигдчихсан, зарим нь ИТХ-даа төлөөлөгч байсан хүмүүсээ л иргэд сонгосон гэхэд болно. Юутай ч намаас үл хамаарч өрсөлдөөд тэд ялалт байгуулж чадсан нь өөрөө улс төрд шинэ үзэгдэл болж буй юм.
Харин бие даагчид олноор сонгогдох, тэр тусмаа олонх болохын давуу, сул тал юу вэ. Тэдэнд нэгдсэн бодлого байхгүй. Энэ бол хамгийн том сул тал. Бие даагч бүр тус тусын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн өрсөлдсөн байгаа. Намын гишүүдэд нэгдсэн бодлого, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр бий. Харин өөрөө өөртөө эзэн болсон бие даагчид хамтарч, нэгэндээ буулт хийн нэгдэж ажиллах чадах уу. Эсвэл олонх болсон сумын ажлыг цалгардуулж, тал тал тийш хараад суух уу гэсэн эргэлзээ бий. Аль нэг намд харьяалагдахгүй, тэр тусмаа ээлжлэн эрх барьдаг МАН, АН-аас хараат биш учраас бие даагчид зоригтой дуугарч чадна. Харин энэ хэтэрхий эрх чөлөөгөө хазаарлаж, яах гэж ИТХ-д сонгогдсон зорилгоо ухамсарлан, нэгдэж ажиллах нь л чухал байна. Бас намын бус, өөрийнхөө нэрээр сонгогдсоныхоо дараа “төрхөмдөө буцчихвал” сонгогчдын итгэлийг алдана. Учир нь аливаа шатны сонгуулиар намаасаа түр гарч, бие даан өрсөлдөж сонгогдсоныхоо дараа буцаад оччихдог жишээ олон бий билээ. Юу болохыг харж байя.