Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИН
Бүсүүдийн хөгжлийн тулгамдсан гол асуудал нь дэд бүтэц, эрчим хүч гэдгийг чуулганд оролцогчид онцоллоо
- 2024/10/28

- 42 өдрийн өмнө

- 7 мин уншина

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.

Чуулганыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ. 2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн.

Цаашид Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо дараахь гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлбол илүү чухал. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Тиймээс эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсч байгаа учир үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш, угтаж гүйцэх болно. Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1.062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно. Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт буюу AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж байна” гэв.

ААН-ҮҮДИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ГАРГАХАД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

Чуулганы үеэр хүрэлцэн ирсэн зарим хүмүүсээс бүс бүсийн хөгжил цаашид хэрхэн явагдах талаар тодрууллаа.

Улаанбаатар бүс

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Тэгэхээр дэд бүтцийн асуудал чухал. Улаанбаатар хотыг 14 хот болгож байгаа. Үүнийгээ дагаад дэд бүтэц шийдэгдээд явна байх. Ирэх оны төсөвт утаа, түгжрэлийг бууруулах чиглэлд нэлээд их хөрөнгө тусгаж өгсөн байгаа. Наанадаж баруун бүсээс зүүн бүс хүртэл Туул голыг дагасан хурдны зам баригдана. Нэмээд тойрог замын ажлууд эхэлнэ. Бээжин хот зургаан тойрог замтай. Үүнтэй адилхан Улаанбаатар хот тойрог замаа эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Манай зарим салбар төрийн дэмжлэгтэй явдаг. Зарим нь дарамтан дунд явж байна. Нэг тийм давхар стандарттай тогтолцоо явж байна. Энэ нь том зургаараа манай улсын зах зээлийг гажуудуулаад байгаа юм. Зах зээлд гажуудалд орчихоод бүх аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнийг бууруулдаг. Өрсөлдөөн сайжрахгүй эсрэгээрээ буураад байхад бид яаж зах зээлээ гадагшаа гаргах тухай ярих билээ. Тэгэхээр үүнийг уг сууриар нь өөрчлөх, засах хэрэгтэй. Цаашдаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудад яаж гадны зах зээл рүү орох вэ гэдэг боломжийг нь бид нээж өгөх хэрэгтэй. Гол яриад байгаа зүйл бол экспорт шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд нь хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Дэмжихгүй юм гэхэд саад болохгүй байх хэрэгтэй. Саад болж байгаа бүх асуудлыг нэн тэргүүнд шийдэхэд анхаарах шаардлагатай байна.

БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, МАЛ АЖ АХУЙН САЛБАР БАЙНА

Зүүн бүс

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Зүүн бүс түүхэн аялал жуулчлалын тэргүүлэх бүс байгаа. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр дэд бүтэц болон хөгжихөөр төлөвлөсөн. Ингэж хөгжихийн тулд хамгийн чухал нь тээвэр ложистикийн зөв төлөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, боомтуудын сэргэлт, бүсүүдийг автозамаар холбох, гадаад зах зээлтэй холбосон дэд бүтэц байгуулах зэрэг асуудал чухал байна. Монгол Улс бол далайд гарцгүй төв Азийн өндөрлөгт оршдог орон. Энэ утгаараа гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах, бүсдээ өрсөлдөхөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол тээвэр, ложистик. Энэ нь нэг ширхэг бараа бүтээгдэхүүний үнийн 20-30 хувьд нөлөөлж байна. Тиймээс тээврийн зардлыг бууруулах нь манай улсын нэн тэргүүний сорилт.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Эрчимжсэн хөдөө аж ахуйн салбар зүүн бүсэд хүчтэй хөгжих хэрэгтэй. Зүүн бүсийн хувьд Монгол Улсын эдийн засгийн ДНБ-ий 4.3 хувийг эзэлдэг. Салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуйн салбар 17.2 хувийг эзэлдэг. Үүнээс харвал зүүн бүсийн иргэдийн амьжиргааны гол тулгуур бол мал аж ахуй. Тиймээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэх аймгууд бэлчээрийнхээ давуу талыг ашиглах, малын үүлдэр угсаагаа илүү чанаржуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр зүүн бүсийн мал аж ахуйн салбар яагаад өндөр байна гэхээр нэг малаас авч байгаа ашиг шим бусад бүсүүдтэй харьцуулахад хэд дахин өндөр байдаг. Тиймээс энэ бүсэд энэ үзүүлэлтээ улам нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх суурь хангалттай байна гэж харж байгаа.

ХАНГАЙН БҮС

Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид:

-Бүсчилсэн хөгжлийн асуудлыг яриад жил хүрэхгүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал маш эрчимтэй хэрэгжиж эхэлж байна. Үүний хамгийн том жишээ бол УИХ-ын сонгуулиа бид бүсчилсэн байдлаар анх удаагаа явууллаа. Тэгэхээр цаашид УИХ-ын гишүүд дан ганц аймгийн, эсвэл хэсэг сумын асуудлыг яриахаас илүү эдгээр сум, аймгууд хамтраад юу хийж болох вэ, яаж хөгжих вэ гэдгээ ярьж эхэлнэ гэдэг бол маш том давуу тал гэж бодож байгаа.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан:

-Хангайн бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбар бол мэдээж аялал жуулчлал, дараа нь мал аж ахуйн салбар байгаа. Байгалийн цогцолбор бүхий түүхийн олон сайхан дурсгалт газруудтай. Мөн энэ бүс нутагт 16 сая мал бий. Энэ утгаараа хангайн бүсийн цаашдын хөгжлийн гол тулгуур бол энэ хоёр салбар яах аргагүй мөн. Тэгэхээр энэ салбаруудаа бүс дундаа хэрхэн нэгтгэх вэ, яаж хамтрах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ингэхийн тулд мэдээж хамгийн түрүүнд дэд бүтцээрээ бид холбогдох шаардлагатай байгаа. Манай аймгийн хувьд Өвөрхангай аймагтай автозамаар холбогдчихсон. Харин одоо Архангай аймагтай хоёр ч маршрутаар холбогдох боломж бий гэж харж байгаа. Эдгээр ажлуудаа бид эхлээд хийх шаардлагатай. Тэгж байж нэгдмэл, нягт холбоотойгоор бүсийн хөгжлөө авч явна.

ГОВИЙН БҮС

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Чуулганд оролцож, Говийн бүс нутаг хэрхэн экологийн доройтолд орсон талаар ярьж, гадаргын усыг татах, говийг усжуулах төслүүдийг яаралтай эхлүүлснээр цөлжилтийн эсрэг болон говийн эко системийг алдагдуулахгүй байх гол ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Говийн гүний цэнгэг ус бол 5-6 мянган жилийн дараа сэргээгддэг гэдгийг эрдэмтэн судлаачид сануулсаар байна. Гэвч баяжуулах үйлдвэрт секунд тутамд хэдэн зуун литрээр хэмжигдэх цэнгэг усыг хайр гамгүй хэрэглэж байгаа нь говийн бүс нутагт нүүрлэж байгаа хамгийн том аюул юм. Энэ талаар бүхий л түвшинд хэлж ойлгуулах, санал санаачилгаа танилцуулах ажлыг олон жил хийж байгаагийн хувьд өнөөдрийн чуулганд мөн өөрийн байр сууриа илэрхийлэн оролцлоо.

БАРУУН БҮС

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг Улаанбаатар хотынхоос 10 дахин бага байх хуулийг 2017 онд санаачлан батлуулсан. Одоо хэрэгжиж байгаа энэ хууль бол өнөөгийн Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг бууруулахын зэрэгцээ хөдөө, орон нутгийн хөгжлийг бодитой дэмжсэн. Энэ мэт нийслэл хотын асуудлыг шийдсэн нөгөө талдаа хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлогуудыг энэхүү бүсчилсэн хөгжлийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Баруун бүсийн хувьд аялал жуулчлал, мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч гээд олон салбарт хөгжих боломжуудаа эхнээс нь бодитой ажил болгоод явж байна. Цаашид бүсүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж явах болно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бүсүүдийн хөгжлийн хамгийн чухал зүйл бол хүний нөөц. Бүсчил сэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүсэд хэвтээ болон босоо тэнхлэгийн автозамуудыг барьж байгуу лахаар ажиллаж байгаа. Мөн баруун бүсэд аялал жуулчлалыг маш сайн хөгжүүлэх ёстой. Хөгжүүлэхийн тулд эхлээд босоо болон хэвтээ тэнхлэгийн автозамуудыг байгуулах шаардлага бий. Мөн үйлдвэрлэл эрхлэх боломж сайжирна. Энэ оны 12 дугаар сарын 20 гэхэд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэн орно. Үүний үр дүнд нийт 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар ч татваргүй экспортлох боломж бүрдэнэ. Тиймээс энэ хүрээнд баруун бүсэд жижиг дунд маш олон үйлдвэрийг барьж байгуулах боломж харагдаж байна.

Э.Мөнхтүвшин

- Шинэ
- Хандалттай