Хүн энэ хорвоод ирэхдээ бурхнаас ч юм уу ямар нэг даалгавар, өгөгдөлтэй ирдэг юм шиг санагддаг юм. Гэхдээ хүн бүрд хувь зохиол, заяа тавилан гэж өөр өөр л дөө. Тэгвэл энэ Зууны манлай, алдарт дуучин Б.Зангад гэдэг хүн дуулах л гэж энэ хорвоогийн аз жаргал, амьдралын түмэн өнгийг хөх тэнгэр, хөрст дэлхийн уужим зайд ая эгшгийг ундруулах гэж ирж дээ гэж бодогдов. Б.Зангад гуайн бага, балчир насаа өнгөрүүлсэн Ховд нутгийн уул ус нь түүнийг дуулахуй дор өндөлзөж байдаг л байх. Зангадыг дуулахад хүн бүхэн уугуул нутаг орноо санан дурсах, үгүйлэн бодох мэдрэмж төрдгийн гадна дууг нь сонсон бүхнийг мөрөөдлийн их далайд умбуулах шиг болдог юм. Түүний тухай нэгэн эш таталбар уншиж байснаа санаж байна.
Энэхүү бодол юунаас төрөв гэвэл уржигдархан Монгол Улсын филармонийн концертын саруул танхимд болсон “Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадын “Тунгалаг буянт” дуу дуулсны 70 жил “Ая дуу, айзам эгшгийн ноён сүмбэр оргил” шинэ номын нээлт, ёслолд оролцох агшинд төрсөн юм л даа.
Энэ ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс алдарт дуучин Б.Зангад гуайд ирүүлсэн илгээлтэд,
-Хоёр зууны дамжсан олон арван жил Монголын дууны урлагт таны оруулсан асар их хувь нэмрийг үгээр хэлээд баршгүй юм гээд урын сандаа 500 гаруй дууны арвин их нөөцийг бий болгож 70 гаруй жил өвөрмөц уянгалаг сайхан хоолойгоороо ард олноо дайлж, цэнгүүлж яваад чинь баяр хүргэж урт удаан насалж улам ихийг бүтээхийн ерөөл өргөж байна гэжээ.
Б.Зангад гуай дурсамжаа ярихдаа,
Ч.Балдангийн үг, Д.Лхамшидын ая “Тунгалаг буянт” дууг би 1954 онд Улаанбаатар хотод болсон Ховд аймгийн өдрүүдийн концертод дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч байхдаа дуулж байлаа. Тэр удаа надад дуулах үүрэг, даалгаврыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Монголын урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, зохиолч Л.Ванган хоёр өгч байж билээ. Тэдний үг бол бурхны зарлиг байлаа гэж хэлнэ лээ.
Б.Зангад гуай 500 гаруй дууг дуулж амилуулсан гэдэг. Тэр дотроос ганцхан “Тунгалаг буянт” биш “Насны баясгалан”, “Гоёхон чимэг юм уу даа”, “Хар ус нуурын шагшуурга”, “Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн”, “Жаргаах зүрхэн”, “Намрын шөнө” гээд дуунуудыг онцгойлон хэлэх учиртай юм.
“Тунгалаг буянт” дуу Ховд аймгийн, “Насны баясгалан” дуу нь Боловсролын их сургуулийн “Сүлд дуу” болсон байдаг. Цаашлаад Б.Зангад гуайн дуулсан олон арван дууг одоо ч хүн бүхэн мэднэ. Аялахгүй дуулахгүй хүн гэж байхгүй дээ тэднийг нь.
Энэ нь дуунд сэтгэлээ өгч, дотооддоо хамгийн итгэлтэйгээр дуулж амьдруулсан учир маш олон дууг нь сонсоход цаана нь Б.Зангад гуай л харагдаад байдаг төдийгүй тийм олон дуу ардын дуу шиг мөнхрөн үлдсэн байдаг нь түүний аугаа дуучин гэдгийг илэрхийлдэг байна.
Дуу эзнээ олно гэж нэгэн үг бий. Тиймдээ Б.Зангад гуайн дуулсан олон дууг түүнгүйгээр төсөөлшгүй байдаг л даа. Тэрээр “Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ” гэдэг дуугаараа хавар ирлээ гэдгийг зарлан баясуулдаг бол “Алтан намар” дуугаараа монголчуудыг ургацын талбайд уриалан дууддаг.
Басхүү “Алтан намар” дууг Б.Зангад гуай л дуулж Монголын хөгжмийн урлагийн нэг том баяр “Алтан намар” хөгжмийн наадмыг 30 гаруй жил нээжээ.
Б.Зангад гуайд хүндэтгэл үзүүлэх ёслол дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жанцанноров хэлэхдээ,
-Бид 60-70-аад оны дуу сайхан гэж хэлэлцдэг тэгвэл тэр сайхан дууны гол эзэн нь Б.Зангад багш.
Намайг Улсын багшийн сургуульд байхад энэ хүн надад төгөлдөр хуур зааж байлаа. Тиймээс миний амьдралын зүг чигийг зааж өгсөн багш минь гэж би бодож явдаг гэлээ. Энэ нь Б.Зангад гуайн олон зуун шавийнх нь бүгдийн үг гэж хэлж болно.
Тэр ёслол дээр болсон нэг сонин эхлэл бол Б.Зангад гуай олон жил дуулсан зарим алдартай дуунуудаа өнөө үеийн дуучдад өвлүүлэн өгсөн явдал байлаа. “Тунгалаг буянт” дуугаа гавьяат жүжигчин, дуучин С.Гомбо-Очирт, “Багшаа дуулья”, “Бүүвэйл хорвоо” дуунуудаа гавьяат жүжигчин дуучин С.Баттулгад, “Алтан намар”-аа Амаржаргалд, “Хар ус нуур”-аа гавьяат жүжигчин дуучин Б.Эрдэнэтуяад гэх мэтээр уран бүтээлийн өмч болгон өгсөн байна. Мөн ёслолын үеэр зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэнгийн зохиол “Ая айзам эгшгийн ноён сүмбэр оргил” номын хурим болсон юм.
Д.Цэрэннадмид