Хүйтний улирал дөхөх тусам ханиад томуу, хатгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Жил болгон хийдэг томуугийн вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийж байгаа аж. Тиймээс вакцины талаарх зөвлөгөөг хүргэе.
Вакцин гэдэг нь тодорхой өвчинд идэвхтэй олдмол дархлааг өгдөг биологийн бэлдмэл юм. Вакцинжуулалт нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Жишээ нь, Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулдаг байна.
Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолтын дагуу аль болох эрт хийдэг. Товлолтоос хоцорвол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай, эс бөгөөс тухайн халдварт өвчнөөр өвчилж, хүндрэх эрсдэлтэй. Харин сайн дурын дархлаажуулалтад хүн өөрөө хүссэн үедээ хамрагдаж болно. Тиймээс бяцхан үрсээ өвдөхөөс нь сэргийлж вакцинд хамруулаарай. Мөн томуугийн вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай бөгөөд ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд вакцинд хамрагдахаа түр хойшлуулаарай. Өөрөөр хэлбэл, дархлааг нь сайн дэмжиж, сайтар унтаж амрах, дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй үедээ вакциндаа хамрагдаарай.
Д.Баттогтох