horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Боливын экс ерөнхийлөгч Эво Моралесын амь насанд халдахыг завджээ

post-img

Өнгөрсөн ням гаригт Боливын ерөнхийлөгч асан Эво Моралесын амь насанд халдахыг завдсан хэрэг гарчээ. Эво Моралесын сууж явсан автомашин руу хар хувцастай хүмүүс гал нээж, машины салхины шилэнд хоёр сумны нүх гарсныг харуулсан дүрс бичлэгийг экс-ерөнхийлөгч өөрийнхөө сошиал хуудсанд тавьсан байна. Тэрээр машины урд талын суудалд зорчиж явсан бөгөөд сум түүнээс хэдхэн см-ийн зайтай өнгөрсөн, харин жолооч нь шархадсан тухай мэдээлэл хийж, уг халдлагыг зэвсэгт хүчин болон цагдаагийн байгууллагын хамтарсан зохион байгуулалттай ажиллагаа байсан хэмээн буруутгажээ.

Түүний хэлснээр халдлага тус улсын төв хэсэгт орших Боливын армийн 9 дүгээр дивизийн баазын ойролцоо болсон гэжээ. Эво Моралесын Социализмын Төлөөх Хөдөлгөөн намын зүгээс дээрх халдлагын хариуцлагыг одоогийн төрийн тэргүүн Луис Арсе-гийн засгийн газар хүлээх ёстой гэсэн мэдэгдлийг гаргажээ. Харин Боливын ерөнхийлөгч Луис Арсе дээрх халдлагад харамсч байгаагаа илэрхийлж, мөрдөн шалгах ажлыг нягт явуулах амлалтыг өгсөн байна. Эво Моралес, Луис Арсе нар хоёул эрх баригч Социализмын Төлөөх Хөдөлгөөн намд харъяалагддаг хэдий ч ирэх жил явагдах ерөнхийлөгчийн сонгуульд хоёулаа тус намаас нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөө илэрхийлсний дараагаар тэдний харилцаа муудаад байгаа юм. 2006-2019 оны Болив улсын төрийн тэргүүний албыг хашсан Эво Моралесыг бэлгийн хүчирхийлэл болон хүний наймааны хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа ба тэрээр түүний эсрэг үүсгэсэн бүх хэргүүдэд буруугүй хэмээн няцаасаар байгаа билээ.

0/1000