horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Р.Шинэгэрэл: Ирэх онд Монгол Улс 5.5 их наяд төгрөгийн зээл гаднаас авах дүр зураг харагдаж байна

post-img

Эдийн засагч Р.Шинэгэрэлтэй төсвийн хүрээнд ярилцлаа.

-Анхны 126 гишүүнтэй парламент хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Шинэ гишүүд олон байгаа. Энэ утгаараа УИХ төсөв дээр ямар байдлаар анхаарч ажиллах ёстой бол?

-Монгол Улсын хувьд улсын төсөв хэлэлцээд гуч гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ахиц гарсан, юунд анхаарах шаардлагатай вэ гэвэл нэлээд өргөн хүрээнд ярих байх. Тэгэхээр энэ жилийн төсвийн тухайд гэвэл өмнөх жилүүдийнхээ төсвөөс хэд хэдэн зүйлээр онцлог байгаа. Юуны өмнө хамтарсан Засгийн газраас төсөв өргөн барилаа. Өргөн барьсан төсвийг нь анхны 126 гишүүнтэй парламент батална.

-Хэлэлцэгдэж байгаа төсвийг ерөнхий дүнгээр нь та хэлэхгүй юу. Орлого, зарлага нь ямар байхаар байна вэ?

-Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг. Нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөг гэж байгаа. Тэгэхээр төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг шахуу гэдэг нь харагдаж байгаа байх. Үүнээс орлогын асуудлыг хэлье. Орлогын хувьд хамтарсан Засгийн газар нэлээд өндөр орлого тавьж оруулж ирсэн. Төсвийн ихэнх орлогыг бүрдүүлэгч бүтээгдэхүүн болох нүүрсний ханшийг маш өндрөөр төсөөлөн оруулж ирсэн. Үүнийг нь эдийн засагчид шүүмжилж байна. Хэрэв төсөөлсөн хэмжээндээ хүртэл экспорт хийж чадахгүй бол яах вэ. Нөгөөтэйгүүр нүүрсний үнэ төлөвлөж байгаа хэмжээнээсээ доошоо унавал яах вэ. Үүнээс үүдэх зардлаа яаж нөхөх юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд эдийн засгийн гэнэтийн шок болохгүй гэх газаргүй. Олон улсын хувьд эрсдэл ихтэй он жилүүд болж байгаа. Үүнээс үүдэх эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам нь юу байх юм. Энэ мэт асуудал, эрсдэл маш их бий. Мөн эдийн засгийн өсөлт харьцангуй явагдаж байгаа.

Яг энэ үед ийм өндөр зарлагатай төсвийг батлах шаардлага байна уу гэдэг зүйлийг эдийн засагчид хэлж байна.

-Төсвийн алдагдал хоёр их наяд гэж байна. Үүнийгээ мэдээж гадаад, дотоодын зээлээр нөхөх байлгүй дээ…Зарим эдийн засагчид төсөв ашигтай гарч байгаа гэсэн. Энэ худлаа гэж үү?

-Төсөв ашигтай гарахгүй. Хоёр орчим их наяд төгрөгийн алдагдалтай батлагдахаар байна. Гадаадын зээллэг 300 гаруй тэрбум төгрөг. Гадаадын зээлээр санхүүждэг төсөл арга хэмжээний нийт дүн 2.2 их наяд төгрөг. Төсвийн төсөл дээр сайн ажиглах юм бол гадаад зээл авах хязгаар нэг их наяд төгрөгийн өндөр байгаа. Ингээд төсвийн алдагдалтайгаа нэмээд үзвэл Монгол Улс ирэх жил 5.5 их наяд төгрөгийн гадаад зээл авах дүр зураг харагдаж байгаа юм. Ийм өндөр дүнтэй төсөв хэлэлцэгдэж байна.

-Төсөв томорч, тэлсэн шалтгааныг та эдийн засагч хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?

-Засгийн газрын эрх мэдэл маш их болж. Ковидын үед гарсан хууль, журам, тогтоол, тэр үед ажиллаж байсан Засгийн газраас улбаалаад өнөөгийн Засгийн газар УИХ-ынхаа дээр нь бараг гарчихсан эрх мэдэлтэй байна уу даа гэж харж байгаа. Тиймээс л асар их тэлсэн том төсөв оруулж ирсэн байх. 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа. Гэтэл ирэх оны төсөв дээр том төслүүдээс хоёрынх нь мөнгө л тавигдсан байна лээ. Тэр нь хиймэл дагуулын төсөлд 210 тэрбум төгрөг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд 320 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл авах байдлаар тусгагдсан. Үлдсэн 12 том төслийн хувьд санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой бус, яг төсөв дээр суусан зүйл байхгүй байна.

-Тэгвэл яагаад төсөв тэлэв гэдэг дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Шинээр эхлэх төсөл ердөө 38 ширхэг гэж байгаа. Гэтэл төсвийн нийт зардал 5.3 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй орж ирж байна. Өмнөх онтой харьцуулахад шүү дээ. Үүний 3.6 их наяд төгрөгийн дүнгээр урсгал зардал нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр төсвийг дагаж батлагддаг хууль төсвийн ачааллыг нэмэгдүүлж байгаа юм. Юу гэхээр хууль батлахдаа төсвийн ачааллыг нэмэх хуульчилсан зардлыг тавьж байна гэсэн үг. Энэ нь төсвийн бодлогыг алдагдуулах маш буруу жишиг. Зөвхөн хууль тогтоомжуудын хүрээнд гэхэд 596 тэрбум төгрөгөөр урсгал зардал нэмэгдэхээр байгаа.

-Төсвийг дагаж батлагддаг хуулиуд төсвийн зардлыг нэмж байна гэсэн үг үү?

-Ер нь 2024 онд шинээр батлагдсан хууль, тогтоолууд гэсэн үг. Эдгээр хууль, тогтоомж нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хэрэгжээд эхлэхээр хуулиудын хүрээнд урсгал зардал 596 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна гэсэн үг. Хэрэв хууль батлах болгондоо энэ мэт зардал суулгаад байвал төсвийн бодлого гэдэг зүйл байхгүй болно.

-Төсөв тун удахгүй батлагдахаар байгаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд юун дээр илүү анхаарах ёстой вэ. Төсвийн хуулийг сайжруулах, засч залруулах эрх мэдэл УИХ-д бий шүү дээ?

-Юуны өмнө урсгал з ардлаа хангалттай буулгамаар байна. Урсгал зардал хоёр дахин буурах боломжтой харагдаж байгаа. Хэрэв ингэж чадвал улсын төсөв ашигтай батлагдана. Ирэх жил шинэ бүтээн байгуулалт цөөхөн байгаа ч өмнөх онд эхэлчихсэн төсөл, бүтээн байгуулалт асар их байна. Энэ утгаараа төсвийн шилжих хөрөнгө оруулалтын зардал их байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд нийт 366 шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлчихэж. Учир нь сонгуулийн өмнөх жил байсантай холбоотой. Энэ бол ямар ч төлөвлөлтгүй явж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг яаж жил болгон тэнцвэртэй байлгах уу. Зөвхөн сонгуулийн жил энэ мэт олон төсөл, арга хэмжээг эхлүүлдэг байдлыг яаж зогсоох вэ гэдэг асуудал дээр эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Үүнийгээ энэ УИХ анхаарч явна байх.

Э.Мөнх

0/1000