horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

“Пингвин” киноны жүжигчин Колин Фаррелл тэргэнцэртэй найзыгаа түрэн “Дублин”-ы марафонд оролцжээ

post-img

HBO сувгийн “Penguin” цувралаараа сүүлийн үед шуугиулж байгаа Ирландын жүжигчин Колин Фаррелл өнгөрсөн ням гаригт зохиогдсон Дублин хотын марафон гүйлтийн тэмцээнд ховор төрлийн өвчтэй, тэргэнцэртэй найзыгаа түрэн гүйж оролцсон байна. Өдгөө 48 настай жүжигчин Колин Фаррелл 41 км-ийн марафоны сүүлийн 4 км-т хуучны найз Эмма Фогерти-г түрэн гүйсээр барианд оржээ.

Жүжигчний найз Эмма Фогерти нь эмчилгээ байхгүй, эпидермолизис буллоса  хэмээх нэгэн төрлийн арьсны ховор өвчтэй бөгөөд ийм төрлийн өвчтэй хүмүүст туслаж, дэмжих зорилготой DEBRA хэмээх Ирландын ТТБ-д хандив босгох үүднээс жүжигчин Колин Фаррелл найзынхаа хамт марафонд оролцсон байна.

Төрөхдөө л бараг арьсгүй гэмээр нимгэн арьстай төрж, биен дээр нь хүрэх төдийд л маш их өвдөж, арьс нь урагдаж, цэврүү үсэрдэг арьсны ховор төрлийн энэхүү өвчинг мөн “эрвээхэйн арьс” хэмээн нэрлэдэг байна. Ийм төрлийн өвчтэй хүмүүс арьсаа хамгаалж, биеийнх нь ихэнх хэсэг боолттой байдаг ажээ. Төрөлхийн өвчтэй Эмма Фогерти-г удаан амьдрахгүй гэж үзэж байсан ч тэрээр өнгөрсөн зургаадугаар сард 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Колин Фаррелл, Эмма Фогерти хоёр анхандаа 400 мянган еврогийн хандив босгохыг зорьж байснаасаа давуулан биелүүлсэн тул зорилгоо 1 сая евро болгон нэмэгдүүлж, цугларсан хандивын хэмжээ одоогийн байдлаар 750 мянган еврог давчихаад байгаа ажээ.

0/1000