horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ Тайваньд 2 тэрбум ам.доллар өртөг бүхий зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрлөө

post-img

АНУ Тайваньд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх худалдааг зөвшөөрсөн явдлыг Тайвань баяртайгаар хүлээн авч, эсрэгээрээ БНХАУ-ын зүгээс хурцаар шүүмжилж, эсэргүүцээд байна.

Энэ оны эхээр шинэ төрийн тэргүүнээр сонгогдсон Лай Чин Дэ-гийн удирдлага дор Тайвань арал батлан хамгаалах бодлогоо эрчимжүүлж эхэлж байгаагийн нэг илрэл нь энэхүү 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авах тохиролцоо болж байна. Тайванийн ерөнхийлөгч зэвсэг нийлүүлэх асуудлыг зөвшөөрсөнд Вашингтонд талархал илэрхийлжээ. Энэ хүрээнд АНУ Тайваньд 3 ширхэг NASAMS хэмээх газар-агаар ангиллын пуужингийн хамгаалах систем (1.16 тэрбум ам.доллар), радарын систем (828 сая ам.доллар) нийлүүлэх боломжтой гэдгийг АНУ-ын Төрийн Департаментын Улс төр-батлан хамгаалахын асуудал хариуцсан товчооноос мэдээлжээ.

Дээрх NASAMS системийг Украины дайнд туршигдсан, тиймээс Тайванийн армийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болно хэмээн Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Харин өнгөрсөн долоо хоногт Тайвань арлын ойр орчимд цэргийн сургуулилт явуулсан Бээжингийн зүгээс зэвсгийн худалдааг эрс шүүмжилж, БНХАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлын ашиг сонирхлыг дорд үзэж, Тайванийн хоолой дахь энх тайван байдал болон Америк-Хятадын харилцаанд хор хөнөөл учруулж байгааг тодотгосон байна.

Өнгөрсөн долоо хоногт Тайванийн ойр орчимд явагдсан Хятадын цэргийн сургуулилтад 153 байлдааны онгоц, 14 тэнгисийн цэргийн усан онгоц, Хятадын засгийн газрын 12 жижиг усан онгоц оролцсоныг тоолсон хэмээн Тайванийн зүгээс мэдэгдсэн байна.

0/1000