Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ, түүний байнгын хороодоор энэ долоо хоногт улсын ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд, суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байна хэмээн төсөлд тусгажээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон мега төслүүдээ урагшлуулах нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн онцлог гэж буй. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний бүтэн жил нь 2025 он байх юм. Тэгвэл парламентаар төсвийн төслийг хэлэлцэх явцад хоёр зүйл ажиглагдаж байна. Нэг нь өргөн барьсан төслийн сул тал, нөгөөх нь хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс ирүүлж буй ашиг сонирхол.

Халамж, мөрөөдлийн төслүүд

Юуны өмнө ач холбогдлын хувьд эгнээ дайрах шаардлагагүй ажлуудын санхүүжилтийг уг өргөн барьсан төсөлд багтаасан “но” бий. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад Ховд аймгийн Жаргалант сумд кинотеатр барьж, баруун бүсийнхнийг соён гэгээрүүлэх санал оруулж иржээ. Мөн 2023 онд 50 мянган хүүхдийг хамруулсан судалгаа хийгээд “Хүүхдүүд урлагаар цангаж байна” гэсэн үр дүн гарсан юм байна. Тиймээс тэдэнд кино, жүжиг үнэгүй үзүүлэх, ном авах эрхийн бичиг тараах гэнэ. Энэ бүхэнд овоо хэдэн төгрөг төсөвлөсөн нь мэдээж. Уг нь интернэт сүлжээ нэвтэрсэн учраас одоо бүх л сум, багт ухаалаг утсаараа хүссэн киногоо үзэж, сонирхсон дуугаа сонсох боломжтой. Гэвч манай Засгийн газраас заавал үнэгүй үзүүлж байж л хичээлээс гадуурх боловсрол олгох ёстой гээд буй нь сонин. Халамжийн сэтгэлгээг хөгжүүлэх энэ ажлын ард хэний бизнесийг дэмжих гээд байна вэ.

Мөн том бүтээн байгуулалт нэрийн дор амьдралаас тасарсан зарим “мөрөөдлийн” төслийн ажлыг оруулж ирээд буй. Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг “Шинэ Зуунмод” хөтөлбөрийн хүрээнд барих юм билээ. Тиймээс уг цогцолборыг Хөшигийн хөндийн Номтын аманд барих нь. Газрын мухарт барих өнөөх цогцолборт нь иргэд хэрхэн очиж, үйлчилгээ авахыг Засгийн газрынхан бодоогүй. Гэхдээ нэг зүйлийг бол маш тодорхой бодчихсон байгаа юм. Эл барилгын ТЭЗҮ-ийг хийхэд зориулж 2024 оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөг олгосон юм билээ. Үүний зураг, төсөл нь төсөв хэлэлцэж байх энэ мөчид бэлэн болоогүй ч 676 тэрбум төгрөгийн нийт өртөгтэй байна гэдгийг бол мэдээд буй аж. “ТЭЗҮ нь бэлэн болоогүй байхад яаж нийт төсөвт өртгийн тооцоог хийсэн юм бэ” хэмээн байнгын хорооны хурал дээр гишүүн Г.Уянгахишиг гайхсаар үлдсэн. Ирэх жил уг цогцолборын барилгын ажилд зориулан 210 тэрбум төгрөг төсөвлөжээ. Юу ч гэсэн бариад авъя, үйлчилгээгээ хэрхэн хүргэх гэх мэтийн учрыг дараа нь олъё гээд байгаа бололтой.

Түүнчлэн Үндэсний хиймэл дагуулын төслийг БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хот доторх замаа ч олигтой засчихаж чаддаггүй төр засагтай хэдий ч сансарт хиймэл дагуул хөөргөх том зорилготой нь сайхан юм даа. Уг төслийн зээлийн ашиглалтад зориулж ирэх оны төсвөөс 211.6 тэрбум төгрөг зарцуулах юм билээ.

Энэ мэтээр тооцоо судалгаа хангалттай хийгээгүй, мөн ашиг сонирхлын эрэмбээр урдуур бичигдэхээргүй төсөл, хөтөлбөрүүдэд мөнгө төсөвлөсөн нь үрэлгэн зардал мэт л харагдаж буй. Төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь 37 байгааг гишүүн Н.Алтанхуяг сануулсан. Гэтэл УИХ-ын сонгуулиар МАН-ынхан уг зардлыг 25, АН-ынхан 20 хувьд барихаар амлаж сонгогдсон байдаг. Амлалтаа зөрчин байж зүтгүүлж буй энэ мэт төслийн ард өөр эрх ашиг байгаа юм биш үү гэсэн хардлага ч төрүүлж байна.

Тойргоос сонгогдсон гишүүн бүрт таван тэрбум төгрөг хуваарилах уу

“Гишүүний төсөв” гэдэг ойлголт олон жилийн өмнө бий болсон. Улсын төсөв хэлэлцэх үед гишүүд сонгогдсон тойрогтоо тодорхой мөнгө “зарцуулах” эрх авч, үүгээрээ өөрийнхөө нэр хүндийг өсгөх “ажил” хийдэг юм. Жил ирэх бүр л энэ тухай шүүмжилдэг ч өнгийг нь хувиргаад тусгаж орхидог байв. Тэгвэл сонгуулийн тойргийг томсгон бүсчилж, жалга довны үзлээс салгах замаар аймгуудаа хамтад нь хөгжүүлэх Ерөнхий сайдын “гэгээн” мөрөөдөлд нэг саад гарч буй сурагтай. Тойргоос сонгогдсон гишүүд дээрх мөнгөний хэмжээг таван тэрбум болгон төсөвт суулгахаар “ажиллагаа” явуулж эхэлсэн тухай зарим сайтад мэдээлжээ. УИХ тойргоос сонгогдсон 78, жагсаалтаар гишүүн болсон 48 хүнээс бүрддэг. 78 гишүүн тус бүр таван тэрбум төгрөг хуваарилж авбал 390 тэрбум болж байна. Төсвийн зардлыг өргөн барьсан хэмжээнээс нь бууруулна уу гэхээс өсгөх эрх парламентад байхгүй. Тиймээс тэд зарим зардлыг танаж байгаад, оронд нь зорилгоо хэрэгжүүлэх гэж буй аж. Гэвч дээр дурдсан ач холбогдлоор бус, ашиг сонирхлоор эрэмбэлсэн төслүүдээс биш, иргэдэд хамгийн чухал эрүүл мэнд, боловсролын салбарын зардлаас танах “атгаг” санаа агуулж буй гэх.

Аймгуудыг бүсчилж хөгжүүлэх, томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх Ерөнхий сайдын төлөвлөгөөнд тэд бойкот хийгээд эхэлсэн бололтой. Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй. Нэлээд хэд нь тойргоос сонгогдсон гишүүн. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “гишүүний төсөв” нэхсэн танхимынхныхаа дотор ганцаардаад эхлэв үү. Магад тэрбээр одоо Үндсэн хуульд хэрэг болгон өөрчлөлт оруулж, “давхар дээл”-ний хязгаарлалтыг авч хаясандаа харамсаж байж мэдэх. “Засгийн газрын гишүүний дөрөвний нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалтыг МАН үнэмлэхүй олонх байхдаа хүчингүй болгосон юм.

Ирэх оны улсын төсвийг парламент арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Ерөнхий сайд оруулж ирсэн төсвийн төслөө хамгаалж чадах уу, эсвэл тойргоос сонгогдсон гишүүдэд бууж өгөх үү. Тэд таван тэрбум төгрөгөө ямар гоё нэрээр халхалж төсөвт суулгах нь вэ, мөн ач холбогдлын дараалал харгалзалгүй дээгүүр “шидсэн” төслүүдийг царцаах уу гэсэн олон асуултын хариу удахгүй тодорхой болно. Уг нь өмчлөх тойроггүй, жагсаалтаар сонгогдсон 48 гишүүн манай УИХ-д бас бий. Тэд бусад 78-аа эсэргүүцэж, үг хэлж, үйлдэл үзүүлэх нь үү гэдгийг бас ажиглая. Мөн төсвийн үрэлгэн зардлыг танаж, амласнаараа ДНБ-ий 25-д барих ёстойгоо энэ УИХ-ын гишүүд санана найдна.

- Шинэ
- Хандалттай