horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Дүн өвлийн хүйтнээр нийслэл хотын 31 хувь нь хэзээ мөдгүй хөлдөхөд бэлэн байна

post-img

Жавар тачигнасан өвлийн сунайсан дөрвөн сар биднийг хүлээж байна. Илүү сартай энэ өвөл цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн, төмөр зуд нүүрлэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэгвэл нийслэлчүүд өвлийг өнтэй давж чадахааргүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь, Улаанбаатар хотын дулааны 31 хувийг хангадаг “ДЦС-3”-ын өнөөдрийн бодит дүр төрх ийм байна.

1968 онд баригдсан энэ станц социализмаараа үлдсэн цор ганц үйлдвэр гэж хэлж болохоор. Дунд даралтын зуухны хэсэг рүү ороход үнэхээр өрөвдмөөр орчин угтлаа. Технологийн дэвшлийн эрин үед бүхэл бүтэн улс байж хагас зуун жилийн настай хуучирч, элэгдсэн станцтайгаа зууралдсаар байгааг харахад гол харламаар. Зэвэнд идэгдээд цоорч, нимгэрээд зогсохгүй захаасаа өмөрч унасан тоног төхөөрөмжүүд нүдэнд тод тусав. Орчин нөхцөлийн хувьд тоосонцор ихтэй болохоор тавхан минут зогсоход хоолой сэрвэгнэж, хамар шархирч байлаа. Манайх шиг ийм дулааны цахилгаан станцтай орон дэлхийд байхгүй гэдгийг “ДЦС-3” ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн дарга Л.Бөхбат хэлэв.

Тэрбээр “Орчин цагт бусад оронд станцын ажилтнууд нь цагаан халаттай, тоос шороогүй орчинд ажилладаг бол манайд эсрэгээрээ. Сэмэрсэн марль шиг хуучирсан эд ангиудаа өөрсдийнхөө хэмжээнд нөхөж, сэлбэж байна. Ер нь тухайн тоног төхөөрөмж ажиллах хугацаатай байдаг. Тэр хугацаа нь дууссан л бол муудаж, эвдрээгүй байсан ч сольдог байх ёстой. Харин манайх засъя гэхээр засвар авахгүй. Сэлбэг материалууд нь олдохоо ч байсан. Найдвартай ажиллагаагаа бодвол хугацаа нь дууссанаа солиод баймаар л байна” гэв. Процессын хувьд “ДЦС-3”-ын дунд даралтын цех бол өндөр даралт температуртай уур үйлдвэрлэдэг зуух юм байна. Том тээрэмд нүүрсээ буталж, гурил шиг болгосны дараа халуун агаартай асч байгаа гал руугаа хийдэг байна. Доторх турба хоолойнуудаар гүйж байгаа усыг өндөр даралт температуртай уур болгодог гэсэн үг. Эндээс гарсан уур нь турбин руу орно. Энгийнээр тайлбарлавал данхтай цай буцлахад цоргоор нь уур гардагтай яг адил. Тэр гарч байгаа уурын хүчээр турбиныг эргүүлж цахилгаан эрчим хүч гаргадаг байна. Энэ төхөөрөмж анх үйлдвэрлэгчээс 220 мянган цаг буюу 40 жил ажиллах тогтоосон хугацаатай. Гэвч эхнээсээ өмөрч унаад, ашиглалтаас гарчээ. Хэдийгээр бат бөх төмөр материалууд боловч үйлдвэрээс тогтоосон хугацаа нь дуусахаар цууралт өгдөг байна. Тэрийг нь гагнаж сэлбэж, монголчилж аргалсаар өдий хүрчээ. Хэрэв цууралт өгсөн турбин задарвал асар их аюултай гэнэ. Ус 100 градуст буцалдаг. Харин станцад үйлдвэрлэж байгаа уур 540 градус. Энэ нь мэргэжлийн үзүүлэлтээр 100 АТА даралт юм байна. Айл өрхийн нэг паар задрахад ямар аюул болдог билээ дээ. Энэ нь ердөө гурав, дөрөвхөн АТА байдаг аж. Тэгэхээр насжилт нь дууссан турбин задарвал үүсэх эрсдэл асар их байх нь аргагүй юм байна. Иймд өнөө жил цууралт өгөөд хэзээ ч задарч, дэлбэрэх аюултай байсан нэг машинаа ЭХЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтээр актлуулжээ.

Ингээд эрчим хүч үйлдвэрлэх нэг машинаа ашиглалтаас хасуулжээ. Дараа, дараагийн машинууд нь яг л ийм дүр зурагтай байгааг инженерүүд нь хэлж байв.

Өдгөө 56 жил тасралтгүй ажиллаж буй энэ станц дангаараа Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг, төвийн эрчим хүчний системийн 14 хувийг, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47 хувийг хангадаг аж. Гэвч үйлдвэрлэлийн насжилт хэдийнэ дуусчихсан, хэзээ мөдгүй зогсож мэдэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ нь зөвхөн станцын асуудал биш. Эднийхээс эрчим хүч, дулаан авдаг хэрэглэгчид давхар хохироод зогсохгүй газар доорх инженерийн байгууламжууд тэр чигтээ сүйрэх эрсдэл нүүрлэсэн нь хамгийн том аюул юм. “ДЦС-3” дунд даралтын станцын арван үндсэн тоноглолоос долоогийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Өндөр даралтын станцын уурын турбинууд нь ашиглалтад оросноос хойш 4547 жил болоод хуучирч муудсан байна. Оросууд үйлдвэрлэгч улс болохоор тэндээс л сэлбэг хэрэгслээ авдаг байж. Одоо хойд хөрш дайнтай байгаа болохоор үйлдвэрлэл нь доголдож, засварын сэлбэг материалуудын олдоц бүр ч хомсодсон байна.

“ДЦС-3”-т 2014 оноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил огт хийгдээгүй байна. Бас нэг асуудал нь шинээр үнсэн сан барих газаргүй болжээ. Станцын үндсэн тоноглол болох зуухнаас гардаг үнсийг нойтон аргаар буюу шингэрүүлсэн байдлаар үнсэн сав руу зөөж тээвэрлэдэг аж. Энэ нь техник ашиглалтын дүрэмд зааснаар хоёр жилийн өмнөөс энэ ажлыг эхлүүлсэн байх ёстой юм байна. Харамсалтай нь 2025 он гарах гэж байхад асуудал шийдэгдээгүй шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой гэнэ. Станцын одоо ашиглаж байгаа үнс хадгалах сангуудын ойролцоо шинээр олгох газар байхгүй. Иймд үндсэн сангаас 25 км-ийн зайд үнсийг шилжүүлэн дарах ажлын зураг төсвийг гүйцэтгүүлсэн байна.

Дараагийн үндсэн санг бэлтгэхэд 40.7 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Тус станц алдагдал өнөөдрийн байдлаар 14.6 тэрбум төгрөгт хүрчээ. Шалтгаан нь дулааны эрчим хүчний өөрийнх нь үйлдвэрлэдэг өртөг нь 24 мянга 683 төгрөг хэрнээ хэрэглэгчдэд 7.215 төгрөгөөр борлуулж байгаатай холбоотой аж. Өнгөрсөн өвөл үе, үе эрчим хүч хязгаарладаг байсан бол энэ жил дулаан руугаа орохоос өөр замгүй болжээ.

“ДЦС-3”-ын Ерөнхий инженер Н.Чимэддорж “2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглолууд маань 120 хоног тасралтгүй ажилласан. Ямар ч бэлтгэл тоноглолгүй. Энэ нь өнөөдөр эрсдлүүд үүсгээд байгаа. Зуух 60, турбин 45 хоног яваад урсгал засвар хийх ёстой. Бид засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцож байгаа. Өнөөдөр 220 тн уур үйлдвэрлэдэг уурын зуухыг нормчлолоороо 13.6 тэрбум төгрөгөөр засдаг. Гэтэл 5.9 тэрбум төгрөгт тааруулж засч байна. Олдож байгаа мөнгө нь энэ. Хэсэгчилсэн засвар хийгээд өвлийн ачаалалд оролцож байгаа нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд үнэ тарифаар шийдвэрлэх үү. Улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх үү гэдэг хоёрхон гарц байгаа” гэлээ.

“ДЦС-3” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Манай станц оны эхнээс 21.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байсан. Сая Засгийн газраас 12 тэрбумын татаас өгсөн. Ингэснээр манай компанийн алдагдал хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөг болоод байгаа юм. Татаасыг сая есдүгээр сарын сүүлээр өгсөн. Тэр болтол долоо, найм, есдүгээр сард банкнаас тав хоногийн хугацаанд хүүгүй нөхцөлтэйгөөр төлөхөөр дунджаар 200 сая төгрөг зээлж цалингаа тавьж байсан. 21.8 тэрбум төгрөгийн дутагдлын 15.3 тэрбум төгрөг нь цалин, НДШ-ийн алдагдал байсан. Тэгэхээр бид бусад бэлтгэн нийлүүлэгчид болон Багануурын нүүрсний уурхайд өгөх байсан мөнгийг ажилчдынхаа цалинд өгсөн. Бусад бэлтгэн нийлүүлэгчдэдээ олон тэрбумын өглөгтэй есдүгээр сарын сүүлчтэй золгосон. Ер нь бид маш өндөр өртгөөр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлээд бага үнээр борлуулж байна. Өнөөдөр цахилгаан, дулааны үнийг нэмснээр ашигтай ажиллаад тоног төхөөрмжөө шинэчлэх хэмжээнд байхгүй. Зөвхөн өнөөдрийн өртгийн хэмжээнд хүргэж өгөх юм. Цаашдаа 2025 оноос эхлээд үнэ тарифыг индексжүүлээд явна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа” гэв.

“ДЦС-3”-ын зовлон бусад төрийн оролцоотой компаниуддаа ч бас том дарамт болдог байна. Эднийд эрчим хүчний нүүрс нийлүүлдэг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхай давхар алдагдал хүлээгээд хүнд байгаа гэнэ. Энэ тухай “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал ярихдаа “Бид зөвхөн нэг станцад нүүрсээ өгдөггүй. Замын-Үүдээс авахуулаад Сэлэнгийн Алтанбулаг хүртэлх бүх дулааны цахилгаан станцууд, 11 сум, сууринд эрчим хүчний нүүрс нийлүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар бидний авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянган тн хүрсэн байх ёстой. Одоо 235 мянгатай байгаа. Энэ байдлаар явбал он шилжихэд 85 мянган тн нөөцтэй болно. Өнөөдөр Багануурын уурхай нь хоногт 230 вагон нүүрс ачиж байгаа. Ирэх арваннэгдүгээр сараас 240 вагонд хүрнэ. Бид нэг кг нүүрсийг 43 төгрөгөөр тооцож станцуудад нийлүүлж байна. Нүүрсний үнээс ашиг тооцъё гээгүй. Өртөгт нь хүргэмээр байна. Ингэснээр Багануурын уурхай ашигтай ажиллаад, ажилчид нь өндөр цалин авах гээд байгаа юм биш. Багануурын уурхай нэг тн нүүрсийг 55 мянга 700 төгрөгөөр олборлочихоод улсдаа 43 мянган төгрөгөөр зарж байгаа. Нүүрсээ нэг вагон ачихад 630 мянган төгрөг, хоногт 135 сая төгрөг, сардаа дөрвөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Ийм салбар байж болох уу. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс энэ асуудлыг ярьж байгаа юм. Манай үнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Нөгөө талдаа Татварын ерөнхий газар бидэнд акт тавиад байна. Маш олон жил өртгөөсөө доогуур нүүрсээ борлуулаад байгаа учраас алдагдалтай ажиллаад байна. Иймд татвар төлөлт хоцрогдолтой яваад байгаа юм. Өнөө жил 14 тэрбум төгрөгийн акт тавиулсан. Энэ бол манай ажилчдын хагас жилийн цалин. Хоёр өвлийг давах мөнгө. Одоо манайд өргүй станц гэж байхгүй. 14 тэрбум төгрөгийн авлагатай байна” гэв. Тэгвэл “Шивээ-Овоо”-гийн хувьд ч ялгаагүй. Тэд “Сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээ захиалга 50 хувь хүртэл нэмэгдсэнээс уурхайн техникийн өнөөгийн хүчин чадал хүрэлцэхгүй байна. Үүний улмаас ДЦС-уудад нийлүүлэх нүүрс тасалдаж, үйл ажиллагаа нь доголдож болзошгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Нэгэнт эрчим хүчний систем бүхэлдээ алдагдалд хүрсэн энэ нөхцөлд ямар гарц шийдэл байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунаас тодруулахад “Өнөөдөр нэг киловатт цахилгаан үйлдвэрлэх өртөг үнэ 280 төгрөг. Дунджаар 216 төгрөгөөр зарж байна. Энэ зөрүүгээр салбар алдагдал хүлээгээд явж байгаа. 55 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Энэ дотроо зөвхөн эрчим хүчний салбар гэлтгүй нүүрсний уурхайнууд гээд бүгд дор дороо алдагдалтай ажиллаж байгаа. Эрчим хүчний үнэ тарифыг эхний ээлжинд өртөгт нь хүргэж, алдагдалгүй болгоё гэсэн зорилт тавьсан. Хэрэглээнээс нь хамаарсан шатлалтай тарифыг гаргая. Их хэрэглэдэг нь өндөр төлдөг ч юмуу ялгавартай тариф гаргадаг ч юмуу. Мөн айл өрхүүддээ гурван янзын тарифыг санал болгохоор ажиллаж байна. Тухайлбал, хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг удирдана. Шөнө хямд тарифтай үед нь цахилгаанаа хэрэглэдэг байх юм бол ашигтай байх боломжийг нээж өгч байгаа. Иймэрхүү шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна” гэв.

М.Мөнхцэцэг

149
0/1000