Засгийн газраас 120 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийн багагүй хэсэг нь эрчим хүчний төслүүд юм. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортолдог орон болох зорилтыг тэдгээр төслүүд бодит болгоно гэж төлөвлөсөн ч орхигдуулж болохгүй анхаарах зүйлс бийг албаныхан онцолж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр, оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улсын импортолсон эрчим хүчний үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2023 онд эрчим хүчний нийт хэрэглээ 11 тэрбум кВт/цаг хүрч, үүний 70 гаруй хувийг дотоодоос, 22.3 хувийг импортоор хангасан байна. Бид 2012 онд эрчим хүчний нийт хэрэгцээний 90 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, 7.6 хувийг импортоор авч байжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун өчигдөр мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн байдлаар нэг кВт.ц эрчим хүчийг дунджаар 280 төгрөгөөр үйлвэрлээд, хэрэглэгчдэд 216 төгрөгөөр борлуулж байгаа нь салбарын алдагдлын үндэс болоод байна. Улмаар нүүрсний уурхай, төмөр замын тээвэр гэх мэтчилэн бүгд алдагдал хүлээдэг. Нийт алдагдал 355 тэрбум төгрөг хүрсэн” гэв.
Эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжинд алдагдалгүй байх хэмжээнд хүргэхээр олон хувилбар тооцоолол хийж буй юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-ний баасан гаригт танилцуулахаар тогтжээ.
Одоогийн байдлаар айл өрхийн сарын хэрэглээний эхний 150 мВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тогтоож, 300 кВт.ц-аас дээш илүү хэрэглээний тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал хамгийн өндөр юм байна. Энэ тохиолдолд хэрэглэгчийн 300 кВт.ц-аас илүү гарсан хэсгийг 280 төг/ кВт.ц-аар тооцох нь. Гэхдээ тарифын шинэчлэлтэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхийг хамруулах юм байна.
Д.Эрдэнэтуяа