TikTok-ийг эзэмшигч ByteDance компанийг үндэслэгч Жан Иминь Хятадын хамгийн баян хүнээр тодорсон байна. Баян чинээлэг эрхмүүдийг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаадаг Хятадын “Hurun China Rich List”-ийн 2024 оны шинэ жагсаалтыг мягмар гаригт танилцууллаа.
Энэ жилийн жагсаалтыг 49.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жан Иминь тэргүүлсэн бөгөөд тэрээр 26 жилийн турш жил бүр гарган танилцуулж байгаа энэхүү жагсаалтыг тэргүүлсэн 18 дахь хүн болсон байна.
Өдгөө 41 настай Жан Иминь 2021 онд ByteDance-ийн удирдлагын албан тушаалаа өгсөн хэдий ч компанийн ихэнх хувьцааг эзэмшдэг учраас өнгөрсөн жил 30 хувиар өссөн компанийн орлого түүний хөрөнгийн хэмжээг өсгөхөд хүргэжээ. Мөн тэрээр өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн цэвэр усны магнат Жун Шаншанийг ардаа орхиж, гүйцэж түрүүлээд байгаа юм. Жун Шаншанийн хувьд хөрөнгийн хэмжээ нь 24 хувиар буурч, 47.9 тэрбум ам.доллар болж, жагсаалтын хоёрдугаар байрт жагсчээ. Харин жагсаалтын гуравдугаар байрт Tencent компанийг үндэслэгч Пони Ма, дөрөвдүгээр байрт цахим худалдааны Pinduoduo болон Temu аппликейшныг эзэмшдэг PDD Holdings-ийг үндэслэгч Колин Хуанг орсон байна.
Мөн Hurun жагсаалт дахь Хятадын нийт тэрбумтны тоо хэмжээ өмнөх оноос 142-оор буурч, энэ жилийн жагсаалтанд 753 тэрбумтан багтсан нь өнгөрсөн жил Хятадын хөрөнгөтнүүдийн хувьд санхүүгийн алдагдалтай, хэцүүхэн жил байсныг харуулаад байна.