2020 онд Европын холбооны парламентаас Монгол Улсын Засгийн газарт Төсвийн дэмжлэгийн хүрээнд 50.8 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ дэмжлэг нь манай улсын ажил, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх зорилготой. Мэдээж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд хөдөлмөр эрхлэлтэд тодорхой ахиц гарах ёстой. Анхны дэмжлэг нь 2020 оны тавдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд гэрээ зурагдсан. 60 сарын хугацаанд хэрэгжиж буй уг дэмжлэгийн гэрээ 2025 оны тавдугаар сард дуусах ч цар тахлаас үүдэлтэйгээр 2026 оны тавдугаар сар хүртэл сунгагджээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хэлэлцээрээр итгэлцлийн гэрээнд суурилсан дэмжлэгийн мөнгө. Нийт дэмжлэгийн мөнгөн дүнгээс 43 сая еврог улсын төсөвт шууд 7.4 саяыг нь төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр өгч байна. Гагцхүү энэ мөнгө өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтэд гаргасан ахицад хэрхэн дэмжлэг болсон талаарх мэдээлэл хомс байна.
Төсвийн дэмжлэгийн 43 сая евро Сангийн яамны дансанд шилжсэн байна
Өнөөдрийн байдлаар Европын холбооны төсвийн дэмжлэгийн 43 орчим сая евро төсөвт шилжсэн байна. Тухайлбал, 2020 онд дөрвөн суурь нөхцөлөө хангагдсан гэж үзээд 16 сая еврог шилжүүлсэн бол 2021 онд 6.2 сая евро олгосон. Нэмээд хувьсах транчаас 5.5 сая еврог шилжүүлэх байсан ч цар тахлаас шалтгаалж 2.2 сая еврог төсөвт шилжүүлсэн аж. 2022,2023 онд тус бүр 6.5 сая еврог өгөөд байна. 2024 онд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлж 3.3 сая еврог суурь нөхцөл биелсэн гэж үзэж нэмж 2.2 саяыг өгөхөөр болсон аж. 2021 онд олгох ёстой 2.8 сая еврог 2026 онд олгохоор төлөвлөжээ. Манай улс Африк мэтийн бусад орныг бодвол шалгуураа сайн хангадаг гэсэн үнэлгээтэй. Гэхдээ итгэлцлийн гэрээний мөнгийг хэрхэн зарцуулж ямар үр дүн гаргаснаа Сангийн яам Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам /ГБХНХЯ/ үр дүн, ахиц дэвшлээ олон нийтэд мэдээлэх ёстой. Гэвч Сангийн яам нь ГБХНХЯ-ны дансанд дэмжлэгийн мөнгийг нь өгөхгүй байгаа аж. Мөн энэ дэмжлэгийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай. Хэлэлцүүлгийг өрнүүлэхээр төлөвлөж буйг эх сурвалж хэлсэн.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ “ Төсвийн дэмжлэгийн нэг гол зүйл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. Бид үүнийг илүү үр дүнтэй идэвхжүүлэхийг хүссэн. Бидний зорилго бол Засгийн газарт ажиллах хүчээ сургахад нь туслах, ажил эрхлэлтийг дэмжих төвүүдийг бий болгох, тэндээс хүмүүс бэлэн ажлын байрны талаарх мэдээллийг авах боломжтой байсан. Хэдийгээр сайжруулах боломж байсаар байгаа ч бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан гэдэгт итгэж байна. Одоо илүү олон хүн, ялангуяа залуучууд ажилд орох өргөдөл гаргах, хаана нь давтан сургах, аль салбарт эрэлт хэрэгцээ их байгааг мэддэг болсон тул систем илүү сайн ажиллаж байна” хэмээн онцолсон.
Ерөнхийндөө хөгжлийн төслийн дэмжлэгийг тухайн байгууллага, салбарын цалин урамшуулалд зарцуулдгийг өөрчлөх хэрэгтэй болсон байна.Төсвийн дэмжлэг нь Европын холбоонд багтдаг орнуудын ард түмний татвар төлөгчдийн мөнгө. Нэг үгээр хэлбэл, манай улсын дутагдаад буй төсвийн хэрэгцээг хангаж буй хандивын мөнгө гэсэн үг. Харин энэ мөнгөний үр дүн, өгөөжийн талаар Засгийн газар, Сангийн яам, холбогдох яамнаас нэг ч мэдээлэл олон нийтэд өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Европын холбоо 90 гаруй оронд төсвийн дэмжлэг үзүүлдэг
Европын Холбоо дэлхийд хэрэгжүүлж буй хөгжлийн төслийн 45 хувийг дангаараа санхүүжүүлдэг байна. Хөгжлийн тусламжийн мөнгө тухайн оронд хэрхэн үр дүнтэй өгөөжтэй хэрэгжиж байна гэдэгт анхаарлаа хандуулсаар ирсэн. Бусад хөгжингүй улс орон зээл, хандив, тусламжаа НҮБ-ын суурин байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бол Европын холбоо тухайн улсынхаа Засгийн газартай гэрээ байгуулж төсөвт нь техникийн тусалцаа үзүүлэх байдлаар Сангийн яамных нь дансанд шууд шилжүүлдгээрээ онцлогтой.
Тус холбоо одоогийн байдлаар 90 гаруй оронд төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тухайн улсын төсөв дээр нэмэлт орон зайг бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, төсөвт нь шинээр бий болсон төсвийн дэмжлэгийн мөнгийг Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг сайжруулах, хэрэгжилтэд нь төсвөө хуваарилах бололцоог олгож буйгаар онцлог. Түүнчлэн салбарын реформ бодлогын шинэчлэл, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор ил дэмжлэгийг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлогын шинэчлэлд дэмжлэгийг ийнхүү үзүүлсээр иржээ.
Гэвч энэ дэмжлэгийн мөнгийг зориулах ёстой салбартаа зарцуулагдсан уу гэдгийг ил тод мэдээлэх ёстой. Их наядаар хэмжигдэх төсвийн тогоонд ороод яасан нь мэдэгдэхгүй байгаад хандивлагчид мэдээж санаагаа чилээж буй. Европын холбооноос тавьсан тодорхой долоон шалгуурыг хангасан улс энэ дэмжлэгийг авдаг. Цаашид жил бүр гүйцэтгэлд суурилсан үндсэн дөрвөн нөхцөл, шалгуураас гурвыг нь хангаснаар дараа жилийнхээ дэмжлэгийг үргэлжлүүлэн авах эрх нь үүсдэг байна. Тиймээс жилд авах төсвийн дэмжлэг харилцан адилгүй байдаг байна. Тухайлбал, гүйцэтгэлийн шалгуур үзэлтүүд хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор хэрхэн дэмжсэн, орлого болон зарлагаа хэрхэн сайжруулах ямар арга хэрэгсэл нэвтрүүлсэн зэргээр үнэлдэг аж.
Төсвийн дэмжлэгийн мөнгийг тусад нь тайлагнах шаардлагатай
Төсвийн дэмжлэгийн гэрээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын илтгэлцэлд суурилсан гэрээгээр зохицуулагддаг. Төсвийн орон зай 51 сая еврогоор нэмэгдсэнээр хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь төсвийн хуваарилалт нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтэд дутагдаад буй төсвөө энэ төсвийн дэмжлэгийн мөнгөөр нөхөх боломжтой. Манай улсад хэрэгжсэн тусламжийн сайн жишээнээс онцолбол, Нидерланд улс 1990 оны үеэс тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлснээр сайн үр дүнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Чех улсын зоо паркт байсан олон тооны тахийг монголд авчирч нутагшуулсан. Өнөөдөр Хустайн нуруунд эдгээр тахийг үзэх боломжтой. Тэгэхээр байгаль орчинд зэрлэг ан амьтныг нутагшуулах тусламжийн мөнгийг үр дүнтэй болгосон тод жишээ. Үүний ижил тухайн улсаас өгч буй тусламж, дэмжлэгийг үр дүнтэй зарцуулах ёстой. Түүнчлэн Японы Засгийн газраас 20 гаруй жил үзүүлсэн “Өвсний үндэс” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн үрээр Монгол Улсын олон цэцэрлэг, сургуулийн тохилог байр, боловсон хүчинтэй болсон. Тэгвэл одоо Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг Хөдөлмөр эрхлэлтийн санд энэ дэмжлэг, хөтөлбөр чиглэгдсэн. Тиймээс үр дүнг хэлэлцэх хүлээлт үүссэнийг нийтлэлээрээ сануулъя.
“Төсвийн байгууллагууд зардлын тайлан гаргахдаа үр дүнд чиглэсэн байдлаар тайлангаа гаргах шаардлага үүссэн. Зөвхөн цалин, урсгал зардлын зүйлээ тайлагнахаас илүүтэй өөр эх сурвалжаас авсан мөнгө, төсвөө тайлагнах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,олон эх үүсвэрээс мөнгө авсан байдаг. Зээл, тусламж гэх мэт. Гэвч энэ мөнгөөр юу хийсэн гэдгээ тайлагнах гэхээр ойлгомжгүй болдог. Тиймээс үр дүнд суурилсан тайланг гаргах нь уг мөнгө яг юунд зарцуулагдсан нь ойлгомжтой болно гэсэн үг. Мөн УИХ-аар тухайн оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэхдээ Засгийн газрын нэгдсэн тайланг биш төсвийн ерөнхийлөн захирагч нарын тайланг тусад нь хэлэлцвэл ойлгомжтой болно. Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд тайлангаа тавихдаа 2024 онд Хөдөлмөр эрхлэлтийн санд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө зарсан, бусад улс, орон тухайлбал, Европын холбооны дэмжлэгээр орж ирсэн мөнгийг ийм зүйлд зарцуулсан гэх зэргээр тайлагнах бололцоотой. Тэгэхээр яамдын сайд нар тус тусдаа, гарсан зардлаа тайлагнадаг болбол олон нийтэд илүү ойлгомжтой болно. Засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайлан нь олон нийтэд ойлгомжтой биш байна” гэж ярьсан юм.
Ц.Мягмарбаяр