horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Израил улс НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлагийн үйл ажиллагааг хоригложээ

post-img

Шинэ хуулийн дагуу мөн Палестины дүрвэгсдийн агентлагийн ажилтнууд болон Израилийн төрийн албан хаагчид, өндөр албан тушаалтнуудын хоорондох харилцаа холбоог давхар хориглосноор тус хүмүүнлэгийн байгууллагын Газын зурваст явуулдаг тусламжийн үйл ажиллагааг нь хязгаарлаад байна. Дээрх хууль батлагдахаас өмнө тус агентлаг Израилийн зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, дайны хөлд нэрвэгдээд байгаа Газын зурвас дахь энгийн иргэдэд шаардлагатай хүмүүнлэг, тусламжийн ачааг хүргэж ажиллаж байсан юм.

Дайн тулаантай тухайн бүс нутагт ажиллаж байсан НҮБ-ын харъяа хамгийн гол байгууллагын үйл ажиллагааг ийнхүү тодорхой хугацаанд хориглосон явдалд НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш харамсаж байгаагаа илэрхийлж, талуудын зөрчлийг намжаах үйлс болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хууль баталсныг онцолсон бол агентлагийн дарга Филиппе Лаззарини дээрх хууль нь палестинчуудын зовлог, шаналлыг улам л нэмэгдүүлэх болно гэдгийг хэлсэн байна.

Түүнчлэн АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг олон улс орон Израил улсын дээрх үйлдэлд харамсч байгаагаа илэрхийлээд байна. Харин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху НҮБ-ын тус агентлагийн ажилтнуудыг Израил улсын эсрэг явуулсан террорист үйл ажиллагаанд оролцсон учраас дээрх арга хэмжээг авсныг онцолж, Газын зурвас дахь энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг аюулгүй, тасалдалгүй хүргэх явдалд Израил улс олон улсын түнш, холбоотнуудтайгаа хамтран ажиллахад бэлэн байгааг нэмж хэлсэн байна. Тус улсын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн зүгээс үйлдсэн гэнэтийн халдлагад Палестины дүрвэгсдийн агентлагийн 19 ажилтан оролцсон гэж үзэж буруутгасан бөгөөд НҮБ үүнийг нь шалгаж үзээд, 9 ажилтанг ажлаас нь халсан ажээ. Тухайн гэнэтийн халдлагын үеэр Израилийн 1200 орчим энгийн иргэн амь үрэгдэж, 251 хүнийг барьцаанд авч байсан бол түүнээс хойш Израилийн эхлүүлсэн дайны явцад Газын зурваст 42,710 хүн амь үрэгдээд байгаа гэсэн тоог Газын (Палестины) Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа юм.

11
0/1000