horoscope
horoscope
horoscope
userТ. Есөн-Эрдэнэ

Шалдар булдар ажил

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Булигаар” хувьцаат компанийн 90 жилийн ой тохиож байна. Энэ газар бол арьс шир боловсруулдаг манай ууган үйлдвэрүүдийн нэг юм.  

30 мянган үгтэй Я.Цэвэлийн “ногоон толь”-ийн хуучин хэвлэл өнөөдөр овоо үнэтэй, ховор номын жагсаалтад оржээ. 1966 онд хэвлэгдсэн энэ тайлбар толь бичгийн 107 дугаар талд “булигаар. үхэр адууны ширийг боловсруулан, ханан хээ гаргаж хийсэн эд; булигаар богц; булигаар гөлөм; булигаарын завод.” гэж бий.

Саяхан 70 нас зооглосон нийтлэлч Баабар гуай төрсөн өдрийнхөө өмнөхөн нэгэн ном хэвлэсэн нь “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь” юм. Манай эрдэмтэд “Толь бичгээ эргэн харах цаг болжээ..” гэж сүүлийн арваад жил ярьж байх зуур Баабар гуай “атар онгон” манай толь зүйн салбарт нийтлэлч баавартай орж ирлээ. Ирэх ч юу байхав, ер нь мань хүн олон жилийн өмнөөс монгол хэлэнд орж ирсэн зээлдмэл үгсийг цуглуулж, судалсан юм билээ. Жилийн өмнө нэг ярилцлагыг нь үзэж байтал “Би энэ булигаар гэдэг үг манай хэлэнд хаанаас орж ирэв гэж удаан хайсан… Явж явж “bull hair” хэмээх үг байсан..” гэдэг байгаа. Янз бүрийн юм сонирхдог хүн шүү гэж зэрвэс бодсоноос тайлбар толь бичиг туурвиж байсныг нь яаж мэдэхэв. Тэгэхээр Баабар гуай энэ үгийг шинэхэн хэвлэсэн тольдоо оруулсан нь лавтай. Тайлбар толь юм чинь “Булигаар хүрэн цүнхэнд нь чихэр шаргиад байна даа хө” дууны энэ мөрийг шигтгээ болов уу даа, таана.

Буллшит гэж юу вэ?

100 гаруй жилийн өмнө “булигаар” хэмээх үг манай хэлэнд орж ирээд хувьцаат компани болтлоо нутагшиж чадсан бол эдүгээ түүнтэй язгуур нэг “буллшит” хэмээх үг нутагших замдаа оржээ.

Америкийн философич Харри Франкфурт “On Bullshit” (1986) номыг “Монсудар”-ынхан “Буллшит-Шалдар булдар яриа” гэж орчуулсан. “Бяруу болоогүй байж бухын баасаар…” гээд бид ярьдаг ч “бухын баас” гээд шуудхан орчуулж бас боломгүй. “Булл орж шөл уух уу?” гэдэг шиг нутагшаад явах биз.

Харри Франкфуртийн тодорхойлсноор буллшит ярьдаг хүн бол ичих булчирхайгүй, бусдад зөвхөн өөрийн хүссэн сэтгэгдлийг төрүүлэхийн тулд санаатайгаар хоосон, хуурамч нөхцөл байдлыг тулгахыг хэлнэ. Мань эр Дэлхийн II дайны үеийн Америкт өссөн. Тэр үед америк хүн бүр “Бид дайнд оролцсон нь зөв зүйтэй” гэсэн итгэл үнэмшилтэй байж. Гэтэл эргээд харахад энэ бол улстөрчид, олон нийтийг үзэл бодлоор манлайлагчид (одоогийнхоор инфлүенсерүүд) дайны талаар маш их буллшит ярьж, тэр нь жирийн иргэдийн өдөр тутмын ярианы сэдэв болсных байж.

Тэгэхээр буллшит гэж юу вэ? Аливаа худал хуурмаг зүйл гэдэг цаг хугацааны явцад үнэнтэй эсэргэцдэг (Үнэнд гүйцэгдэнэ гэж бид ярьдаг даа) бол буллшит нь үнэнтэй огт хамаагүй, тэр замаас салаад явчихдаг ойлголт тул илүү урт удаан “наслах” зэвүүн этгээд юм. Хамгийн осолтой нь буллшит яригч хүн (жишээ нь улстөрч) гуайд олон жилийн дараа үнэнээ хүлээх бололцоо гарсан ч хэлэх бодол түүнд огтхон ч төрдөггүй байна.

Зарим улстөрчийн яриаг ойлгохыг аргагүй байдаг даа. Ялангуяа “гд” нөхцөлтэй үгийг гарамгай ашиглаж “тэр дагуу батлагдсан…”, “гишүүдээр дэмжигдсэн ч гэлээ…”, “харамсалтай нь дэмжигдээгүй…” зэрэг үгээр хачирлаад ярьж байвал ер нь эвгүй, буллшит юм болоод явчихлаа гээд ойлгоход хол зөрөхгүй. Өөрөөр хэлбэл улстөрчийн яриаг сонсоход сайхан боловч дараа нь эргээд харахад ямар ч онцлох пойнтгүй байдаг нь буллшит болоод явчихжээ гэсэн үг.

Буллшит ажил гэж юу вэ?

Америкийн философич Харри Франкфуртын тодорхойлттой дээр танилцсан бол бол дөрвөн жилийн өмнө Италийн Венец хотод нас барсан Дэвид Гребэрийн “Bullshit Jobs: A Theory” (2018) ном монгол хэлээр гараагүй ч ярихаас аргагүй. Гребэр бол антропологич хүн байв. Нас барсныг нь онцлон дурдахын учир юу гэвээс түүний номуудыг шимтэн уншигчид “Дахиад бид Дэвидийнхээр юмсыг харахгүй нь..” гэж харамсаж бичжээ. Түүний “Өр гэж юу вэ? Анхны 5000 жилд” хэмээх шуугиан тарьсан бүтээл 2017 онд монгол хэлээр гарсан.

Гребэрийн онолоор бол үнэхээр “Буллшит ажил” гэж байдаг. Тэдгээр нь эдийн засгийн өсөлт, бүтээмжид ямар ч нөлөөгүй, хувь хүндээ ч бахархалгүй хоосон хөндий, амьгүй ажлыг хэлнэ. Манайхаар бол улсад ашиггүй төрийн өмчит компанийнхан эсвэл “тендерчин” компанийн цүнх баригчдыг эхэнд нэрлэж болох юм. Гэхдээ бас амжилттай яваа томоохон корпорацид өдөр тутам нэгэн хэвийн ажил эрхэлж, эргэлдэх аварга том арааны эрэг шураг төдий болчихсон хүмүүсийг үүнд оруулдаг юм билээ. Байгууллагын бүтээмжинд нэг ч цагийн нэмэргүй хүмүүсийг үүнд хамруулна.

Буллшит ажлууд ерөнхийдөө дараах шинж чанаруудтай: Үр ашиг багатай, илүүц үүрэг бүхий ажил. Автоматжуулж болох ажил. Эсвэл шаардлагагүй үүрэг даалгаварууд. Утга учиргүй санагдах төрлийн ажлууд (Ажилтнууд өөрсдөө хийж буй ажлынхаа ач холбогдолд эргэлздэг, утгагүй гэж үздэг). Цаашлаад зөвхөн дүрэм журмыг дагахад чиглэсэн, оролцоо ихтэй ч үр дүн багатай, өөр хүний хийх боломжтой буюу үүрэгтэй давхцалтай, удирдлага, зохицуулалтад төвлөрсөн гэх мэт ажлууд буллшит төрөлд ордог байна.

Буллшит ажил, ер нь буллшит бол худлаас илүү үнэний дайсан гэж үг бий. Яагаад гэхээр үнэн мөнийг нь олох гэсээр байтал хайран цаг хугацаа өнгөрч, засах аргагүй болдог аж.

Иймд буллшит нь зөвхөн хий хоосон яриа, утгагүй ажлаар хязгаарлагдахгүй. Нийгмийн харилцаа, мэдээлэл, үзэл сурталд гүнзгий шингэж, үнэн бодит байдлыг гажуудуулж, төөрөгдөл, үл итгэлцлийг нэмэгдүүлж байдаг. Энэ нь өдөр тутмын амьдрал, ажил мэргэжилдээ бодит утга учрыг эрэлхийлж, илүү үр дүнтэй, ач холбогдолтой зүйлсийг сонгох хэрэгтэйг хүмүүс бидэнд сануулж буй том дохио юм.

0/1000