Японы хамгийн өндөр уул (3776 метр) болох Фүжи уулын цасны хэмжээг 130 жилийн өмнөөс бүртгэж эхэлсэн бөгөөд энэ жил Фүжи уул хамгийн удаан хугацаанд цасгүй, нүцгэн байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Олон жилийн дунджаар аравдугаар сарын эхээр Фүжи уулыг цас нөмөрч эхэлдэг ч энэ жил Японд агаарын хэм урьд өмнө байгаагүй хэт халснаас шалтгаалж одоог хүртэл цас орохгүй байсаар байна. Өнгөрсөн зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд Япон улсад агаарын хэм дунджаас цельсийн 1.76 градусаар илүү халж, хамгийн халуун зуны дээд амжилтыг тогтоосон юм. Өнгөрөгч есдүгээр сард мөн тус улсын 1500 орчим байршилд агаарын хэм +35C хүрч, хэт халсныг Японы Цаг уурын нийгэмлэгээс мэдээлжээ. Энэ сард агаарын хэм огцом унасан ч мөн л дунджаас илүү халуун аравдугаар сар болж байна. Энэ бүгдээс шалтгаалж энэ жил Фүжи уул ийнхүү хамгийн удаан хугацаанд цасгүй байсаар байна. Өнгөрсөн жил 10 дугаар сарын 5-ны өдөр анх цас орсон байна.
Харин 1955 болон 2016 оны аравдугаар сарын 26-нд анхны цас Фүжи ууланд орж байсан нь цасгүй удсан хамгийн урт хугацаа байжээ. Жуулчдыг татдаг Фүжи ууланд 2023 оны 7-9 сарын хооронд 220 мянга гаруй хүн авиралт хийсэн байна.