Өнөөдөр Хятадын “Шэньжөү-19” сансрын хөлгийг Ганьсу мужийн элсэн цөл дэх Жючюан хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөлөө.
“Тиангун” сансрын станцид хагас жилийн хугацаанд ажиллах 3 гишүүнтэй шинэ багийн бүрэлдэхүүнд Ван Хаоже хэмээх Хятадын түүхэн дэх анхны эмэгтэй сансрын нисэгч-инженер багтаж байгаа аж. Тэрээр агаарын хүчний нисэгчээр мэргэшээгүй хэр нь сансарт хөөрч буй Хятадын анхны эмэгтэй нисэгч болж байгаа юм. Энэхүү үйл явдал дэлхий дахины анхаарлыг ихэд татаад буй.
Дэлхий дахинд 566 хүн сансарт ниссэний 65 нь эмэгтэй нисэгчид байдаг аж. Ингээд та бүхэнд эмэгтэй сансрын нисэгчдийн түүхийг хуваалцаж байна.
Дэлхий дахинаа 60 жилийн өмнө буюу 1963 оны зургаадугаар сарын 16-нд анхны эмэгтэй сансрын нисэгч В.Терешкова сансарт нисэж байсаныг бид дурсахгүй өнгөрч болохгүй. Тэрээр дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешковагийн нислэг нь ЗСБНХУ-ын төдийгүй бүх хүн төрөлхтний хувьд томоохон түүхэн үйл явдал болж, бусад эмэгтэй сансрын нисэгчдийг тойрог замд оруулах замыг нээсэн юм.
2022 оны зурагдугаар сарын 5-нд Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян сансарт нисэж байжээ. Тэрээр Шэньжөү-14 сансрын хөлгөөр сансарт 183 хоног ажиллажээ.
АНУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгч Кристина Кок 2011 оны гуравдугаар сарын 12-нд сансарт нисэж, тойрог замд 328 хоног ажиллан нэг нислэгээр хамгийн удаан аялсан эмэгтэй нисэгч болж түүхэнд нэрээ бичүүлжээ.
Үүний дараа түүхэнд анх удаагаа эмэгтэй сансрын нисэгчид задгай сансарт гарч ажилласан үйл явдал /2019.10.18/ болсон. NASA-гийн хоёр эмэгтэй сансрын нисэгч хүн төрөлхтөн задгай сансарт гарсан 50 гаруй жилийн түүхэнд анх удаагаа дангаараа, эрэгтэй сансрын нисэгчдийн тусламжийг авалгүйгээр задгай сансарт ажилласан. Түүхэн үйл явдалд оролцсон эмэгтэй нисэгчдийн нэг болох Кристина Кок нь дөрөв дэх удаагаа задгай сансарт ажилласан бол нөгөө нисэгч Жессика Мэйр нь анх удаа задгай сансарт гарчээ.