horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин харван туршлаа

post-img

БНАСАУ пүрэв гаригийн өглөө Зүүн тэнгисийн зүг тив алгасагч баллистик пуужин харван туршсан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдээд байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөөний 7 цаг 10 минутын орчимд Умард Солонгосын Пёнганы орчмоос пуужин харвасныг сэтгүүлчдэд мэдээлжээ.

Мөн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин үүнтэй холбогдуулан бэлэн байдалд орохын сацуу Умардын баллистик пуужингийн талаар АНУ болон Японы эрх баригчидтай тун ойр ажиллаж, мэдээлэл солилцож байгаа гэжээ.

Лхагва гаригт Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах департаментын төв байранд явагдсан АНУ-БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаас ердөө хэдхэн цагийн дараагаар ийнхүү Умард Солонгос тив алгасагч баллистик пуужингийн туршилт явууллаа.

Хоёр улсын батлан хамгаалахын сайд нар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уулзалт, яриа хэлэлцээний төгсгөлд хийсэн хамтарсан мэдэгдэлдээ Умард Солонгосын цэргүүд ОХУ-д дайчлагдан очоод байгаа явдлыг буруушаасан юм.

БНАСАУ хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тив алгасагч баллистик пуужин (ICBM) харван туршиж байсан бол богино зайн баллистик пуужингийн хэд хэдэн туршилтыг өнгөрөгч есдүгээр сард явуулсан билээ.

23
0/1000