Испани улсын зүүн хэсгийн Валенсиа муж болон мужийн ойр орчмын нутгуудаар усархаг хур бороо зогсолтгүй орсны улмаас сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй үер болж, байгалийн гамшгийн улмаас доод тал нь 95 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй алга болоод байна.
Одоогийн байдлаар Валенсиа мужид 92 хүн амиа алдаад байгаа бол Кастилла Ла Манчад 2 хүн, Малагад 71 настай Их Британийн иргэн эмнэлэгт нас барсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Үерийн улмаас мөн олон хүн сураггүй алга болоод байгаа тул амиа алдагсдын тоо өсөж болзошгүй гэдгийг Испанийн Засгийн газраас анхааруулжээ.
Мягмар гаригаас эхлэн зогсолтгүй орсон усархаг борооны улмаас гэнэт үерлэж, үерийн ус гүүр, байшин барилгуудыг даван хальж, иргэд амиа аврахын тулд байшингийн дээвэр болон модон дээр авирч гарахад хүрсэн байна. Аврах ажиллагааг лхагва гаригийн өглөөнөөс эхлүүлэн одоог хүртэл үргэлжлүүлэн явуулсаар байгаа бөгөөд аврах, эрж хайх ажиллагаанд онцгой байдлын албан хаагчдаас гадна Испанийн зэвсэгт хүчний 1000 албан хаагч оролцож байна.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчез үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна.
Нутгийн төв болон зүүн хэсгээр орсон хур тунадас намжсан хэдий ч цаг уурын албаныхны зүгээс борооны үүлс зүүн хойд хэсгийн Каталони мужийг чиглэн хөдөлж байгааг анхааруулжээ. Богино хугацаанд гэнэт ус ихтэй бороо орж, үерлэсэн энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг цаг уурчид Испанид намар болон өвлийн эхээр тохиодог, Газар дундын тэнгисийн дулаахан температуртай ус болон хүйтэн цаг агаарын харилцан үйлчлэлээс үүдэлтэй “gota fria” хэмээх байгалийн үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа бол эрдэмтэд үүнийг мөн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас борооны үүлсийн агуулах хур тунадасны хэмжээ үлэмж нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
Хамгийн сүүлд 1973 онд Испанид томоохон үер болж, 150 орчим хүн амь үрэгдэж байсан бөгөөд түүнээс хойшхи хамгийн их гарз хохирол учруулж, олон хүн амиа алдсан үер энэ долоо хоногт тохиогоод байна.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Испанийн аврах багийнханд туслах үүднээс Коперникийн хиймэл дагуулын системийг идэвхжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагаа мэдэгджээ. Мөн Европын бусад хөрш улс орнууд Испанид дэмжлэг туслалцаа үзүүлж, аврагчдыг дайчлах саналуудыг тавьж байна.