Монгол Улс анх удаа парламентдаа 126 гишүүн сонгоод буй. Гишүүний тоог ийнхүү 50-иар нэмснээр олон давуу тал, ач холбогдолтой хэмээн тухайн үеийн хууль тогтоогчид тайлбарлаж байв. Шинэ парламент байгуулагдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Анхдугаар хуралдааны дараа нэг удаа ээлжит бус чуулган хийсэн. Эдүгээ эхний намрын чуулган хуралдаж, ирэх оны улсын төсвийг батлахаар ярилцаж байна. Тэгвэл парламент 126 гишүүнтэй болсны давуу тал гарч байна уу, ямар өөрчлөлт, ахиц гарав.
Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар нийгмийн бүх салбарын төлөөллийг багтааж, намуудын тоог нэмэхийг зорьсон. Улс төрийн гол намууд жагсаалтдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, залуус гэх мэтээр олон салбарын төлөөллийг багтаасан. Үүний үр дүнд манай парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэнийг төлөөлөх хоёр хүн сонгогдоод байна. Нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх, намын жагсаалтад хүйсээр сөөлжүүлж бичих зэрэг хуулийн заалтын үр дүнгээр нийт гишүүний 25 хувь нь бүсгүйчүүд болов. Өмнө нь хамгийн ихдээ 17 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг байлаа. Мөн залуусын төлөөлөл ч цөөнгүй сонгогдсон. Тэгэхээр нийгмийн төлөөллийг хангах зорилго нь холимог тогтолцоо, намуудын жагсаалтаа эрэмбэлсэн байдлын үр дүнд биелжээ. Харин тэд сонгогдсоны дараа юу хийж, ямар өөрчлөлт гаргах нь илүү чухал.
Олон гишүүнтэй болсноор хууль батлах үйл явц илүү чанартай болно, босго нь өндөрсөнө гэж үзсэн. Өмнө нь нэг байнгын хорооны 11 гишүүний олонхын буюу зургаан хүний саналаар аливаа хуулийн төслийг дэмждэг байжээ. Одоо нэг байнгын хороо дунджаар 20 гишүүнтэй болсон. Ёс зүй, дэгийн байнгын хороо хамгийн цөөн буюу 13, Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороо тус бүр хамгийн олон буюу 25 гишүүнтэй юм билээ. Тиймээс дунджаар 10 хүний дэмжлэгээр асуудлыг дараагийн шатанд шилжүүлдэг болсон гэсэн үг. УИХ-ын гишүүний тоо 50-иар нэмэгдсэн учраас санал хураах, дэмжих босго нэмэгдэх нь аргагүй. Гэхдээ аливаа хууль, тогтоомжийн хэлэлцүүлгийн чанарыг зөвхөн гишүүний тоогоор хэмжих нь өрөөсгөл. Тэдний оролцоо, асуудалд хэр хариуцлагатай хандаж, алдаа, мадгийг нь шүүж, засаж залруулж буй байдлыг харах учиртай. Энэ талаас нь харвал 126 гишүүнтэй боллоо гээд чанар сайжирсан гэхэд хэцүүхэн л байна. Учир нь тэдний оролцоо, ирц ээлжит бус чуулганаас эхлээд л тааруухан байж, шүүмжлэлд өртсөөр ирсэн. Улсын ирэх оны төсөв хэлэлцэж байхад ч энэ байдал хэвээр үргэлжилж байгаа нь харамсалтай.
УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийг тогтмол мэдээлдэг болсон. Өнөөдрийн нэгдсэн чуулган 10.00 цагт эхлэх үеийн байдлаар 18 гишүүн ажилдаа ирсэнгүй. Харин Т.Аубакир, Э.Бат-Амгалан, П.Батчимэг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, Н.Наранбаатар, Ц.Туваан, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Ө.Шижир нарын гишүүн гадаадад, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ хоёр орон нутагт томилолттой яваа юм байна. Мөн Ч.Анар, Х.Болормаа, Ж.Ганбаатар, Б.Пунсалмаа, З.Мэндсайхан нар эрүүл мэндийн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, гишүүн Э.Батшугар нар чөлөөтэй гэжээ. Ийнхүү 14 гишүүн томилолттой, долоон хүн чөлөөтэй байгаа аж.
Дээрх 18 хүний тоонд сөрөг хүчин болох ИЗНН-ын дарга Б.Батбаатар багтжээ. Түүнийг тус намын гишүүн М.Нарантуяа-Нара “Ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг” хэмээн шүүмжилж, маргаан гарч байсан билээ. Мөн Х.Баттулга, С.Лүндэг, Н.Алтаншагай зэрэг хүмүүс эл жагсаалтад багтсан юм. Гэхдээ тэдний зарим нь хоцроод ажилдаа ирсэн бололтой. Тухайлбал, гишүүн Х.Баттулга чуулгандаа сууж харагдана лээ. Гэхдээ ирц гаргах бүрд 20 орчим гишүүн шалтгаангүйгээр “алга болсон” байгааг өмнөх долоо хоногийн мэдээллээс ч харж болно. Тэдний цөөнгүй нь анх удаа сонгогдсон, шинэ гишүүн байгаа нь анхаарал татаж буй юм. Сайныг нь биш, саарыг нь сурч, маш хурдан “том толгой” гаргадаг болсон гэсэн үг. Уг нь УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл, тэдний эрх ашгийн төлөө ажиллах учиртай. Гэвч гишүүн ямар үүрэгтэйг бодохоос илүү энэ байр суурьт хүрч, сонгогдох нь чухал байсан хүн цөөнгүй бололтой. Тэдний ажилдаа хэрхэн хандаж, оролцож буйгаас үүнийг мэдэж болно.
Мөн гишүүний тоог нэмэх хэрэгтэй гэсэн хамгийн гол үндэслэл нь цөөн байх тусам эрх мэдэл нэг дор төвлөрч, хуйвалдаан ихсэж, худалдагдах магадлал нэмэгдээд байна гэдэг шалтгаан байлаа. Гэтэл эдүгээ тойргоос сонгогдсон 78 гишүүн хамтраад тус бүрдээ таван тэрбум төгрөг зарцуулах эрхийг улсын ирэх оны төсвийн төсөлд суулгахаар хуйвалдаж явааг хэвлэлүүд мэдээлж байна. Тэд үрэлгэн, хэрэггүй зардлыг танаж, төсвийн төслийн усыг шүүж, тухайн тойрогт үнэхээр шаардлагатай ажлуудыг санхүүжүүлэхийн төлөө зүтгэж буй бол өөр хэрэг. Гэвч олонх нь тойрогтоо мөнгө татсан гавьяаг өөртөө наахад л анхаарлаа хандуулж буй. УИХ-ын гишүүний тоо нэмэгдээд хуйвалдаан цөөрөх биш, харин ч “баг” нь томорч, хүч нь нэмэгдээд байгаа юм биш үү.
Юутай ч шинэ парламент байгуулагдан ажилласан эхний дөрвөн сард тоо нэмээд чанарыг сайжруулах зорилгын үр дүн төдийлөн харагдсангүй. Тэд ажлаа дөнгөж эхэлж буй учраас үлдсэн гурван жил гаруйн хугацаанд чамбайраад, сайжраад явна гэж найдна. Үгүй бол татвар төлөгч иргэд бид дахин 50 “хоолны сав” тэжээсэн болоод дуусах нь.