horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Хятадын BYD компани улирлын борлуулалтын орлогоороо анх удаа Tesla-г ардаа орхилоо

post-img

Хятадын цахилгаан автомашины тэргүүлэгч BYD компанийн улирлын борлуулалтын орлого огцом өсч, түүхэндээ анх удаагаа Америкийн Tesla компанийг гүйцэж, ардаа орхиод байна.

2024 оны 3 дугаар улиралд BYD компани 200 тэрбум гаруй юань буюу ойролцоогоор 28.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 24 хувийн өсөлтийг үзүүлжээ. Харин Элон Маскын Tesla компанийн улирлын борлуулалтын орлогын хэмжээ 25.2 тэрбум ам.доллар гарсан ч борлуулсан автомашины тоо хэмжээгээрээ Tesla Хятадын компаниас илүү байлаа.

Хятадын засгийн газрын дэмжлэгтэй BYD компанийн борлуулалтын орлого дотооддоо ийнхүү өсөөд байгаа бол олон улсын зах зээлд тийм ч сайнгүй байгаа. Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд АНУ болон Канад улсууд аль хэдийн 100 хувийн татвар ногдуулаад байгаа бол энэ долоо хоногоос Европын Холбооны зүгээс Хятадад үйлдвэрлэсэн буюу BYD, Geely, SAIC Motor зэрэг компаниудад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод таван жилийн хугацаанд нийт 45.3 хувийн татвар ногдуулах журам хэрэгжиж эхлээд байгаа билээ. 10 сарын 31-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа дээрх импортын тариффыг Хятадын автомашины аж үйлдвэрлэлд төрөөс олгож байгаа татаасыг шударга бус гэж үзсэний үндсэн дээр ногдуулахаар болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн дэмжлэг, туслалцаа авч байгаа учраас Хятадын цахилгаан автомашины үнэ ханш барууны цахилгаан автомашины үнээс хамаагүй хямдхан байгаа нь шударга бус гэж ЕХ-ны хууль тогтоогчид үзээд, дээрх импортын татварыг ногдуулаад байгаа билээ.

Харин Хятадын тал ЕХ-ны энэ алхмыг Европын хөрөнгө оруулалтын орчныг эрсдэлд оруулж байгааг анхааруулаад байна. Энэхүү татварын арга хэмжээг Хятадын тал эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, ДХБ-ын маргаан шийдвэрлэх механизмд гомдол гаргаад байгаа. ЕХ-ны энэхүү үйлдэл нь шударга өрсөлдөөнийг гажуудуулж байна хэмээн Хятадын тал үзэж байгаа бөгөөд энэ нь Хятад, Европын аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар Европын хэрэглэгчдэд илүү их зардал учруулж болзошгүй гэв. Түүнчлэн үүнээс үүдэлтэйгээр ЕХ-ны худалдааны орчин “бохирдож”, ногоон шилжилтийн үйл явцад нь сөрөг үр дагавар авчрах болно гэж үзэж байгаа ажээ.

0/1000