horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ: Оросын курскийн бүсэд Умард Солонгосын 8 мянга орчим цэрэг байрлаж байгаа

post-img

Умард Солонгосын цэрэг ОХУ-д дайчлагдан ирж, байршаад байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед олон улсын анхааралд ороод байна.

Умард Солонгосын нийт 10 мянган цэрэг ОХУ-д ирээд байгаагаас Украины хилийн ойр орчмын Курскийн бүсэд ойролцоогоор 8 мянган цэрэг байрлаж, Оросын талд Украины эсрэг дайтахад бэлэн болоод байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны зүгээс мэдэгджээ.

Уг мэдэгдлээс өмнөхөн АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ллойд Остин Умард Солонгосын цэргүүдийн “цөөн хэсэг” нь Курскийн бүсийг чиглэж хөдөлсөн хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл Байдены засаг захиргааны мэдэгдлийн дагуу Орост ирээд байгаа Умард Солонгосын дийлэнх цэрэг Орос-Украины хил дээр ирээд байгаа талаар барууны хэвлэлүүд бичиж байна.

ОХУ-д дайчлагдан ирээд байгаа Умард Солонгосын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо хэмжээг АНУ 10 мянга гэж байгаа бол Өмнөд Солонгосын эрх баригчдын зүгээс 11 мянга, харин Украины тал 12 мянга хүртэл цэрэг ирсэн хэмээн мэдээлж байгаа юм.

БНАСАУ Украины эсрэг дайнд оролцох нь Орос-Украины зөрчлийг даамжруулах ноцтой аюултай үйлдэл болохоос гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний хувьд ОХУ-ын энэхүү үйлдэл маш аюултай, НҮБ-ын АЗ-ийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн үйлдэл болно гэдгийг өчигдөр энэхүү асуудлаар явагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр АНУ-ын Байнгын дэд төлөөлөгч Роберт Вуд цохон тэмдэглэсэн.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Умард Солонгосын цэргүүд Курск мужид аль хэдийн ирээд байгааг мэдэгдсэн ч одоогийн байдлаар ямар нэгэн дайн, тулаанд оролцоогүй байгааг хэлсэн байна. Мөн тэрээр Умард Солонгосын олон мянган цэргийг Орост дайчлан авчирсан явдал нь энэ дайныг газар нутгийн хувьд улам тэлж, олон улсын шинж чанартай болгож байгааг өөрийнхөө Telegram хуудсаараа дамжуулан мягмар гаригт байр сууриа илэрхийлсэн юм.

Барууны улс орны төр засгийн тэргүүнүүд ч мөн Европын нутаг дэвсгэрт өрнөж байгаа дайнд Умард Солонгосыг оролцуулах нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь зөрчилдөөнийг улам нэмэгдүүлэн даамжруулж болзошгүй гэдгийг анхааруулаад байна.

0/1000