АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотоос гаралтай реппер Young Thug гудамжны гэмт хэргийн бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээн шоронгоос суллагдаад байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Реппер Young Thug 2022 оны 5 сард гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой рекет хийсэн хэргээр баривчлагдаж, өнөөдрийг хүртэл хоригдож байсан юм.
Прокурорууд түүний байгуулсан хип хоп дуу хөгжмийн Young Stoner Life Records (YSL) хэмээх лэйблийг нь зохион байгуулалттай гэмт хэргийн гол цөм болж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгажээ. Реппертэй холбоотой энэхүү хэргийн шүүх хурлын үйл явц Жоржиа мужийн түүхэн дэх хамгийн урт удаан хугацаанд үргэлжилж байгаа шүүх хурал болоод байгаа ажээ. Прокуроруудын зүгээс Young Thug-д нийт 120 жил хорих ял ногдуулахыг шүүхээс хүсэж байсан ч реппер ийнхүү буруугаа хүлээснээр талууд тохиролцоонд хүрэхээр болсон байна.
Тэрээр гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой нэг хэрэг, мансууруулах бодистой холбоотой 3 хэрэг болон галт зэвсэгтэй холбоотой 2 хэрэг дээр буруугаа хүлээжээ. Одоо яллагч, яллагдагч талуудын хооронд тохиролцоо хийх эсэхийг шүүгч Пэйж Уитакер шийдэж, улмаар түүнд оноос ялын хэмжээг тогтоох ажээ.
Хэрвээ тохиролцож чадвал прокурорууд түүнд 45 жилийн ял (25 жил шоронд, 20 жил батлан даалтад) өгөхөөр төлөвлөсөн байна.
Өдгөө 33 настай реппер Young Thug-ийн жинхэнэ нэрийг Жеффери Ламар Уилльямс гэдэг бөгөөд нийт 2.5 сая хувь цомог борлуулж, Грэмми шагнал хүртэж байсан түүнийг дуу хөгжмийн салбарынхан “21 дүгээр зууны хамгийн нөлөө бүхий реппер” хэмээн өргөмжилж байсан удаатай билээ.