Япон улс замын хөдөлгөөний шинэчилсэн хуульдаа шинэ журам оруулжээ. Тодруулбал дугуй унаж байхдаа гар утас ашиглавал зургаан сар хүртэл хоригдож магадгүй эсвэл 100,000 иен (655 доллар) торгууль ногдуулахаар болжээ. Мөн уг журамд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унавал гурван жил хүртэл хорих эсвэл 500,000 иений (3,278 доллар) торгууль ногдуулахаар заасан байна.
Ковидын цар тахлын нөлөөгөөр олон хүн нийтийн тээврээр бус дугуй унах болжээ. Гэхдээ энэ хэрээр дугуйн осол нэмэгдэж эхэлсэн байна. 2023 онд 72 мянга гаруй дугуйн осол бүртгэгдсэн нь тус улсын зам тээврийн ослын 20 гаруй хувийг эзэлжээ.
Мөн 2018-2022 оны хооронд унадаг дугуй унаж байхдаа утас хэрэглэсний улмаас 454 осол гарсан гэжээ. Тиймээс эрх баригчид өнгөрсөн жилээс эхлэн дугуй унаж буй хүмүүс заавал дуулга өмсөх журам гаргасан.