horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих уу!?

post-img

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-аар хийж байна. Улсын төсвийн орлого, зарлагыг хэрхэн зөв тооцоолж, хуваарилахаас ирэх онд эдийн засгийн байдал ямар байх, иргэд бидний өдөр тутамд хэрэглэх хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, эсэх нь шууд хамааралтай. Засгийн газраас өргөн барьсан төсөлд улсын төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Хэдийгээр орлого нь алдагдлаасаа илүү мэт боловч хэтэрхий олон шаардлагагүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх ашгийг тусгасан зардал үүнд их байгаа. Төсвийн төслийн хэлэлцүүлэгт илүү ажил хэрэгч байдлаар хандаж буй дөрөвхөн гишүүн л энэ парламентад байгаа аж. Тэд өчигдөр мэдээлэл хийж, төсвийн зардлаас шаардлагагүй 3.6 их наяд төгрөгийг хасахыг шаардсан.

Төсөвт олон “но”-той заалт, үрэлгэн зардлыг хүч түрэн тусгаж буйг Ж.Баярмаа гишүүн байнга хэлж буй. Томилолт, зочны зардалд 111.6, тавилга, эд хогшил авахад зориулж 267.8 тэрбум, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд 1.9 их наяд төгрөг гэх мэтээр том том дүнтэй, шаардлагагүй зардал уг төсвийн төсөлд олон бий. Сайд, гишүүд төсвийн мөнгөөр томилолт нэртэй зугаалгаар яваад юу сурч мэдэв, тэндээс олж ирсэн туршлагаа хэрхэн хэрэгжүүлэв гэвэл хариулт бараг олдохгүй. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад сайд нар жилд хоёроос илүү удаа гадагшаа томилолтод явахгүй байх хязгаар тогтоосон нь төсвийн зардлыг хэмнэх зөв жишиг байлаа. Харин одоо энэ зардлыг “сул тавьжээ”. Мөн шинээр томилогдсон сайд, сонгогдсон гишүүн бүр шахам өрөөгөө засаж, тавилгаа сольдог тэнэг уламжлал манай улсад бий. Тавилга солихын ард бас л хэсэг хүний бизнесийг дэмжих эрх ашиг байдаг биз ээ. Төсвийн төслөөс энэ мэт нийт 3.6 их наяд төгрөгийг хэмнэх ёстой хэмээн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын гишүүн хамтран шаардлага хүргүүлсэн. Гэтэл монголчууд үүн дотроос өсвөр насны хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичиг тараахтай холбоотой ганцхан зардлыг сонгож аваад л маргалдаад байх юм. Бусдыг нь “үл тоогоод” буй бололтой. Улмаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинг огцруулах саналыг нийгмийн сүлжээнд гаргаж байна. 18.3 тэрбум төгрөгөөр үнэгүй үйлчилгээ үзүүлж, халамжийн сэтгэлгээ суулгах, цаагуураа Ч.Номин сайдын ч юм уу, хэн нэгний бизнесийг дэмжих санаа агуулсан гэж уг асуудлыг бид хардах эрхтэй. Шүүмжлэх ч ёстой. Гэвч улсын 2025 оны төсөвт хуваарилсан үрэлгэн, шаардлагагүй зардал нь ганцхан энэ биш, иймэрхүү санал багцдаа тусгуулсан сайд нь зөвхөн тэр биш гэдгийг ойлго. Төсвийн ерөнхийлөн захирагчдын татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаах гэж буй бүх үйлдлийг нийтэд нь, нэгийг ч үлдээлгүй шүүмжилж, хасахыг шаардах ёстой юм. Мөн нэг сайдад биш, 14 мега төслийг санхүүжүүлэх нэрээр халхавчлан хуйвалдааны санал, төсвүүдийг төсөвт тусгаж оруулж ирсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүхэлд нь хариуцлага тооцохыг шаардах учиртай. Асуудлаа томоор, бүхлээр нь харж шүүмжлэх хэрэгтэй байна.

Төсвийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд энэ бүх ажлыг хийж, үрэлгэн, ашиг сонирхол бүхий, тооцоо судалгаагүй саналуудыг хасах ёстой. Гэвч 126 гишүүнээс шүүмж хэлж, ажил хэрэгч санал гаргаж буй нь ердөө дээр дурдсан дөрвөн хүн байна гэхэд болно. АН, ХҮН намынхан Засгийн газарт хамтарчихсан учраас олонх нь амаа үдүүлчихсэн. Бас тойргоос сонгогдсон гишүүд нь тус бүрдээ өөртөө төсөв хуваарилуулах амбийцтай учраас илүү зүйл дуугарахгүй. Цөөнх гэж буй ИЗНН-аас М.Нарантуяа-Нара нь зарим заалтыг цээжээрээ хамгаалан дэмжээд байдаг. Намын дарга нь хар, цагаан дуугүй сууна. Үндэсний эвслийнхэн ч сураг ажиг алга. 126 хүнээс дөрөв нь “орилоод” ямар ч үр дүн гарахгүй. Ингээд олонхоороо хүчлээд, төсвийн зардлыг 2023 оныхоос 60 хувиар өсгөсөн төслөө батлахаар зэхэж байна. 300 орчим тэрбум төгрөгөөр тавилга, эд хогшлоо сольж, 111 тэрбум төгрөгөөр сайд, гишүүд гадагшаа “аялах” нь тодорхой болж байх шиг. Одоо үүнийг зогсоох ганц л алхам бий. Тэр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг. Тэрбээр улсын 2025 оны төсвийг баталснаас хойш тав хоногт багтаан бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Өмнө нь Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан жишээ бий. Харамсалтай нь, УИХ хүлээж аваагүй юм. АН-ынхан сөрөг хүчин байхдаа 2023 оны төсвийн үрэлгэн байдлыг шүүмжилж, хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлж байв. Харин энэ удаа тус намаас ийм алхам хийхгүй.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг энэ сарын 15-наас өмнө батлах хуультай. Үүний дараа Ерөнхийлөгч ямар нэг алхам хийх нь үү гэдгийг хүлээх үлдэж байна. Төрийн тэргүүний хоригийг парламент хүлээж авахгүй байх магадлал нь маш өндөр. Гэвч жилээс жилд хэдэн их наядаар өсөж буй үрэлгэн зардлыг зогсоох талаар ядаж нэг үг дуугарч, “бэлгэдлийн” ч болов хориг тавьбал Ерөнхийлөгч иргэддээ зөв харагдана.

82
0/1000