horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Нярай хүүхдээ сахиж буй ээжүүдэд эмнэлгээс хоол өгдөггүй байна

post-img

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн сахиурт эмнэлгээс хоол өгдөггүй учраас ар гэрээсээ 2-3 удаа эргэлт авах шаардлага үүсдэг байна. Ийн замын түгжрэлээс улбаалан хоол оройтсоноос болж хөрөх цаашлаад шим тэжээл авч чадахгүй гээд асуудал үүсдэг аж. . Энэ нь хөхүүл ээжүүдэд сэтгэл санаа тогтворгүй болох, сүүний гарц багасах зэрэг сөрөг үр дагавар дагуулдаг байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмгэг судлалын тасагт өнөөдрийн байдлаар 69 нярай сахиурын хамт хэвтэн эмчлүүлж буй.

Эдгээр нярайн ээжид хоол өгдөггүй тэд зөвхөн ар гэрээсээ ирэх хоол цайг хүлээн эргэлтийн хаалгаар эргэлдэнэ.  Нярайгаа сахиж буй ээжид хоол өгдөггүй нь ар гэрийн халамжаар ялгагдах мэдрэмжийг төрүүлж, сэтгэл санааны хувьд хүнд тусдаг гэдгийг ээжүүдийн төлөөлөл хэлсэн. Тэд өдөрт хамгийн багадаа хоёр эргэлт авахыг зорьдог ч замын түгжрэлээс улбаалан нэг эргэлт авч байгааг онцоллоо. Тэгвэл нярайгаа сахиж байгаа ээжүүдэд хоол өгөх журам байдаг эсэх асуудлаар ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл хэлэхдээ “Өглөөний 06:30-00:00 цаг хүртэлх хугацаанд эргэлт авах боломжтой. Нярайн сахиурын ар гэр нь үнэхээр ирэх боломжгүй тохиолдолд хоол зүйн мэдээнд оруулж хоол өгдөг зохицуулалт бий” хэмээв.

ЭХЭМҮТ-нь 300 гаруй ортой. Томуу, томуу төст өвчний үед орны ачаалал 400 орчим болж нэмэгдэх тохиолдолд ЭХЭМҮТ-ийн эмчилгээний хоол судлалын тасгаас дөрвөн удаа хоол бэлтгэн нийлүүлдэг байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирдэг. Тэдний хувьд хоол авч чадахгүй тохиолдол гардаг тул үүнийг ЭХЭМҮТ-нь дотроо менежмент хийж зохицуулдаг аж. Одоогоор ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сахиуруудаас дөрөв нь ар гэрээсээ эргэлт авах боломжгүй тул эмнэлгийн хоол идэж байгаа гэдгийг эмч нар хэллээ.

Тэгвэл цаашид зөвхөн ар гэр нь хол, эсвэл хоол ирэх боломгүй гэж үзэлгүйгээр бүх ээжүүдэд хоол өгөх боломж байгаа байгаа эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрыг дарга П.Эрхэмбулган “Хөдөө орон нутгаас ирэн ээжүүдэд хоол өгөх, үгүй нь тухайн эрүүл мэндийн байгууллагын менежментийн асуудал. Дотоод журамдаа тусгах боломжтой“ гэлээ. Эмнэлгийн зүгээс бэлтгэдэг хоол нь эмчилгээний зориулалттай байдаг тул зарим ээжүүдэд эсрэг заалттай байдаг байна. Тиймээс хавтгайруулан хоол өгөх нь үр өгөөжгүй гэх байр суурийг ч илэрхийлсэн юм.

101
0/1000