horoscope
horoscope
horoscope
userТ. Есөн-Эрдэнэ

Америкчууд Монголын тухай юу гэж боддог вэ?

post-img

Доналд Трампын хүүд морь бэлэглэснээс хойш таван жил өнгөрчээ. Цагаан ордны гадаах цэцэрлэгт сэтгүүлчид өгсөн ярианы архиваас харвал Трампын гэр бүл мориндоо “Виктори” буюу “Ялалт” гэж нэр өгсөн байна. Энэ үеэр тэр “Монгол, тэд бол тэмцэгчид. Тэд агуу бөхчүүд, агуу аваргууд. Японд Монголоос дөрвөн их аварга төрсөн гэж надад хэлсэн. Тэд бол гайхалтай бөхчүүд, тулаанчид. Агуу ард түмэн, агуу тэмцэгчид.” гэжээ. “Бөхийн орон”, “агуу тэмцэгчид” гэж хэр олон америк хүн бидний тухай төсөөлдөг бол?

Энэхүү нийтлэлээр америкчууд монголын талаар ямар төсөөлөл (Stereotype), төрх (image) бий болгосон талаар өгүүлнэ.

ЕРТӨНЦИЙН МӨХӨЛ БА ИХ МАЙДАР

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж бүхэлдээ хөлдөж мөстсөн дэлхий дээр амьд үлдсэн сүүлчийн хүмүүсийн тэмцлийг харуулсан Snowpiercer (2020–2024) цуврал саяхан дууслаа. Манайхан “Цас ханзлагч” гэж орчуулсан. Энэ нь дэлхийг тойрч хэрсэн төмөр замаар зорчих 1001 бүхээг бүхий урт галт тэрэгний нэр юм. Цувралын хоёрдугаар улиралд галт тэрэг Монголын нутгаар өнгөрч, барьж дуусаагүй аварга том бурхны хөшөө харагддаг. Төв аймагт өдгөө бүтээн байгуулж буй (зогссон?) Их Майдар хөшөө болох нь тодорхой. Кино бүтээгчид чухам яагаад Монголоор дайрч өнгөрөх үеийг ингэж зурагласан нь сонирхолтой. Нөгөө талаар дэлхий сөнөчихсөн байдаг, бид Их Майдараа барьж дуусаагүй гэхээр санаа зовмоор. Гээд яах билээ, бидний талаар ингэж төсөөлж болохгүй гэж уурлалтай биш.  

Их Майдар хөшөө ба “Snowpiercer 2020-2024”-ийн хэсгээс

ДОНАЛД ТРАМП: МОНГОЛ БОЛ АЗИЙН МЕКСИК ЮМ

Хэн нэгний тухай хүмүүс өөр өөрийн төсөөлөлтэй байдаг. Америкийн африк гаралтай хүмүүс бүжгийн авьяастай, азиуд харин авьяасгүй. Ирландчууд архичид, германчууд үндсэрхэг, еврейчүүд харамч. Эмэгтэйчүүд цэвэрлэгээ хийх дуртай… гэх мэт.

Хувь хүний төсөөлөл бусадтай харьцах явцад бий болдог бол бүлэг хамт олон, цаашлаад улс орнуудын тухай төсөөлөл нь соёлын бусад харилцаанаас, нийгэм, улс төр ба шашны зүтгэлтнүүд, хэвлэл мэдээлэл гэсэн эх сурвалжаар дамжин ирдэг, худлаа ч байж болдог, үнэн ч байж болдог ойлголт. Тэгээд бас өөрчлөгдөж байдаг ойлголт. Өөрөөр хэлбэл бидний тухай төсөөллийг хүмүүс хоорондын яриа, хэвлэл мэдээллээр бий болгож дамжуулж, шинээр сэлгэж эсвэл урьд байсан төсөөллийг бататгадаг байна.

2016 онд Хаффингтон пост сонин Америкийн Ерөнхийлөгч дэлхийг юу гэж төсөөлдөг талаар шоглон харуулжээ. Зурагт буйгаар Трамп Монголыг “Азийн Мексик” гэж хэлж байж. Далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд хавчуулагдсан.. гэх мэтээр биднийг харах ийм төсөөлөл дундаж америк хүмүүст хэр их байдаг бол? Хаффингтон пост дээрх өгүүлэлдээ, “Трамп сайн бизнесмэн ч гэлээ юмсыг харж буй нь жижиг  хотын дампуу эрчүүдээс ялгаагүй” гэсэн байна.

Улс үндэстнийг харах, төсөөлөх нь мөн л он жил улирах тусам өөрчлөгддөг. Нийтлэлч Баабар энэ тухай “Имиж” хэмээх өгүүлэлдээ бичихдээ “Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд цаг хугацаа, нөр хөдөлмөр орно.” гэжээ.

Энэ яриаг батлах сонин жишээ Холливудын “Ирээдүй рүү буцсан нь” (1985) кинонд гардаг. Кинонд цаг хугацааны машин нь эвдэрчихсан тул засаж байгаа хоёр ингэж ярилцана. .

Док: (гайхсан байдалтай) – “Энэ шатчихаж! Аргагүй шд.Японд үйлдвэрлэсэн юм байна”

Марти: “Юу гэсэн үг вэ? Хамгийн чанартайг  Японд үйлдвэрлэдэг шүү дээ”

Back to the Future (1985)

Энэхүү хөгжилтэй яриа нь Докийн хуучинсаг үзэл, Америкийг чанартай бүтээгдэхүүний эх орон гэж үздэг байдлыг харуулдаг бол Мартигийн хувьд 1980-аад оны үеийн мэдлэгээрээ Японы цахилгаан хэрэгслүүдийг өндөр чанартай, шинэлэг бүтээгдэхүүн гэж хэлжээ. 1950-аад оны болон 1980-аад оны үеийн технологи, чанарын талаарх үзэл бодлын өөрчлөлтийг сонирхолтой байдлаар илэрхийлсэн байна.  

“АР МОНГОЛ БОЛ МАНЖ УЛСЫН ӨРГӨМӨЛ ХҮҮ”

Анхны америк хүн Монголд 1860-аад онд анх ирсэн тухай манай архивт баримтууд бий тухай дипломатч Р.Болд ярьжээ. Хэвлэлийн түүхээс харвал “Галакси” сэтгүүлд Америкийн сэтгүүлч, зохиолч, аялагч Томас У.Нокс 1868 оны наймдугаар сард Монголоор аялсан тэмдэглэлээ нийтлүүлэв. Энэ бол америкийн сонин хэвлэлд Монголын тухай бүтэн нийтлэл гарсан анхны тохиолдол. Бас Америкийн агуу яруу найрагч Уолт Уйтмен “Азийн тал нутгийг би харж байна. Сүрэг малаа туусан нүүдэлчдийг харж байна” хэмээн бичсэн нь 19 дүгээр зуунд бидний тухай америкчуудад сонордуулсан хэрэг байв.

Америкийн элит давхарга манайхыг сонирхох болсон нь Манж Чин улсад залуу насандаа томилогдон ажиллаж байсан, хожмийн ерөнхийлөгч Хүүвэр 1890-ээд онд Хүрээнд ирж Богд хаантай уулзсан явдлаас эхлэх болов уу. Хүүвэрийг дагаж явсан гэрэл зурагчны камерийг манай сониуч Богд ихэд шохоорхож “Зарах уу?” гэж асуусан гэдэг. Мөн Америкийн хамгийн алдартай ерөнхийлөгч нарын нэг Теодер Рузвьелтийн өвөөс үзэхэд Монголын түүхийн талаар бичихээр зэхэж байсан гар бичмэл нь үлджээ.

Сонирхуулахад АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод 1904 онд бүтээгдсэн хамгийн том онгоцуудын нэгийг “SS Mongolia” гэж нэрлэж байв. 13 мянган тоннын багтаамжтай зорчигч-тээврийн аварга хөлөг.

Манай түүхэнд холбогдох бас нэгэн чухал мэдээлэл бол 1911 Богд хаант Монгол улсаа зарлан тунхаглахын үед Бээжинд суугаа Америкийн дипломатчдын нүд чих нааш хандаж эхлэв. Тэд, “Ар монгол нь Манж улсын өргөмөл хүү байсан юм. Тэд бол шинээр байгуулагдаж байгаа Хятадтай хамаагүй. Түүхийг нь эргэж харах нь зөв гэж. Цаашлаад Ар монгол тусгаар тогтнолоо зарлалаа гэж хэдэнтээ мэдээлж байжээ.” Америкчууд биднийг зуун жилийн өмнөөс өөрөөр харахыг эрмэлзжээ.

ӨНГӨРСӨН ЗУУНЫ МАНАЙ ТӨРХ

Сэтгүүл зүйн багш, доктор С.Амартүвшин олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгааныхаа тухай бичихдээ: “АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт Жеремиа Куртины “Монголчууд: түүх” номын өмнөх үгд бичихдээ Чингисийн дайнч монголчуудын тухай “…ихэнх нь бөө мөргөлтнүүд байв. Бөө мөргөлтэй гэдэг нь ХIХ зууны команч, апач нарынхтай адил ухамсар, соёлтой улс гэсэн үг. Апач, команч нараас ганцхан ялгаатай зүйл байсан нь цэргийн нягт зохион байгуулалт бөгөөд чухам тэр онцлог нь монголчуудад гайхалтай амжилт авчирчээ”  гэжээ. Өнгөрсөн зууны эхэн үед монголчуудын талаар төсөөлөл бий болгохдоо, уугуул америкчуудтай харьцуулж уншигчдад хялбараар төсөөлүүлэх гэсэн санаа бололтой.   

С.Амартүвшин багшийн дээрх судалгаа нь Конгрессийн номын сангийн судлаач, доктор М.Саруул-Эрдэнийн орчуулж эмхтгэн  гаргасан “Монголын тухай Америкийн хэвлэлд 1868-1968” гэсэн 100 жилийг нэгтгэн дүгнэсэн томоохон ажил дээр үндэслэжээ. Харин номыг зохиогч М.Саруул-Эрдэнийн ажигласнаар, 1868-1920-иод он хүртэлх хугацаанд хамаарах баримтуудад хоцрогдмол маягийн улс атлаа бүхэлдээ тайван, тогтуун амьдралтайг онцолж байж. Гэтэл 1921 оны хувьсгалаас хойшхи үеийн тэмдэглэлүүдэд улс төрийн хувьд тогтворгүйтэж, оросууд орж ирэн, бусад орны хүмүүсийг гадуурхдаг болсон тэр дүр зураг тод харагдсан байна. Харин 1950, 1960-аад оны үеийн нийтлэлүүдэд хүмүүсийн итгэл, ухамсар сэргэж, улсын хөгжлийн төлөө ард түмэн бүгдээрээ хичээн зүтгэж буй байдлыг голдуу тусгажээ.

Гадаадад монголчуудын тухай хэрхэн бичиж байсныг судалсан өөр нэг эх сурвалж бол Мишигийн Цэдэндоржийн “Гадаадынхан монголчуудын талаар” ном юм. 1971 онд гарсан энэ ном Хэвлэл утга зохиолыг хянах газрын хатуу шүүлтүүрээр орж хэвлэгдсэн бололтой гадныхны үгийг сонгохдоо баахан үзэл сурталжсан юм.

1990 ОН

1980-аад оны сүүлээр “Ассошэйтэд пресс” агентлагийн сурвалчлагч Рүүт Синайн бичсэн нийтлэлээс үзэвэл түлхүүр үгс нь “Чингис хаан, “морь унах”, хүйтэн уур амьсгал” гэсэн үгээр илэрнэ. Мөн нэмээд “Нүүдэлчин. Хүн амын хагас нь мал малладаг.” урьдын төсөөллийг баталжээ. Ерөнхийдөө Америкийн хэвлэлд Монголын тухай төсөөлөл сонирхолтой, оновчтой хэдий ч зарим талаараа хэтийдүүлсэн, ташааруулсан төдийгүй төөрөгдүүлэлтийн “манан” үүсгэж байсныг судлаач А.Оюунгэрэл судалгаандаа дүгнэсэн байна.

Энэ үеийн америк дипломатчдын үг Монголыг гэх Америкийн сонирхлыг илэрхийлнэ. Хэрэв ардчилал Монголын бэлчээр нутагт үүрэг гүйцэтгэж чадвал Хятад, Вьетнамын тутаргын талбай, Хойд Солонгосын уул толгодод ч тогтож чадах болно.” гэж Нью Йорк Таймс бичжээ.

ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ЗАЛУУХАН БОГД БИДНИЙ ШИНЭ НЭРИЙН ХУУДАС УУ?

2000 он хүртэлх хугацаанд америкийн хэвлэл Монголд улс төрийн сонгууль эсвэл байгалын гамшиг болсон үед л мэдээлдэг хандлагатай байж. Энэ байдал 19 жилийн өмнө Ерөнхийлөгч Жорж Бушийг айлчлах хүртэл төдийлөн өөрчлөгдсөнгүй. Ингэж ховорхон мэдээлэх нь бидний талаар хуучин төсөөллийг эвдэж шинэчлэх бус баталгаажуулж байв.

Сүүлд Nas Daily буюу Насир Яссин хэмээх сошиал од Монголын талаар хэд хэдэн видео контент хийснээс харвал өнөөх л хөдөө тал, малчин ард, ноолуур, говийн ноолууран хүрэм, хүчит бөх, мах идэж буй монгол эрчүүд гэсэн төсөөлөл төрүүлэх агуулгууд байна. Оюуны спортын мастер ихэр охидыг эс тооцвол шинэлэг зүйл бараг алга. Ерөөс бидэнд өөр харуулах зүйл байсангүйнх үү. Магад бид өөрсдөө тэгж харуулахыг хүссэн байх.

Өдгөө Монголд аялах нь зарим талаар Америкийн залуусын дунд адал явдалт, эрх чөлөөт амьдралын илэрхийлэл болж байгааг харахад таатай. Гэвч энэ нь хэтэрвэл Монголыг хэт зэрлэг байгальтай, орчин үеийн хөгжлөөс хол орон гэж үзэх тийш хазайгаад явчихна. 20 жилийн өмнө манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч цааш явуулсаар байгаад биднийг ер нь газар доор амьдардаг хүмүүс гэж ойлгох хандлага газар авсан гэдэг.   

Нью-Йорк таймсд нийтлэгдсэн сүүлийн хоёр жилийн материалуудын агуулгаас харахад “Төвдийн буддизмыг төлөөх тэмцлийн зүрх болсон хүү” хэмээх Богдын талаар нийтлэл байна. Мөн “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьд үлдэхийн тулд нүүрс шатаах монголчууд” хэмээх хатуу үнэн, сөрөг төсөөллүүд харагдана. Бас жуулчилж ирээд буцахдаа Улаанбаатарын түгжрэлд орж нислэгээсээ хоцрох шахсан нэгэн бичихдээ, “Монголд төлөвлөсөн шиг бүх зүйл болдоггүйг сануулах сүүлчийн санамж байв.” гэжээ.

Дүгнэж хэлэхэд, юмсыг халбараар төсөөлж, түүнийгээ хэлж, бичих  нь мэдээлэл дамжуулах амар арга зам мөн. Гэвч тухайн бүлэг хүмүүс, үндэстний цөөн тооны хэв шинжийг улиглан давтдаг тул сэтгэл зүйн талаасаа үзэгч, уншигчдад бодох боломж тун бага олгодог сул талтай. Үг хэллэггүй мэдээллийн харилцаа гэж үгүй. Харин тэрхүү үг хэллэгт зарим талаар “хагас үнэн”, “хагас худал” шургалсан байдаг. Хүний юу гэж бодохыг заах хэцүү. Гэвч хүмүүс юу гэж бодож явааг ядаж гадарладаг байх нь бидэнд л хэрэгтэй биз ээ.

495
0/1000