Доналд Трамп болон түүний ах Фрэдди Трампын харилцаа, гунигт түүхийг америкчууд сайн мэднэ. Хожим энэ талаар Трамп хэд хэдэн удаа ярьжээ. Нисгэгч мэргэжилтэй, нийтэч зан ааштай Фрэдди архины хамааралтай болж, эцэстээ 1981 онд зүрхний шигдээсээр нас барсан юм. Шаардлага өндөртэй хатуу хүмүүжлийг эрхэмлэдэг эцгийн хараанд өссөн ах дүүсээс ахмадын хувьд Фрэдди гэр бүлийн бизнесийг өвлөх байв.
Түүний намтраас дурдвал, Бага Фрэд Трамп 1938 оны 10 дугаар сарын 14-нд Нью-Йоркийн Квинст, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Фрэд Трамп, Мэри Энн Маклеод Трамп нарын том хүү болж мэндэлжээ. 1956 онд Сэйнт Паулын сургуулийг төгсөөд Лихайгийн их сургуульд суралцсан. Тэрээр сургуулиа бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд, Агаарын үндэсний гвардийн дэслэгч болсон юм. 1958 онд Багамын арлуудад амарч байхдаа Линда Клапптай танилцаж, удалгүй гэрлэж, Манхэттэнд амьдрах болжээ. Тэдний анхны хүү 1962 онд төрсөн бөгөөд дараа нь тэд Квинс руу нүүжээ. Энэ хугацаанд Фрэд эцгийнхээ бизнест тусалж байв. Гэвч, аав нь түүнийг бизнесээ өвлөн авахыг хүсэх үед тэр өөрийн хүсэл мөрөөдлөө даган нисгэгч болж, “Транс Уоролд Эйрлайн”-д ажиллах болсноор гэр бүлийн харилцаа улам таагүй болсон байна. Фрэд үл хөдлөх хөрөнгийн бизнесийг огтхон ч сонирхдоггүй байжээ.
Гэр бүлийн зөрчилдөөнөөс үүдэн түүнийг архинд донтох болсон тухай бичдэг. Харин коллежийн найзуудынх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Фрэд сургуульд байхдаа архи хэтрүүлэн хэрэглэдэггүй байсан гэдэг.
Трампын казиногийн захирал асан Жэк О’Доннелл ярьсныг “Вашингтон Пост” -д бичснээр, “Фрэдди архи хэтрүүлэн хэрэглэдэг болсны улмаас 1970-аад оны сүүлээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд нэг удаа ходоодныхоо зарим хэсгийг тайруулсан” гэж ярьжээ.
1970-аад онд Доналд Трамп аавтайгаа ойр байж Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийн байр суурийг ганхахааргүй олоод байсан бол ах Фрэд нь гэр бүлтэйгээ ойлголцохгүй хэвээр байв.
Ах дүү хоёрын зан чанарын ялгаа нь гэр бүлийн амжилтад тэмүүлэх хүсэл, хатуу хүлээлт бүхий орчинд өөрийнхөөрөө үлдэхийн хүндрэлүүдийг харуулсан сургамж болжээ. Хожим Доналд Трамп ахынхаа үхлийн талаар дурсахдаа, гэр бүлийн бизнест хүчээр уясан нь түүний хүсээгүй зүйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.