Гадаадын зээл, тусламж, улсын төсвийн мөнгөөр санхүүжүүлэх гэж буй мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө хянаж, алдаа дутагдлыг нь засуулахаар Авлигатай тэмцэх газар ажиллаж байна. Дэд бүтцийн салбар хариуцсан, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн 7 комиссар АТГ-т байдаг аж. Тэд Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөр бүрт авлигын гэмт хэрэг гарах эрсдэл хэр байгааг тогтоож, холбогдох судалгааг хийдэг юм байна. Тэд төсөл эхлэхээс дуусах хүртэл хяналт тавих юм.
Энэ жил эрчим хүчний барилга байгууламж барих 8, зам тээврийн 2, батлан хамгаалах салбарын 2, уул уурхайн 1, хот байгуулалтын 3, “Сэлбэ” дэд төвд 12 мянган айлын орон сууц барих, Улаанбаатарт метро байгуулах, “Шинэ тойрог зам” төсөлд АТГ хяналт тавьж эхэлжээ. Тус байгууллагын комиссарууд эдгээр төслийг хэрэгжүүлж буй нэгжүүдийн ажиллагсадтай байнга уулзаж, улсын төсөв, гадаадын зээл, тусламжийг үр ашиггүй зарцуулах, авлигын хэрэг гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байна.