УИХ-ын баасан гаргийн чуулганаар Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн батлав. Энэ удаа нэгэн сонин юм болсон нь баталж амжаагүй байхдаа уг төсөвт тодотгол хийхээр парламент тохирсон явдал юм. Ерөнхий сайд төсвийн хэлэлцүүлгийн турш нэгдсэн чуулганы хуралдаанд бараг оролцсонгүй. БНХАУ дахь ажлын айлчлал нь дууссан хэдий ч тэрбээр өчигдөр нэгдсэн чуулганд суусангүй. Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнд “Чөлөөтэй” гэдэг ангилалд багтсан хэвээр өнжжээ. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр үүнийг сануулж, “Ерөнхий сайд төсөв хэлэлцэж байхад заавал оролцох л ёстой. Гэтэл асуудал үүсэнгүүт нуувчиндаа орчих юм” хэмээн шүүмжилсэн.
Засгийн газраас өргөн барьсан төсөлд тэвчиж болох, үргүй олон зардал байгааг нэр бүхий дөрвөн гишүүн шүүмжилж, 3.6 их наяд төгрөгийг танах шаардлага хүргүүлсэн билээ. Тэд төсвийн үрэлгэн зардлыг хэмнэх уриалгыг бусад гишүүндээ гаргаж, гарын үсэг цуглуулж 20 гаруй хүн дэмжсэн байна. Олон нийтийн дунд ч төсвийн үрэлгэн зардлын асуудал анхаарал татаж эхэлсэн учраас Ерөнхий сайдад хэдхэн гарц үлдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Төслөө өргөн барьсан хувилбараар нь батлуулах, эсвэл гишүүдийн тавьсан шаардлагын тал хувийг ч болов биелүүлж, зардлаас хасах, үгүй бол Засгийн газраа аварч үлдэхийн тулд зарим нэг сайдаараа “туг тахих” гэсэн сонголт байв. Гэтэл Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эдгээрийн дундуурх, зальжин хувилбарыг бодож олжээ. Тэр нь тодотгол хийх. УИХ дахь бүлгүүд “Төсвийн төслийг өргөн барьсан хэлбэрээр нь баталъя” гэж тохирсон байсан тухай гишүүн Г.Дамдинням ярина лээ. Улмаар араас нь тодотгол хийхээр санал нэгдсэн гэсэн үг. Тиймээс Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл санаачлан, яаралтай хэлэлцэж баталгаажуулав. Үүгээр дээрх гишүүдийн гаргасан урсгал зардлыг танах саналыг “судлах” юм билээ. Энэ нь “Байж бай л даа. Ондоо багтаад төсөвт тодотгол хийгээд урсгал зардлаас хасчихна шүү дээ” хэмээн иргэдийг тайвшруулж буй хэлбэр гэхэд болно. Ингээд УИХ-аар Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг батлуулжээ. Дөрвөн гишүүний гаргасан саналыг “Төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлсэн учраас УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу үүнд ямар нэг өөрчлөлт оруулах боломжгүй” гээд хэлэлцээгүй аж.
Гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийж, “Олон нийтийн эрх ашгийг бодсон бидний саналыг байнгын хороо судалж үзнэ гэсэн байна. Гэхдээ цаашид тодотгол хийж буй, өргөн барьсан төсвийн төсөлдөө алдааг нь засдаг байх ёстой. Засгийн газар өргөн барьсан төслөө эргүүлэн татаад, засаж өргөн барих боломжтой байсан. Заавал арваннэгдүгээр сарын 15-ны дотор гэдэг хугацаанд баригдалгүйгээр ажиллах боломжтой. Хүсвэл УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчилж болно” гэж тэд мэдэгдэв. Төсвийн хэлэлцүүлгийн туршид “хэлгүй” байсан зарим гишүүн гэнэт дуугарч, төсвийг яг хэвээр батлах нь тодорхой болсны дараа С.Ганбаатар дээрх дөрвөн гишүүний үргүй зардлыг танах санаачилгад нэгдэн гарын үсэг зурж, Төрийн ордонд энд тэнд “бичил жүжиг” өрнөлөө. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад бас хариулав. Тэрбээр “Төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг болгоод хуулийн хугацааг нэг сараар нааш татаад өөрчилчихсөн юм байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад сар гаруйхан болсон, наймдугаар сард 2024 оны төсөвт тодотгол хийсэн” гэх мэтээр гомдоллож, ер нь л “Чанартай төсөл боловсруулах хугацаа олгоогүй юмыг яах юм” гэсэн агуулгатай тайлбар хэлэв. Бас “Засгийн газар юу гэж өргөн барьсан төслөө татах вэ дээ. УИХ хэлэлцүүлгийн явцад засаад явах бүрэн эрхтэй” гэж бөөрөнхийлөхөө мартсангүй.
Мөн нэгдсэн төсөв нь улсын, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэнд, Үндэсний баялгийн сангийн төсвөөс бүрддэг. Эдгээрээс хамгийн түрүүнд улсын 2025 оны төслийг батлах үед 71 гишүүн л оролцсон. УИХ уг нь 126 гишүүнтэй. Гэвч 56 хувь нь ирэх оны улсын төсвийг батлахад оролцож, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Дам.Цогтбаатар нараас бусад нь дэмжсэн байна лээ. Үдээс хойш чуулганы хуралдааны ирц 20 гаруй хүнээр нэмэгджээ. УИХ-ын Тамгын газраас баасан гараг болгонд гаргадаг ирцийн мэдээгээр 13 гишүүн л өвчтэй, чөлөөтэй болон гадаадад томилолттой байв. Гэтэл үдээс өмнөх хуралдаанд ирц иймэрхүү байдалтай, зарим гишүүн улсын төсвийн хэлэлцүүлэгт хайнга хандсаар дуусгалаа. Ирц хангалтгүй байгаа тухай энэ парламент бүрдсэн цагаас л ярьж буй атал хэн ч арга хэмжээ авсангүй. Залуу гишүүн П.Мөнхтулга УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотойгоор төсвийн хэлэлцүүлгийн үеэр санал бодлоо сайн хэлж чадаагүй, гишүүдийн эрх хязгаарлагдаж байгаа учраас ийм “дураараа” төсөв батлагдлаа гэж мэдэгдсэн.
Татвар төлөгчдийн мөнгөнд гамгүй хандсан, үрэлгэн төсөв батлах гэж байхад таг чимээгүй суусан олон гишүүнээс зарим нь нэр бүхий дөрвөн гишүүнд өмнөөс нь дуугарсанд талархал илэрхийлж байх юм. Өөрөө ямар нэг эрх ашигтаа хүлэгдээд дуугараагүй атлаа төсөв өргөн барьсан хувилбараараа батлагдах нь тодорхой болмогц дүр эсгэсэн талархал дэвшүүлжээ. Ийнхүү төсвийн төслийн хэлэлцүүлэг дуусав. УИХ-аас нэгэнт “Удахгүй дахин өөрчлөлт хийж, алдааг засна” гэсэн тайлбар зүүчихсэн учраас Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт хориг тавих тухай яриа ч гарахааргүй болж байна. Ондоо багтаад төсөвт тодотгол хийх үед өнөөдрийн шийдэл нь аргацаах зорилготой байсан, эсэхийг мэдэх үлдэв.