horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

2025 оны улсын төсвийг оноос өмнө тодотгоно гэдэг юу л бол

post-img

УИХ-ын чуулганаар 2014 оны улсын төсөв батлаад, гишүүд чуулганы танхимаас гарч ирж байв. Д.Зоригт гишүүн “Ханатай төсөв болов уу. Ямар санагдаж байна” гээд гар барихад Ч.Улаан гишүүн “Ямар УИХ байна, тийм л төсөв болдог юм ш дээ” гэж ёжтойхон хэлээд цааш алхсан юм. Ямар УИХ байна, тийм л төсөв болсоор ирсэн, одоо ч болж л байна даа.

Улсын төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол УИХ тарна гэж гишүүдийн зарим нь эндүүрч, ард түмэн ч тэгж найддаг. Гэвч Монголын парламентын түүхэнд тийм юм болсон удаа үгүй. Энэ удаад ч тийм юм болсонгүй. УИХ-аас ихээхэн шүүмжлэл хүртсэн төсвийг засах 3 арга бий.

  • Засгийн газар төсвийн төслөө татаж аваад, УИХ-ын гишүүд, шинжээчдийн саналыг тусган сайжруулаад, УИХ-д дахин өргөн барих.
  • Ерөнхийлөгч хориг тавьж, засуулах.
  • Хэвээр нь батлаад, тодотгол хийх.

Манайх 3-р аргыг хамгийн их хэрэглэдэг. Энэ удаад ч болдог юм болдгоороо боллоо.  

“Хуульд заасан хугацаанд улсын төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна” гэсэн заалт аль ч хуульд байхгүй. Байгаа ч үгүй. Төсвийн тухай хуульд улсын төсвийг хэзээ өргөн мэдүүлэх, батлах тухай заасан ч төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол гарах гарц гаргалгаа, тооцох хариуцлагын талаар юу ч алга.

Улсын төсөв батлах нь байнгын ажиллагаатай парламентын байнга хийдэг ажлын нэг. Батлахгүй бол нэг ажлаа хийсэнгүй ээ л гэсэн үг. Гэсэн ч манай УИХ энэ ажлаа яаж ийгээд хийгээд л байдаг юм. Сайн хийсэн үү, муу хийсэн үү гэдэг тухайд бол ярих юм ихтэй л дээ.

Хоёр сарын өмнө улсын төсвийг 3 их наяд төгрөгөөр нэмж, 30 гаруй их наяд төгрөгт хүргэсэн атлаа 2025 оны төсвийг 5 их наяд төгрөгөөр өсгөж, 35.8 их наяд төгрөгт хүргэж баталлаа. Хоёрхон сарын дотор 8 их наяд төгрөгөөр нэмсэн энэ төсөв татвар төлөгчдийн нуруун дээр дэндүү хүнд ачаа болж дарна. Татвар төлөгчдөд төрөөс үзүүлэх дарамт 2016 оноос хойш 20-30 хувиар нэмэгдсэн ч Засгийн газар чамласаар, ачааны хэмжээг нэмсээр байна.

Энэ ачааг багасга, шаардлагагүй төсвийг тана гэж зарим гишүүн шаардсан ч УИХ-ын дарга эвтэйхэн аргалж байгаад батлуулчихлаа.

Энэ оны 12 дугаар сардаа багтаан, 2025 оны төсвийг тодотгох даалгавар авсан ч Засгийн газар гэрийн даалгавраа хийх нь юу л бол.

Батлуулсан төсвөө бариад, цаашаа харах нь дамжиггүй. Хэрвээ Засгийн газар Шинэ жилээс өмнө ирэх жилийн төсвөө тодотгохоор УИХ-д хандвал өнөөдөр батлуулсан төсвөө маргааш нь тодотгосон анхны Засгийн газар болно. Энэ ч яах вэ. Бараан ч гэлээ нэг түүх болж үлдэх юм даа. Харин ирэх жил төсөвт тодотгол хийх боломжоо алдах эрсдэл хамгийн өндөр. Жилийн жилд төсвөө тодотгодог манай Засгийн газар 2025 оны төсвийг өмнө нь байгаагүйгээр, маш өөдрөгөөр төсөвлөсөн. Болохгүй бол тодотгол хийчихнэ гэсэн тооцоо цаана нь байгаа учраас тэр. Энэ асуудал 2025 оны 6-р сараас хойш сөхөгдөнө гэсэн үг. Гэтэл одоо яав. Дөнгөж сая батлуулсан төсвөө сарын дотор тодотгох болчихлоо. УИХ тийм даалгавар өгчихлөө.

Хэрвээ энэ даалгаврыг биелүүлбэл 2025 оны хоёрдугаар хагаст төсөв тодотгох нүүргүй болно. Ширэн нүүрлээд тодотгол хийвэл ганцхан жилд 2 удаа төсвөө тодотгосон муу нэр зүүнэ.

Саяных шиг, УИХ төсвийг хуульд заасан хугацаанд багтаан, баталж амжих уу гэсэн асуудал өмнө нь үүсэж байв. 2014 оны улсын төсвийг батлахад ганцхан хоног дутуу байхад 11 дүгээр сарын 13-нд дөнгөж 2 дахь хэлэлцүүлгийг хийж байлаа. Ирэх жилийн төсвийг ярих ёстой цагаар Засгийн газар төсвийн тодотгол оруулж ирснээр ийм бантан хутгасан юм. Оюутолгойгойгоос ойгүй их мөнгө олно, Тавантолгойгоос тааварлашгүй их ашиг олно. Алт, зэс, нүүрсний үнэ тэнгэрт хадна гэж мөрөөдөөд 2013 оны төсвийг баталчихсан. Гэтэл төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарч, тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орсон доо.

Дараа жил нь 2015 оны улсын төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх болоход, 10 дугаар сарын 17-нд МАН-ын бүлэг “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг 16 яамтай байх үеийнхээр төсөвлөсөн” гэх шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан  юм. 13 яамтай болсон Засгийн газар төсвийн төслөө үг дуугүй буцаан авч, шинэ бүтэцдээ тохируулан шинэчлээд, дахин өргөн барьсан ч МАН-ын бүлэг “Төсвийн төсөлтэй танилцаж амжаагүй” хэмээн гэдийсэн удаатай.

2018 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед бас л ийм асуудал үүссэн. 11 дүгээр сарын 13 болж байхад УИХ-ын гишүүд 3 дахь хэлэлцүүлгээсээ салаагүй, Төсвийн байнгын хороо ирцээ бүрдүүлж чадахгүй сандарч суусан юм. 

Монгол Улсын төсвийн төслийг УИХ тусгай дэгээр хэлэлцдэг. Бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ шийдээд, хэлэлцэхээр болбол 2 удаа хэлэлцээд шийддэг бол Улсын төсвийн тухай хуулийг 4 удаа хэлэлцдэг. Үүний дагуу УИХ 2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг анх хэлэлцэхдээ буцаах боломжтой байсан ч тэгээгүй. “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна” гэж үзээд, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тэр үед унтаж байсан гишүүд 3 дахь хэлэлцүүлгийн үеэр сэрээд, улсын төсвийн төслийг баалж, баахан юм ярьсан. Галт тэрэгнээсээ хоцорчхоод, араас нь хашхиран гүйлдэх гишүүдийг УИХ-ын дарга галт тэргэнд суулгахын тулд машинистад нь “Хэсэг явж байгаад зогсчихоорой” гэж хэлэв. Гэхдээ машинист зогсох болов уу? УИХ-ын дарга ч галт тэргийг үнэхээр зогсоохыг хүссэн болов уу? Харж л байхаас…  

77
0/1000