horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Бидний хүүхдүүд ээжийн бүүвэйн дууг хэзээ ч сонсож үзээгүй

post-img

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгэмд бие даан амьдрах, сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлж өгөхийг шаардан, фэйсбүүк дэх Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн нэгдсэн грүппт нэгдсэн эхчүүдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Монголд хөгжлийн бэрхшээлтэй 12.700 гаруй хүүхэд бий. Үүний 1500 нь сонсголын бэрхшээлтэй. Тэдний 494 нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол 84 нь цэцэрлэгт явдаг. Үүнээс 262 хүүхэд тусгай хэрэгцээт хүүхдийн 29 дүгээр сургуульд суралцдаг бол 9 хүүхэд 186 дугаар цэцэрлэгт хамрагдаж байна. Жилд 70-90 хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрдөг ажээ.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн нэгдсэн грүппийн админ Ц.Алтансүх:

-Бидний хүүхдүүд ээжийн бүүвэйн дууг хэзээ ч сонсож үзээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ивээлдээ авна уу! Хөгжингүй орнуудад бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Ерөнхийлөгчийнхөө ивээл дор хамаг халамжаар хангагдаж явдаг. Манайхаас бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг маш сайн харж ханддаг. Харин Монголд ийм хүүхдүүдийг хөсөр хаясан. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайд байхад нь сонсголын эрхтний өвчнийг эрт илрүүлэх аппарат авч өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй. Энэ аппарат нь 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт байх шаардлагатай. Гэтэл 17 аймагт байхгүй. Ийм 1 аппарат 10 мянган ам.долларын үнэтэй. Тухайлбал: Ховд аймагт эрт илрүүлгийн аппарат байдаг ч түүнийг ажиллуулах мэргэжилтэн байхгүй. Энэ мэт асуудал дээр шат шатны байгууллагууд анхаарлаа хандуулаач ээ. Эвдэрвэл засах төлбөр, сэлбэг нь асар үнэтэй. Ийм аппаратыг засах сэлбэгийг нь улсын төсөвт суулгаж өгөөрэй, Ерөнхий сайд аа!

Сонсголын бэрхшээл 6 янз байдаг:

  • Аппарат зүүгээд сонсдог
  • Дунгийн суулгацтай
  • Сул сонсголтой
  • Сонсголгүй
  • Хэл ярианы гажигтай
  • Макротия

Үүнийг мэдэхгүй эмч өрхийн эмнэлэгт сууж байгаа шүү дээ. Хүүхэд бүр аппарат зүүх шаардлагатай байдаг. Нэг их зантай, хүнийг өмссөн зүүснээр нь ялгадаг. Хүн эвгүй харьцвал яахаас ч буцахгүй байдалтай байж байгаа.

Сонсголын аппарат маш үнэтэй. Эцэг эх бүр түүнийг авч чаддаггүй. Аппарат зүүсэн ч сул сонсдог, дуу чимээг сайн ялгаж чаддаггүй. Түүнээсээ болоод хичээл дээрээ багшдаа тэнэг мангараараа дуудуулсан хүүхэд ч бий. Хэлгүй, дүлий байх нь хөгжлийн хамгийн хүнд бэрхшээл гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон. Гэтэл манайд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг аппарат зүүдэг болчихвол халамжийн мөнгөнөөс хасчихдаг.

Боловсролын яаманд хандаж хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох стандарт бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг Монголд алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулна гэдэг ам, ажил нь зөрөөд байна. Сонсголын бэрхшээлтэй сурагчийг дохионы хэлмэрч, хичээлийн тэмдэглэл хөтлөгч гэж 2 хүн дагаж явах шаардлага гардаг. Боловсролын цогц хуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг тусгаж өгмөөр байна. Эрт оролцооны хөгжлийн төвийг төр өөрөө хариуцан, байгуулж өгөх шаардлагатай.

Тиймээс холбогдох шийдвэр гаргадаг мэргэждийн хүмүүс нь эдгээр хүүхдүүдийг тэгш сурч боловсрох, хөгжих эрхээр хангаж өгөхийг хүсэж байна.

30
0/1000