horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Улирал солигдоход хүний сэтгэлзүй хэрхэн өөрчлөгддөг вэ?

post-img

Эмэгтэйчүүдийн ааш цаг минутгүй хувирдаг гэж ярьдаг. Ажлын стресс, түгжрэл, магадгүй манай орны уур амьсгалаас үүдэн, бидний зан ааш, сэтгэлзүйд өөрчлөлт орж байгааг үгүйсгэхгүй. Гэвч бид эмэгтэй хүний л зан чанар хувьсамтгай гэж буруу ойлгодог юм байна. Улирал солигдох, цаг агаар өөрчлөгдөх үед эрэгтэй, эмэгтэй бүх хүний сэтгэлзүйд ямар нэг өөрчлөлт илэрдэг. Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд улирлын сэтгэл гутралын эмгэг элбэг тохиолддог. Энэ нь өвлийн улиралд нарны гэрэл багассантай холбоотой гэж судлаачид үзжээ.


Улирлын чанартай сэтгэл гутрал гэж юу вэ?
Цаг агаараас хамааран, ажлын бүтээмж муудаж, гуниглах, сэтгэл санаа тогтворгүй болох, ганцаардах гэх мэт шинж илрэхийг ингэж хэлдэг. Ялангуяа намраас өвөлд шилжих, өвлөөс хаварт шилжих үед ийм сэтгэл гутрал түгээмэл тохионо. Үүнийг судлаачид “Өвлийн сэтгэл гутрал” хэмээн нэрлэдэг аж. Жилийн тодорхой мөчлөгт үргэлжлэх ч хувь хүн бүрээс хамааран, урт болон богино хугацаанд сэтгэл нь хямардаг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?
• Сэтгэл санаа тогтворгүй болох
• Өдрийн ихэнх хугацаанд сэтгэлээр унах, сул дорой мэдрэмж төрөх
• Дуртай зүйлээ хийх дургүй болох
• Нойрны хэмнэл алдагдах
• Олон цаг унтсан ч ядарсан байдалтай сэрэх
• Анхаарал төвлөрөл муудах
• Сэтгэл түгших, айх
• Үргэлж даарч бээрэх, даарахаас залхах
• Жин өөрчлөгдөх буюу жин нэмэх, жин хасах

Улирын чанартай сэтгэл гутралд юу нөлөөлдөг вэ?
Шинжлэх ухаанаар тодорхой батлагдсан хүчин зүйлс одоогоор байхгүй ч хамгийн том нөлөө нь Д амин дэмийн дутагдал юм. Өвлийн улиралд хүн биед шаардлагатай Д амин дэмээ нарнаас авах нь хязгаарлагддаг учир дутагдалд орж, улмаар бие махбодь болоод сэтгэл санаа хямрахад хүргэдэг байна. Д амин дэм нь тархины үйл ажиллагаа, санах ой, сэтгэл хөдлөлд эергээр нөлөөлдөг чухал амин дэм бөгөөд нарны гэрлийн тусламжтайгаар хүний биед үүсдэг.
• Бие махбодийн цагийн хэмнэл алдагдсанаар сэтгэл гутрал, сэтгэл хямралтай төстэй мэдрэмж төрнө
• Аз жаргалын даавар болох серотонин буурах нь сэтгэл гутралд хүргэнэ
• Биеийн мелатонины түвшин алдагдсанаар нойрны чанар, сэтгэл санааны байдал өөрчлөгдөнө

Улирлын чанартай сэтгэл гутралаас хэрхэн сэргийлж, өөрийгөө хайрлах вэ?

• Хэрэгцээтэй амин дэмийг хоол хүнснээс авах

Гадаа хүйтэн, чийгтэй, сэрүүхэн, харанхуй үед серотонины түвшин багасдаг учир хүний бие өөрийн эрхгүй хангалттай амин дэм авч чадахгүй үедээ гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа гэх мэт нүүрс ус ихтэй хоол хүнс хүсэж эхэлдэг. Тиймээс эрүүл хооллож, бүхэл үрийн болон төрөл бүрийн үр бүхий бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Cеротониныг нэмэгдүүлдэг шилдэг хоол хүнс:

Салмон загас, далайн гаралтай бүтээгдэхүүн

Бүх төрлийн самар, үр

Өндөг

Тослоггүй сүү

Бяслаг, цагаан идээ

Ханборгоцой, бусад жимс жимсгэнэ

• Хүйтэн цаг уур хүнийг нозооруулдаг. Өглөөг угтах өөрийн гэсэн дадалтай болох нь үүнээс сэргийлнэ.

Тас харанхуй, хүйтэн өглөөг “гоё” болгох өөрийн гэсэн эрүүл дадалтай болоорой. Зуны өглөө сэрэхэд таатай байдаг шиг өглөө босоод амттай өглөөний цай уудаг, дасгал хийдэг, хайртай хүнээ тэвэрдэг, дуртай дуугаа сонсдог байх нь тустай.

• Байгалийн гэрлийг хангалттай авч, ойр ойрхон салхилах

Дээр дурдсанчлан, Д амин дэмийг хүнс, нэмэлт бүтээгдэхүүнээс авахын зэрэгцээ өдрийн цөөн цагт тусах Нарны илчийг мэдрэх хэрэгтэй. Үдийн үед буюу 12-14 цагийн хооронд 10-15 минутыг Наранд өнгөрүүлэх нь л хангалттай. Мэдээж Нарны тосоо түрхэх хэрэгтэй шүү.
Эцэст нь, хүйтэн, сэрүүн цаг агаар сэтгэл зүйд таатайгаар ч нөлөөлдгийг санаарай. Гадаа гарч, цас ороход сэргэг агаар амьсгалж, дулаахан хувцаслан, өвөл л мэдэрч болох гайхалтай зүйлсийг хийхээ мартуузай.

391
0/1000