“Өвчин хэлж биш, хийсэж ирдэг” гэдэг дээ. Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчин гэвэл шүднийх. Та “Шүд өвдчихлөө. Өвчин намдаагч байна уу? гэж тусламж гуйх нэгэнтэй таарч л байсан биз. Тэгтэл насанд хүрэгчид бид шүдээ улсын эмнэлэгт даатгалаараа үзүүлэх сонголт үгүй болж, хувийн эмнэлэг рүү мөнгөө бариад явахаас өөр аргагүй боллоо. Үүнд зарим хүн “Эмнэлэгт очихын оронд өвчин намдаагч хэрэглэхээс өөр сонголтгүй болголоо” гэж бухимдаж байна. Мөнгөгүй бол өвдөөд хэвтэхээс өөр аргагүй болов уу?
Жирэмсэн, өндөр настан, хүүхдээс бусад хүний шүдийг төлбөртэй үзэх шийдвэр. Бас нэгэн сюрприз.Үүнтэй холбогдуулан, өдөрт 300-350 хүнд үйлчилдэг, улсдаа ганц Шүд, эрүү, нүүрний төвийн үнийн талаар сурвалжиллаа.
Шүд, эрүү, нүүрний төвийн үзлэгийн кабинетууд ачаалал багатай байв. Энэ нь магадгүй ЭМДЕГ-аас гаргасан шийдвэртэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Давхар бүрт 3-4 хүн суух бөгөөд жирэмсэн, өндөр настан, хүүхэд байлаа.
Шүд, эрүү, нүүрний төвд үзүүлэхээр ирсэн хүмүүс эхлээд, тусламж, үйлчилгээний үнийг лавлаж байлаа. Угтах ажилтан “Манай эмнэлгийн төлбөр 10-15 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ нь шүд өнгөлөх үйлчилгээний үнэ. Харин шүд ломбодох, сувгийн эмчилгээ 58 мянга, агт араа авах үйлчилгээ 80 мянган төгрөгөөс эхэлж байгаа” гэв. Ийн үнэ ханш сонссон иргэдийн дийлэнх нь хувийн эмнэлэг рүү явж байв. Тэд “Шүд, эрүү, нүүрний төвөөс төлбөртэй үйлчилгээ авахын тулд 1-2 цаг дугаарлан хүлээж байхаар тэртэй тэргүй төлбөрөө төлөх юм чинь хувийн эмнэлэгт дугаарлахгүйгээр үйлчлүүлье” гэж байлаа.
Хувийн эмнэлэгт шүдээ эмчлүүлэхэд, 60-600 мянган төгрөг төлдөг
Иргэн Г.Нямдолгор дараах байр суурийг илэрхийллээ.
“Өвчин бол хэлж ирэхгүй. Хэрэв ийм байдлаар ялгавартай хандах юм бол бид даатгал төлөх шаардлагагүй. Тухайлбал: Би 35 настай. Миний 3 шүд хорхойтсон. Цаашид 2-3 удаа эмчилгээ хийлгэхийн тулд би хамгийн багадаа 600 мянган төгрөг төлөх болоод байгаа юм. Энэ бол хувийн эмнэлгийн ханш. Гэхдээ улсын эмнэлгийнх нь төлбөр хувийн эмнэлгээс ялгаагүй үнэтэй байна. Шүдийг хамгийн эмзэг эрхтэн гэж үзээд, ихэнх улс шүдний үзлэг, эмчилгээг төлбөргүй болгочихсон байдаг.
Хүн хувийн эмнэлэгт байнга үзүүлж чадахгүй шүү дээ. Хааяа улсын эмнэлэгт үзүүлдэг. Гэтэл төлбөртэй болгочих юм. Шүд байнга өвддөггүй. Жилдээ нэг үзүүлэхдээ төлбөр төлмөөргүй байна. Ард иргэдээ өвчнөөр нь хүртэл ялгаварлах гэж” хэмээв.
Өвдөх ч эрхгүй, мөнгөгүй бол өвдөх л сонголтыг тулгаж байгаа мэт.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлийн 14 дүгээр тогтоолд
- “0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө”
- “Жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй” гэх заалтуудыг нэмэлтээр оруулсан байна.
Энэхүү тогтоолыг улсын эмнэлгүүд хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах Б.Янжиндолгор
“Тогтоол 10 дугаар сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн. Цаашид эмнэлгүүд шүдний үзлэгийн төлбөрөө хэрхэн тогтоохыг өөрсдөө шийднэ” гэлээ. Шүд эрүү, нүүрний төвийн тухайд “11 дүгээр сарын 15 хүртэл цаг авсан болон давтан үзүүлэх хүмүүсийг үзнэ” гэх мэдэгдэл гаргажээ. Харин шинээр үзүүлэх гэж байгаа хүмүүс төлбөр төлөх юм.
Шүдний өвчин бол нян бактерийн гаралтай үрэвсэл байдаг гэж эмч нар хэлдэг. Бие дотор байдаг нянгуудаас хамгийн хор уршигтай, хамгийн аюултай нь амны хөндийд байдаг аж. Нянг амны хөндийд байхад нь эмчилж, устгаж чадахгүй бол цаашаа чухал эрхтнүүд рүү дамждаг. Буйлны үрэвсэл гэхэд, чихрийн шижин, зүрх, судасны өвчин, чих хамар хоолой, амьсгалын замын өвчнүүд, ходоод, зөнөх, жирэмсний хүндрэл, бэлгийн сулрал, тархины идээт үрэвсэл гээд 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог байна. Мөнгөгүйгээсээ болоод шүдээ үзүүлж чадахгүй бол дээрх өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэж болзошгүй юм.