Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Цагааннуур боомт чиглэлийн улсын чанартай авто замын хэсэг болох Зээгтийн даваа буюу аймгийн төвөөс 38-45 км газарт замын нөхцөл байдал хүндэрчээ. Учир нь тус аймгийн нутгаар өчигдрөөс хүчтэй цасан шуурга шуурч, авто замд цас ихээр хунгарлаж даваагаар тээврийн хэрэгслүүд зорчиход хүндрэлтэй болжээ. Иймд тус замын арчилгааг хариуцдаг “Жол” компани шуурхай ажлын баг гаргаад байгаа аж. Ажлын баг цас хунгарласан хэсгийн цасыг авто ачигч болон автогрейдерээр цэвэрлэж, саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гарган уртасгасан цагаар ажиллаж байгаа талаар Замын хөгжлийн төвөөс мэдээллээ. Баян-Өлгий аймгийн нутгаар цасан болон шороон шуурга одоо ч үргэлжлэн шуурч байна.
Иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхаарууллаа.