UFC холбооны хоёр жингийн аварга асан, холимог тулааны од Коннор Макгрегор хүчингийн хэрэгт холбогдон буруутгагдаж, шүүхэд дуудагдсан байна.
Коннор Макгрегор болон Жеймс Лоуренс нарыг Никита Хэнд гэгч эмэгтэй хүчингийн хэрэгт буруутгаж, Дублин хотын шүүхэд өгсөн бөгөөд энэхүү иргэний хэргийн хянан шийдвэрлэх үйл явц хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа ажээ.
Хохирогч Никита Хэнд өөрийг нь К.Макгрегор болон Ж.Лоуренс нар Дублин хотын нэгэн зочид буудалд хүчиндсэн гэж буруутгаж байгаа юм. Хохирогчид анх үзлэг хийсэн түргэн тусламжийн эмч Эйтне Скалли шүүхэд мэдүүлэг өгөхдөө хохирогчийн биен дээр үүссэн байсан хөхрөлтийг онцолж, “эмч хүний хувьд би тийм айхтар хөхрөлт хараагүй их удсан” хэмээн хэлсэн байна.
Түргэн тусламжийн эмч нар 2018 оны 12 сарын 10-ны өдөр Дримна хот дахь хохирогчийн гэрт үзлэг хийсэн бөгөөд тухайн үед Никита Хэндийн хүзүүний доод хэсэгт хөхөрч, хацар нь зүсэгдсэнээс гадна цээж, хөх, хөл, гуя, бөгс, хөлнийх нь доод хэсэгт хөхөрсөн байсныг эмч Эйтне Скалли шүүхэд мэдүүлжээ. Мөн тухайн үед хохирогч түүн рүү халдсан этгээдийн нэрийг хэлээгүй байна. Улмаар түүнийг эмнэлэг рүү авч явах үед сэтгэл санааны байдал нь огцом өөрчлөгдөж, шоконд орсноос гадна бөөлжсөн гэдгийг түргэний эмч нар мэдүүлсэн байна.
Шүүх хуралд мөн хохирогчтой ажилласан сэтгэлзүйч болон сэжигтнүүдийг өмгөөлж байгаа талаас хохирогчтой ажилласан зөвлөх ажилтан оролцож, мэдүүлэг өгчээ.
Хүчингийн хэрэгт буруутгагдаад байгаа Коннор Макгрегор, Жеймс Лоуренс нар Никита Хэндийн тэдний эсрэг үүсгэсэн хэргийг үгүйсгэн, няцааж байгаа ажээ.