horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Орой унтаад, өглөө сэрсэнгүй?  

post-img

Маргааш миний зүрх цохилох эсвэл зогсохыг таашгүй. “Орой зүв зүгээр унтсан. Гэвч өглөө сэрсэнгүй” гэх бараан мэдээ чих дэлсэж, зүрх түгшээнэ. Дэлхий дахинд 40-өөс дээш насны 4 хүн тутмын 1 нь, 65-аас дээш настай 10 хүн тутмын 8 нь зүрхний хэм алдалт гэх өвчин тусах эрсдэлтэй байдаг аж. Монголчуудын дунд ч  зүрхний хэм алдалт, зүрх зогсох эмгэг газар авч буйг дотоод, гадаадын олон эмч хэлж буй.

Зүрх огт зогсолгүй ажилладаг

Зүрх хүний амьдралын туршид огтхон ч зогсолгүй ажиллаж байдаг. Зүрх, судасны шалтгаант нас баралт зөвхөн Монгол гэлтгүй бусад улсад ч тэргүүлсээр байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт нас барагсдын 32 хувийг зүрх, судасны тогтолцооны эмгэгээр нас барсан хүн эзэлж байна.

Залуус хэзээ ч өвдөхгүй мэт бодож явдаг нь хамгийн том алдаа

Манай улсын 3 хүн тутмын 1 нь зүрх, судасны өвчнөөр нас барж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд зүрх, судасны өвчнөөр залуус өвдөж, 19, 21 настай залуус эмнэлэгт хандах болжээ. Техник технологи хомс, эмчилгээ үйлчилгээ дутмаг манай улсад зүрхний хэм алдалтыг эрт үед нь илрүүлж, эмчийн хяналтад орохгүй л бол хожимдсон үедээ юу ч хийгээд нэмэргүй.

20, 30 настай залуучуудын зүрх нь зогсон, цэл залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Залуус хэзээ ч өвдөхгүй мэт бодож, өөрийгөө хайрлахгүй байгаа нь хамгийн том алдаа юм. Зүрх зогсвол бид зогсоно, бүр үгүй болно гэдгийг “тэнэг” хүн ч ойлгоно биз ээ. Гэвч өвчнөө эцсийн шатанд нь хүрсэн хойно л эмчид ханддаг.  Мөн залуусын зүрх, судасны өвчинд архи, тамхи, илүүдэл жин, ядаргаа сөргөөр нөлөөлж байгааг судлаачид хэлж буй. Хорт зуршил нь зүрх, судасны тогтолцоог өвчлөх эрсдэлд оруулж, цаашилбал үхлийн шалтгаан болдог байна.

Ковид туссаны дараа зүрх, судасны эмгэггүй хүн эмгэгтэй болж, эмгэгтэй хүний өвчин хүндэрч байна

Зүрхний мэс заслын эмч Ц.Саруул “Ковид гарснаас хойш маш олон хүн зүрхний хэм алдагдах, тайван бус болох, сэтгэл санаа тавгүйтэх зэрэг шалтгаанаар эмнэлэгт ирэх болсон. Зүрх, судасны тогтолцоог зохицуулдаг механизмыг ковидын вирус гэмтээж, цус бүлэгнэлтэд нөлөөлдөг. Энэ утгаараа зүрх, судасны эмгэггүй байсан хүн эмгэгтэй болж, эмгэгтэй байсан хүмүүсийн өвчин хүндэрч байна. Гэвч манай монголчууд өвчнөө хүндэрсэн хойно нь эмчид ханддаг. Зүрхний хэм алдалтыг эрт үед нь илрүүлбэл бүрэн эмчлэх боломжтой” гэлээ.

Зүрх нь хэм алддаг болсныг 65 насандаа мэдэж байгаа хүн байхад, 6 настайдаа зүрхний хагалгаанд орж байгаа охин ч байна. Зүрхний хэм алдах эмгэг хэдэн ч настай хүнд тохиолдож болно. Гагцхүү эрт илрүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой юм байна.

0/1000