horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Б.Найдалаа: Эрчим хүчний реформгүйгээр монгол улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өсөлтийг ярих боломжгүй

post-img

Эрчим хүчний реформын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн Б.Найдалаатай ярилцлаа.

——————————————————————————

-Та санхүүч, хөгжлийн эдийн засагч хүн. Мэргэжлийн эдийн засагч хүний үүднээс харахад эрчим хүчний реформыг үнэ тарифаас эхлэх нь хэр зөв гэж дүгнэж байна вэ?

-Эрчим хүчний реформыг эхлэхдээ үнэ тарифаас эхэлж байна гэх буруу ойлголт нийгэмд түгээмэл байна. Олны анхааралд түлхүү орж байгаа нь үнэ тариф. Түүнээс эрчим хүчний реформ олон чиглэлд аль хэдийнэ эхэлчихсэн.

Ер нь бид сүүлийн 34 жил улстөржиж, талцсаар юу ч бүтээгээгүй. Өмнөх үеийн бүтээсэн болгоныг худалдахыг нь худалдаж, хувьчлахыг нь хувьчлаад, идэхийг нь идээд, нураахыг нь нураагаад, түүнийгээ тойрч хэрэлдээд явж байна. Монголын гол асуудал шинэ зүйл юу ч бүтээдэггүй, улстөржөөд, хэрэлдэж талцаад сууж байдаг болчихоод байна.

Хамтарсан Засгийн газар байгуулсан гол зорилго нь ужгирсан энэ суурь асуудлыг шийдэх. Ингэхдээ талцахгүй байх ёстой. Улс л юм бол хөгжлийн нэгдмэл бодлоготой байх ёстой. Түүнээс гишүүн бүр тойрог бүр рүүгээ төсөв татах биш. Реформын шинжтэй нийгмийн суурь асуудлыг шийдэх гэж манай нам Хамтарсан Засгийн газарт орсон. Үүний нэг эхлэл нь эрчим хүчний реформ юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд эрчим хүчний салбар суурь нөлөө үзүүлдэг. Өнөөдөр адаглаад байшин, орон сууц барья гэхэд цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй байдалд орчихоод сууж байгаа шүү дээ. Үүнийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Зарим нэг тоо дурдвал, өнөөдөр Монгол Улсын цахилгааны чадал 1600 МВт гаруй байдаг бол дахиад энэ хэмжээний цахилгаан эрчим хүчний хэрэгцээ бидэнд хэрэгтэй байна. Мега төслүүдээ хэрэгжүүлэх, 150 мянган айлын орон сууц гээд цахилгаан, дулааны асар их хэрэгцээ байна.

Засгийн газрын дэвшүүлж буй зорилтоор 2028 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10000 ам.долларт хүргэж, эдийн засгаа тэлэхийн тулд бидний цахилгаан 2671МВт, дулаан 4801 МВт байх хэрэгтэй байна.

Эрчим хүчний үнэ боломжийн, хангалттай, найдвартай байж чадвал орон сууц, үйлдвэрлэл, уул уурхай, цаашлаад үйлчилгээний салбар, ЖДҮ-ийн хөгжилд ч нөлөөтэй. Тиймээс эрчим хүчний реформыг хийхгүйгээр Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийн талаар ярих боломжгүй.

-Засаглалын бүтцээс реформ эхэлсэн гэж та мэдээлж байсан. Засаг лалын бүтэц гэхээр яг ямар ажлыг эхлүүлчихээд байна вэ?

-Үүнд үндсэн хоёр хүрээний асуудал бий. Нэгдүгээрт, эрчим хүчний систем зөв бүтэцтэй ажиллаж байна уу, үгүй юу. Хоёрдугаарт, энэ салбарт голдуу төрийн өмчит компаниуд бий. Тиймээс тэдгээр компаниуд зөв бүтэц, менежменттэй, үр ашигтай ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал.

Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай, салбар бүхэлдээ ихээхэн хэмжээний алдагдалтай, шаардлагатай хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээгээ хийж чадахгүй, өдөр хоногийг аргацаан ажиллаж байна. Нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 22 хувийг гадаадаас өндөр үнээр худалдан авч байгаа. Хэрвээ эх үүсвэр хангалттай байж чадвал хэрэглээ одоогийнхоос ч илүү байна гэдгийг би дээр дурдсан. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэгтэй ижил эдийн засаг эрчим хүчнийхээ хэмжээгээр л өсдөг. Тийм болохоор эрчим хүчний салбар маш чухал юм. Ингээд явж явж асуудлын цөм нь салбарын бүтэц, засаглал дээр ирж байгаа юм. Иймээс эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд эрчим хүчний салбарын хууль эрх зүйн шинэчлэлээр залруулах ёстой. Энэ ч үүднээс Эрчим хүчний тухай хуулийг иж бүрэн шинэчлэх УИХ-ын Ажлын хэсэг М.Энхцэцэг гишүүнээр ахлуулан эрчимтэй ажиллаж байна.

Хоёрдугаарх нь, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын засаглалын асуудал. Засаглал сайжруулна гэхээр захирлыг нь халаад, ТУЗ-ийг нь шинэчлээд болох ажил биш. Үүний цаана төрийн өмчит компанийн засаглал, үр ашигтай холбоотой ужгирсан асуудал байгаа юм. Гэхдээ бөөн авлига, хулгай үүрлэчихсэн юм шиг хавтгайруулан ойлгож болохгүй. Хүнд нөхцөлд байгаа хэдий ч эрчим хүчий салбарынхан одоогийн нөөц боломжийн хэмжээнд сайн ажиллаж, торгоосоор ирсэн. Иймээс төрийн өмчит компаниудын засаглал, одоогийн байдалд бодитой дүгнэлт өгч, ул суурьтай шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай.

Эрчим хүчний 27 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд бий. Эдгээр компаниудад аудит хийж, бодит дүгнэлт өгөх ёстой. Хаана ямар алдаа байна, хаана нь орон тооны илүүдэл байна. Хаана нь дутуу байна. Ямар төрлийн хүч дутаж байна. Хөрөнгө оруулалт хаана нь дутаж байна. Засаглал менежмент, ТУЗ нь хангалттай ажиллаж байна уу, үгүй юу. Дүрэм журам, хууль хэрэгжихгүй болоод ингээд байна уу, эсвэл хууль эрх зүйн орчин дутмаг байна уу зэргээр санхүүгийн болон үйл ажиллагааны аудит дүгнэлт хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг бид цаг алдахгүй эхлүүлнэ.

-Эрчим хүчний үнэ тарифыг нэмснээр инфляци наанадаж 5-10 хувь өснө гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлж байгаа шүү дээ. Та үүнийг хэр бодитой гэж бодож байна?

-Мэдээж нөлөөлж таарна. Гэхдээ бага хувьтай нөлөөлнө гэсэн Монголбанкны хийсэн судалгаа бий. Монгол Улсын инфляцийн дийлэнх нь импортоос хамаарсан байдаг. Импортын бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд Монголын эрчим хүчний үнэ тариф нөлөөлөхгүй, жишээ нь, импортын бараанууд, таксины үнэд шууд нөлөөлөхгүй гэсэн үг.

Харин хамгийн аюултай нөлөө нь реформыг зогсоох, гацаах улс төрийн зорилгоор иргэдийг үнэ өснө гэж айлган, асуудлыг хэт дэвэргэх, мөн цахилгааны үнэтэй шууд холбоо хамааралгүй хэрнээ сургаар нь үнэ уралдан нэмэх гэсэн үйлдлүүд. Ийм нийтэд хортой үйлдэл битгий гараасай гэж хүсч байна.

-Сургаар нэмэхгүй байх чиглэлд эрчим хүчний реформыг түүчээлж байгаа хүмүүс ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ?

-Мэдээж Монголбанкнаас эхлээд Шударга бус өрсөлдөөний газар гээд үнийн өсөлтийг ямар нэг хэмжээгээр хянаж байдаг газрууд чиг үүргийнхээ хүрээнд ажиллах байх. Харин Эрчим хүчний үндэсний хорооноос бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах, иргэдэд зөв мэдээлэл тухай бүр өгөх талаар ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, “Үнэ өсөх юм байна. Больё” гэж олон жил явж ирлээ. Бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болно. Гэхдээ эрчим хүчний салбар эдийн засгийн суурь салбар. Иргэн бүрийн орлоготой шууд хамааралтай. Эрчим хүчний салбарыг шинэчилж байж л дараа дараагийн үйлдвэр, бизнес, ажлын байр бий болно, шинэ орон сууцууд баригдана, хөгжил ирнэ гэдгийг нийтээрээ сайтар ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Эдийн засаг сайжраад ирвэл төгрөгийн ханш, үнийн өсөлт тогтворжиж, иргэдийн бодит орлого нэмэгдээд ирэх ёстой.

-Монголд үйлдвэрлэл хөгжөөгүй учраас эрэлт бага байна. Нөгөөтэйгүүр чөлөөт зах зээл хөгжөөгүй энэ салбарт үнэ чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ гэх шүүмжлэл нийгмийн тодорхой хэсэгт байна?

-Монгол Улс одоогоор цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 22 хувийг импортолж байна. Жилдээ 140 орчим сая ам.долларыг гадагшаа цахилгааны төлбөрт хоёр хөршдөө төлж байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж буй нь харамсалтай юм. Одоо байгаа чадлын дутагдал нь бодит байдлаас багаар тооцсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа өсгөх, үйлдвэрлэл бий болгох, орон сууц, барилга барих боломж болон хүсэл нь байхад эрчим хүчний дутагдлаас болж энэ бүгдийг барьж, бүтээж чадахгүй байна.

Өчнөөн олон барилга, үйлдвэрийн газрыг ашиглалтад оруулъя гэхэд дээр хэлсэнчлэн дулаан, эрчим хүчээр хангаж чадахгүй тохиолдол их байна. Монголын эдийн засаг, хөгжлийн өсөлтийг боомилж байгаа салбар бол эрчим хүчний салбар. Уг нь эрчим хүчний салбар урд гараад, бизнес хөгжих, эдийн засаг тэлэх замыг нь нээж өгөх ёстой. Гэтэл Монгол Улсад энэ нь эсрэгээрээ болчихоод байгаа юм. Тиймээс эрчим хүчний реформ хийж байж бусад салбар өсөх, улс хөгжих орон зай нээгдэнэ.

-Эрчим хүчний реформ хийж, үнэ тарифыг чөлөөлчихвөл эдийн засагт ямар өсөлтийг үзүүлэх вэ?

-Сангийн яамны хийсэн үнэлгээгээр эрчим хүчний салбарт оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт дөрвөн төгрөг болж байна гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум төгрөгөөр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, шинэчлэл хийлээ гэхэд тойруу замаар өгөөж нь дөрвөн тэрбум төгрөг болж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл тэнд нэг үйлдвэр, энд нэг айл эрчим хүчээр холбогдсоны нөлөөгөөр үйлдвэрлэл, ажлын байр бий болж, дараа дараагийн өсөлтийг бий болгож байна гэсэн үг. Бусад салбарын өгөөж маш удаан байдаг. Эмнэлэг, сургууль барилаа гэхэд 20, 30 жилийн дараа л аажим өгөөж, үр дүнгээ өгдөг. Гэхдээ эрчим хүчний үнэ чөлөөлөх ба үнэ тариф өөрчлөх хоёр ялгаатай ойлголт гэдгийг тодруулж хэлэх ёстой. Одоогоор үнэ чөлөөлөх буюу талхны үнэ шиг чөлөөтэй болгох тухай яриагүй, харин бодит өртгөнд нь ойртуулж үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос шинэчлэн тогтоох тухай ярьж байгаа юм шүү. Үнэ тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрх бүр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглээнээс илүү гарснаа улсад зарах боломжийг улам бүр нэмэгдүүлж байгаа.

-Монгол Улсын хөгжлийн болон үйл ажиллагааны төлөв лөгөөнүүд бүсчилсэн загвараар хийгдсэн. Бүсүүдийн эрчим хүчний бие даасан байдлыг яаж хангах вэ. Бүс бүр өөрийн эрчим хүчний төвтэй байх уу, эсвэл төвөөсөө татах уу?

-Энэ талаарх нарийн тооцоо судалгааг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо гаргаж байгаа байх. Ямартаа ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад тулгуурласан эрчим хүчний төрөлжсөн бүс байхаар баруун бүсийг нэрлэсэн байна лээ. Бүс бүрд мэдээж эрчим хүчний эх үүсвэрүүд бий. Зүүн бүс гэхэд өөрийн гэсэн дулааны цахилгаан станцтай.

Монгол Улс том газар нутагтай тархмал учраас эрчим хүчээ яаж хүргэх вэ гэдэг мэдээж чухал. Аймаг руу шугам татаж, цахилгаан хүргэж байгаа юм шиг боловч хол татахаар эрчим хүчний алдагдал ихтэй байна. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний алдагдал 15 хувь байгаа нь маш том тоо бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчний багагүй хувийг агаарт цацчихдаг гэсэн үг. Тиймээс хаана хөрөнгө оруулалт хийх, хаана станц, цахилгаан шугам барих вэ гэдэг бодлогоо шинэчлэх шаардлагатай. Эрчим хүчгүй байж орон нутгийг хөгжүүлэх, хот хөдөөгийн ялгааг арилгах тухай ярих нь утгагүй. Эрчим хүчгүй бол орон нутагт яаж бизнес хөгжиж, орлого, ажлын байр нэмэгдэж, хүн тохь тухтай амьдрах билээ.

-Эрчим хүчний салбарыг хувьчлах боломжтой юу?

-Монгол шиг жижиг улсын эрчим хүчний салбар, тэр дундаа дамжуулах дэд бүтэц нь төрийн мэдэлд байх нь оновчтой гэж бодож байна. Хувьчлах эсэх нь бол дараагийн асуудал. Шаардлагатай гэж үзвэл болгоомжтой хийх ёстой. Хамгийн түрүүнд эрчим хүчний байгууллага, компаниуд төрийнх байна уу, хувийнх байна уу найдвартай эрчим хүчээр хангаж чаддаг, үр ашигтай ажилладаг байх нь чухал. Үнэ тариф ч мөн хавтгайруулан нэг ижил биш, хэрэглэгчийн хэрэглээ, онцлогоос хамааран өөр өөр, гол нь шударга зарчмаар тогтдог байх ёстой.

-Дэлхий нийтээр ногоон эрчим хүч рүү чиглэж байна. Ийм нөхцөлд ногоон эрчим хүч үйлдвэрлэхийн тулд хууль эрх зүйн ямар орчин бүрдүүлэх ёстой вэ?

-Эрчим хүчний реформын нэг хэсэг бол яах аргагүй эрчим хүчний шилжилт буюу ногоон эрчим хүч. Өмнө нь юм шатаагаад, түүнээсээ эрчим хүч гаргадаг байсан бол одоо дэлхийн хандлага илүү ногоон, илүү хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй, нөхөн сэргээгддэг, хямд эрчим хүч рүү чиглэж байна.

Нөгөөтэйгүүр манай улс эрчим хүчний аль ч нөөцөөрөө дэлхийд дээгүүр бичигддэг. Ийм баян байж нийт хэрэглээнийхээ 20 гаруй хувийг гаднаас аваад, ойр ойрхон тогоо таслаад сууж байгаа нь маш эмгэнэлтэй. Тиймээс эрчим хүчний рефор мыг хийх зайлшгүй шаардлагатай. Угтаа манай улс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бий. Урд маш том зах зээл байна. Урд хөрш, мөн Зүүн Ази, Солонгос, Япон ч байна. Тиймээс цаашид эрчим хүч экспортолдог, орлого авчирдаг салбар болох боломж бүрэн бий.

Хамгийн гол нь өнөөдөр өөрсдийгөө эрчим хүчээр хангаж чадахгүй, 24 цаг цахилгаантай байж чадахгүй байгаа нөхцөлд яаж экспортлох тухай ярих вэ. Тиймээс энэ салбарын хөгжилд тээг болж байгаа гол түгжээг тайлчихвал төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт тийшээ чиглэж, олон асуудлын шийдэл болохоор байна. Үүнийг дагаад үнэ тариф дандаа өсөх биш, буурах ч боломжтой.

-2024 оны УИХ-ын сонгуулиар танай нам УИХ-д найман суудал авлаа. Бүлэгтэй болох боломж байна уу?

-УИХ-ын тухай хуулиар 10 гишүүнтэй байж албан ёсоор намын бүлэгтэй болдог. 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам УИХ-д найман суудал авсан. Энэ бол цөөн тоо биш. Тиймээс бидний найман гишүүн УИХ дахь ХҮН намын Зөвлөлийг байгуулж, зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Парламент бол намуудын үйл ажиллагааны талбар. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаа намын бүлэг, зөвлөлүүд бодлогын гол асуудлаа ярилцаж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн судалгаа тооцоотой шийдвэрлэж чадахаас шууд хамаарна. ХҮН намын хувьд салбар салбарын мэргэжилтнүүд болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, санал шийдлийг нь сонсож, асуудлыг ул суурьтай шийдвэрлэх, хууль тогтоомжид тусгах талаар нээлттэй ажиллах болно.

Өнөөгийн Монголын гол асуудал бол намчирхал, талцал юм. Ийм туйлширсан улс төр, бие биеэ татан унагасан, уралдан попорсон, гол асуудлаа шийдэж чадахгүй, бүх түвшинд, бүх салбарт түгжирч бөглөрсөн байдлаар явбал улс хөгжихгүй. Тиймээс улс төрийн өөр хүчин нийгэмд хэрэгтэй байсан. ХҮН нам бол яах аргагүй нийгмийн захиалгаар гарч ирсэн XXI зууны улс төрийн хүчин гэж боддог. Иймд, бид олны итгэлийг алдалгүй явахыг анхнаас нь хичээн зүтгэсээр байгаа.

Монголд өнөөдөр хэрүүл талцал биш асуудлын шийдэл, улсын хөгжил хэрэгтэй байна. Иймд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан, ХҮН нам ч нэгдэн орсон. Хамтарсны хүчинд олон гацсан ажлаа явуулах ёстой, нэг жишээн дээр дурдсан эрчим хүчний салбарын реформыг амжуулах ёстой. ХҮН нам эрчим хүчний салбарын шинэч лэлийг улс төрийн хувьд онцгойлон манлайлж, эдийн засгийн өсөлт, улсын хөгжлийн гацааг гаргахын төлөө ажиллах болно. Эрчим хүчний реформыг хийснээр бодитой үр дүн гарч, эдийн засаг өсөх илүү нөхцөл бүрдэх болно.

Р.Хишигжаргал

18
0/1000