Шинэ жилийн баяр дөхөж, албан газрууд гацуураа засаад эхэллээ. Хаа сайгүй баяр ёслол, шинэ жилдээ бэлдэхийн хажуугаар зарим охид бүсгүйчүүд гоолиг болох ажилдаа ханцуй шамлан ордог. Баяраас өмнө хүссэн жингээ хасан, гоё даашинз өмсөхийн тулд хоолоо сойж, фитнестээ бүртгүүлдэг.
Гэтэл богино хугацаанд, буруу аргаар жин хасах нь хүний биед ямар хор уршигтайг тэдний зарим нь мэддэггүй. Эмч, эмнэлгийн байгууллагынхан фитнес, жиймд явахын өмнө эрүүл мэндээ үзүүлж, ямар дасгал хөдөлгөөн хийвэл зохистой болохыг мэдэх шаардлагатай гэж зөвлөдөг. Гэвч хүмүүс эрүүл мэндээ бус, жингээ хасах хүслээ эхэнд тавьдаг. Зарим эмэгтэйчүүд баяр ёслол дөхөхөөр л жингээ хасах хэрэгтэйгээ ухаардаг нь харамсалтай.
Зүрхний хэм алдалттай, даралт өгсөж буурдаг, хүнд зүйл өргөж болдоггүй хүмүүс фитнес, жиймд явснаар эрүүл мэндээрээ хохирч болзошгүй. “Анх фитнесээр хичээллэх үед юу ч мэдэхгүй, зааж зөвлөх хүн байгаагүй учраас хүнд төмөр өргөж, нуруундаа гэмтэл авсан. Спининг жийгээд, өвдөгний үеэ гэмтээсэн” гэх хүмүүс миний ойр тойронд ч бий. Гоё сайхан харагдах, туранхай гуалиг байх нь эмэгтэй хүн бүрийн хүсэл ч гэлээ эрүүл, урт наслах нь түүнээс чухал.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг фитнес, жиймүүд тоогоо алдсан. Түүнийгээ дагаад чанартай, мэргэжлийн түвшинд ажилладаг, хичээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, биеийн хөгжлийг хянадаг, эмчийн бичиг шаарддаг газар бараг л байхгүй. Үүнийг нягтлахаар фитнесийн төвүүдээр орлоо. Эхний орсон фитнест 20 гаруй хүн хичээллэж байсан бөгөөд ихэнх нь “Эмчийн бичиг шаарддаггүй шүү дээ. Манай улсад тийм төгс стандарттай газар гэж юу байх вэ?” гэж хэлж байсан ч зарим нь “Би өөрийнхөө биеийг мэдээд, энд явж байгаа” гэж уцаарлангуй хариулсан юм. Дараагийн газарт ороход мөн адил “Тийм зүйл байхгүй ээ. Хүнд хагалгаанд орсон, эмчийн хяналтад байдаггүй л бол зүгээр байх” гэж хариулсан. Мөн зарим нь “Багштай хичээллэдэг” хэмээн хэллээ.
Гадаадын зарим улс оронд фитнес, жиймд явахын өмнө эмчид үзүүлж, түүнийгээ багшдаа харуулан, зөвлөгөө авдаг. Фитнесийн багш нар тухайн хүний эрүүл мэнд, биеийн онцлогоос хамааран, ямар дасгал хэр хугацаагаар хийхийг зөвлөдөг. Аль эсвэл ууланд алхах, иог, бассейн гэх мэт бусад спортын аль тохирохыг нь санал болгодог.
Харин манай улсад эмчийн бичиг байтугай багш хөлслөхгүй бол фитнест орж ирж байгаа хүнд зааж зөвлөх үйлчилгээ маш дутмаг.
Дашрамд хэлэхэд, Эрүүл бие бялдар бүтээнэ гэсэн урианы цаана бизнес явагдаж байгаа. Фитнесийн сарын төлбөр дунджаар 150-200 мянга. Сарын цалингаараа амьдарлаа залгуулдаг ч түүнээсээ илүүчлээд, эрүүл мэнддээ анхааръя гэсэн сэтгэлээр хүмүүс төлбөр төлж, жиймд явдаг. Гэтэл фитнест яваад, бэртэл гэмтэл авбал хариуцах хүн байхгүй.
Ядаж л анх хичээллэж байгаа үгүйг нь асуугаад, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох тал дээр зөвлөгөө өгдөг баймаар. Фитнес, жиймүүд хүний бие бялдрыг хөгжүүлж, эрүүл чийрэг болгох зорилготой ажилладаг учир нэг ёсны эрүүл мэндийн байгууллага мөн. Иймээс хүний тоо, мөнгө олохоо эхэнд тавих бус, хичээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй болов уу?
Бүх хүн эрүүл чийрэг, сайхан бие бялдартай болохыг хүсэж, фитнест явдаг байх. Гэвч буруу хичээллэвэл, өвчтэй, муухай болох эрсдэлтэй. Иймээс багшийн заавраар дасгал хөдөлгөөн хийх, эмчид биеийн байдлаа үзүүлэх, мөн баяр ёслолоор биш, байнга тууштай хичээллэвэл эрсдэлгүй эрүүл болох боломж хүн бүхэнд бий.