horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

2028 он хүртэл аймгуудыг удирдах засаг дарга нар

post-img

Сум, аймаг, дүүргийн ИТХ-ын 9 дэх сонгуулиар байгуулагдсан ИТХ анхны хурлаа 10, 11 дүгээр сард хийж, даргаа сонголоо. Мөн тухайн аймаг, дүүргийг 2024-2028 онд удирдах засаг даргаа сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, зарим аймгийн засаг дарга нарыг батламжлаад байна.

Архангай ИТХ 10 дугаар сарын 21-нд Бямбадоогийн Цэрэннадмидыг аймгийн засаг даргаар улираан сонгож, Ерөнхий сайдад уламжилсан. Тус шийдвэрийн тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайд батламжиллаа. 

Б.Цэрэннадмидыг аймгийн засаг даргаар сонгох, эсэх санал хураалтад 41 төлөөлөгчөөс 40 нь оролцож, 95.1 хувийн саналаар түүнийг дэмжжээ.

Баян-Өлгий аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 28-нд хийж, тус аймгийн засаг даргаар АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Есентайн Зангарыг сонгожээ. Монгол Улсын Ерөнхий сайд 11 дүгээр сарын 13-ны 119 дүгээр захирамжаар Е.Зангарыг тус аймгийн засаг даргаар батламжлав.

Е.Зангар 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэртэйгээ амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургууль төгссөн, багш мэргэжилтэй.

  • 1991-1994 онд аймгийн Залуучууд, спорт хорооны даргын орлогч, дарга,
  • 1992 оноос “Самал” компанийн захирал,
  • 2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн,
  • 2007-2011 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга,
  • 2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар,
  • 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв.

Баянхонгор аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 23-нд хийж, аймгийн засаг даргад Долгорсүрэнгийн Мөнхсайханыг улираахаар 100% санал нэгдэж, Ерөнхий сайдад уламжилсан юм.

Д.Мөнхсайхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2024 онд аймгийн засаг даргаар ажилласан юм. Тэр 1977 онд төрсөн, 1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр төгссөн.

  • 2000-2001 онд аймгийн ЗДТГ-т хүний нөөцийн ажилтан
  • 2001-2003 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад салбарын зохицуулагч
  • 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал
  • 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • 2012-2018 онд “Ихбогд зам” ХХК-ийн захирал
  • 2018-2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал
  • 2020-2024 онд Баянхонгор аймгийн засаг дарга

Булган аймагт орон нутгийн сонгуулиар МАН ялснаар МАН-ын дарга Д.Пүрэв-Очир аймгийн засаг дарга болов. Тус аймгийн ИТХ 11 дүгээр сарын 2-нд анхны хурлаа хийж, түүнийг засаг даргад 51.7 хувийн саналаар сонгож, Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн байна.

Дагвадоржийн Пүрэв-Очир 2024-2028 онд “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Говь-Алтай аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 21-нд хийж, АН-ын бүлгээс аймгийн засаг даргад нэр дэвшүүлсэн Г.Чинбатыг төлөөлөгчдийн 64.2 хувийн саналаар засаг даргаар сонгосон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар захирамжаар Гомбосүрэнгийн Чинбатыг Говь-Алтай аймгийн засаг даргаар томиллоо.

Говьсүмбэр аймгийн ИТХ тус аймгийг 2028 он хүртэл Төмөрбаатарын Бат-Эрдэнээр удирдуулахаар сонгожээ.

Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 30-нд Говьсүмбэр аймгийн засаг даргаар батламжилсан байна.  

Дархан-Уул аймгийн ИТХ 10 дугаар сарын 17-нд анхны хурлаа хийж, МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Болдбаатарын Азжаргалыг аймгийн засаг даргаар улираан сонголоо.

Танхимаас төлөөлөгч Д.Түмэн-Өлзийн нэр дэвшүүлсэн С.Насанбат 40 төлөөлөгчийн 19-ийнх нь саналыг, Б.Азжаргал 21 төлөөлөгчийн буюу 52.5 хувийн санал авчээ. Сундуйжавын Насанбат тус аймгийн ИТХ-ын даргаар 2020-2024 онд ажилласан юм.

Дорноговь. Орон нутгийн 2024 оны сонгуулиар шинээр байгуулагдсан тус аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 21-нд хийж, Сайншанд сумын II баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон Очирпүрэвийн Батжаргалыг аймгийн засаг даргаар улираан сонгожээ. 

Тэр 2020-2024 онд аймгийн засаг даргаар ажиллаж байсан юм.

Дорнод аймгийн ИТХ 10 дугаар сарын 16-нд анхны хурлаа хийж, аймгийн засаг даргаар Шүхэртийн Ёлыг сонголоо. Ш.Ёл 1988-1998 онд Дорнод аймагт ерөнхий боловсролын сургууль, 1999-2003 онд ШУТИС, 2009-2010 онд Удирдлагын академи төгсөж, 2009-2011 онд ШУТИС-т бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

  • 2003-2006 онд “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨҮГ-ын диспетчер, хүний нөөцийн менежер,
  • 2006-2012 онд “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга,
  • 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2024 онд аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байв.

Дундговь аймгийн 9 дэх ИТХ 10 дугаар сарын 28-нд анхны хурлаа хийж, засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг сонгожээ. С.Мөнхчулуун механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, мэргэшсэн инженер зэрэгтэй.

2009 оноос Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, тус байгууллагын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, нийслэлийн ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. 2023 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажилласан. 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

Завхан аймгийн ИТХ-ын анхны хурал 10 дугаар сарын 22-нд болж, Г.Өнөрбаярыг тус аймгийн засаг даргаар улираан сонгосон байна.

МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг засаг даргад нэр дэвшүүлж, Г.Өнөрбаяр төлөөлөгчдийн 57.1 хувийн санал авчээ.

Орхон аймгийн засаг даргаар Бямбадашийн Зоригтбаяр сонгогджээ. 10 дугаар сарын 21-нд тус аймгийн ИТХ хуралдан, аймгийн засаг даргаар түүнийг сонгосон байна. Тэр төлөөлөгчдийн 51.3 хувийн санал авчээ. Түүнийг 11 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсан байна.

Д.Зоригтбаяр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1983 онд төрсөн. Ам бүл 6. Эдийн засагч, хүн-амзүйч мэргэжилтэй. Орхон аймгийн Жаргалант сумын ХААН банкны эдийн засагч, Орхон аймгийн Төрийн банкны тооцооны төвийн захирал зэрэг албыг тус тус хашиж байсан. 2016 оноос Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байна.

2016-2024 онд Орхон аймгийн Жаргалант сумын засаг даргаар 8 жил ажиллажээ.  

Өвөрхангай аймгийн ИТХ 10 дугаар сарын 18-нд анхны хурлаа хийж, МАН-ын бүлгээс аймгийн засаг даргад нэр дэвшүүлсэн О.Пүрэвдоржийг засаг даргаар сонгожээ. АН-ын бүлгээс засаг даргад өрсөлдөх хүн гараагүй тул санал хураалтыг нээлттэй явуулсан аж. Ингээд төлөөлөгчдийн 82 хувийн дэмжлэгээр О.Пүрэвдорж тус аймгийн засаг дарга болж, нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлжээ.

О.Пүрэвдорж автын инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 2020-2024 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв. 

Өмнөговь аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 24-нд 100 хувийн ирцтэй хийж, аймгийн засаг даргаар Насанбуянгийн Энхбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгожээ.

Сүхбаатар аймгийн ИТХ 10 дугаар сарын 19-нд анхны хурлаа хийж, тус аймгийг Манлайбаатарын Идэрбатаар удирдуулахаар болжээ. М.Идэрбат 2012-2020 онд Баруун-Урт сумын засаг дарга, 2020-2024 онд Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байгаа юм. 2017 оноос тус аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа тэрээр ийн энэ аймгийг дахин 4 жил удирдахаар болов.

  • 2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
  • 2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал
  • 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
  • 2012-2020 онд Баруун-Урт сумын засаг дарга бөгөөд хотын захирагч
  • 2020-2024 онд Сүхбаатар аймгийн засаг дарга.

Сэлэнгэ аймгийн ИТХ 10 дугаар сарын 23-нд анхны хурлаа хийж, аймгийн засаг даргаар Н.Лхагвадоржийг улираан ажиллуулахаар болжээ. Төлөөлөгчдийн 51.2 хувь нь түүнд санал өгчээ.

Н.Лхагвадорж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон, 2020-2024 онд аймгийн засаг даргаар ажилласан юм.

Төв аймгийн ИТХ 10 дугаар сарын 29-нд анхны хурлаа хийсэн ч МАН-ын бүлэг хурлыг орхин гарч, хурал 21 төлөөлөгч буюу 52.5 хувийн ирцтэй үргэлжилжээ.

Ингээд Сэргэлэн сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Лхагвасүрэнгийн Төмөрчөдөрийг тус аймгийн засаг даргаар сонгож, Ерөнхий сайдад уламжилжээ. Тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшиж, сонгогдсон Л.Төмөрчөдөрийг Монгол Улсын Ерөнхий сайд Төв аймгийн засаг даргаар батламжилж, 11 дүгээр сарын 15-нд тамга, тэмдгээ хүлээн авлаа.

Увс аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 28-нд хийж, аймгийн засаг даргаар С.Батжаргалыг сонгожээ. 11 дүгээр сарын 1-нд Ерөнхий сайд батламжилсан байна.

Ховд аймгийн засаг даргаар Морхын Амарсанааг сонгосон тус аймгийн ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилжээ. Тус аймгийн ИТХ 10 дугаар сарын 25-нд анхны хурлаа хийж, түүнийг засаг даргаар сонгож, Ерөнхий сайдад уламжилсан байна. Уг хуралд оролцсон МАН-ын бүлэг засаг даргад хүн нэр дэвшүүлээгүй бол АН-ын бүлэг М.Амарсанааг нэр дэвшүүлсэн аж.  


Нээлттэй санал хураалтаар М.Амарсанаа төлөөлөгчийн олонхын саналыг авчээ. Тэр Ховд аймгийн АН-ын дарга агаад аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон байна. 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. 

Хөвсгөл аймагт орон нутгийн 9 дэх сонгуулиар байгуулагдсан ИТХ анхны хурлаа 11 дүгээр сарын 1-нд хийж, тус аймгийг Л.Төмөрбаатараар удирдуулахаар Ерөнхий сайдад уламжилсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Хөвсгөл аймгийн засаг даргаар батламжилжээ.

ИТХ-ын хуралд МАН-ын бүлэг Л.Төмөрбаатарыг нэр дэвшүүлсэн бол АН-ы бүлэг нэр дэвшүүлээгүй ажээ. Ингээд тэр төлөөлөгчдийн 63.41 хувийн санал авчээ.

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож буй аж. Тэр Шинэ-Идэр сумын засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

Хэнтий аймгийн ИТХ 10 дугаар сарын 24-нд анхны хурлаа хийж, 35 төлөөлөгч оролцов. 2028 он хүртэл тус аймгийг Дамдинжавын Аюурбуниар удирдуулахаар тус аймгийн ИТХ итгэл хүлээлгэжээ. Түүнийг Ерөнхий сайд 10 дугаар сарын 30-нд Хэнтий аймгийн 34 дэх засаг даргаар батламжилсан байна.

  • Д.Аюурбунь 2012-2013 онд тус аймгийн засаг даргын зөвлөх,
  • 2013-2016 онд “Радио, телевизийн сүлжээ” УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал,
  • 2017-2018 онд “Жи Мобайл” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, орон нутгийн гэрээт хариуцсан захирал, хүний нөөц хариуцсан захирал,
  • 2018-2023 онд “Магнай трейд” ХХК-ийн хүний нөөц эрхэлсэн захирал, борлуулалт хариуцсан дэд захирал, тос-гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал,
  • 2020-2024 онд “Хаан-Ойл групп” ХХК-ийн захирлаар ажиллажээ.
0/1000