Бизнесийн ухааны доктор, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.
——————————————————————-
-Монгол Улсын макро, микро эдийн засгийн үзүүлэлтүүд өнөөдрийн байдлаар ямар байна вэ?
-Макро тоо сүүлийн долоо, найман жилээ бодоход, ялангуяа ковидын дараа доошоо нэлээн унасантай харьцуулахад дажгүй байна. Макро тоон дээр гол нөлөөлж байгаа зүйл бол манай шорооны буюу байгалийн баялгийн борлуулалтын үнэ. Түүнийг хасчихвал бусад нь бас таатай биш байна. Нийт 8.1 сая мал хорогдсон хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас бусад үйлчилгээ, үйлчилгээний бус бүх салбар хэцүүхэн байна. Уул уурхайгаа дагаад тээвэр, түүнийг дагасан шатахуун, туслах материал, үйлчилгээний гээд тодорхой салбарууд гайгүй байна. Микро эдийн засгийн хувьд бид ковидын хоёр жил, дайны гурван жил гээд аж ахуйн нэгж, хувь иргэд өөрийн санхүү, чадамжаа нэлээн барсан үе байна. Үүнд дахиад сэргэлт өгч чадахгүй байна л даа. Харин манай улстөрчид макро тоон дээрээ тулгуурлаад, бүх юмыг гоёор хараад байна.
-УИХ-ын гишүүд кноп эвдэрсэн шалтгаанаар, гар өргөж байгаад Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа. Хэт тэлэлттэй, түүхэнд байгаагүй их алдагдалтай төсөв бараг анх оруулж ирснээрээ батлагдахад танд юу бодогдов?
-Саяхан л сонгууль болж, макро тоонуудыг цэгцтэй болгоё, төрийн оролцоог бууруулъя, төсвийн зардлаа 25 хувьд барья гээд амлалтууд өгөөд орж ирсэн. Хамтарсан нэрийн дор яг түүнийхээ эсрэг үйлдлүүд хийгээд эхэлсэн.
УИХ төсөв батлах өөрийн онцгой эрхтэй. Түүнийхээ дагуу шинээр орж ирсэн гишүүд, урьд жилүүдийг бодвол нүдэн балай дагадаг биш, сүүлд асуудлуудыг гаргаж тавилаа л даа. УИХ ирэх арванхоёрдугаар сард зардлын тодотгол дахиж хийхээр ирэх оны төсвийг баталсан.
Шинэ гишүүд төсвийн тодотгол дахиж орж ирэх үед харин ч бүр а, б-гүй үзэх байх гэж найдаж байна. УИХ сая онцгой эрхээ анх удаа эдлэх гэж оролдсон. Яг нарийндаа УИХ-ын чуулган энэ долоо хоногт төсвөө батлах байсан, өнгөрсөн долоо хоногт гэнэт яаруу хуралдлаа. Ерөнхий сайд ч чуулган дээр төсвөө батлуулах гэж байсангүй. Их хурлын даргын үйлдэл ч нүдэн дээр ил, гишүүдийг техник эвдэрсэн гэх шалтгаанаар, харцаараа “заналхийлж”, саналыг нь авах зорилготой байлаа. Энэ юу хэлж байна вэ гэхээр тэд их айдастай байна л даа.
-Юуны айдас билээ?
-Ерөөсөө эрх барьж байгаа албан тушаалтнууд төсөв задрах вий гэсэн их айдастай байна. Одоо яах вэ, нэг сар харъя. Наана нь, Ерөнхийлөгчид хориг тавих бүрэн эрх нь бий.
-Тооцоо, судалгаа муутай ийм төсөв алс ирээдүйд ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ?
-Олон тоо хэлбэл хүмүүс будилж магадгүй, хоёр тоо хэлье. Сүүлийн хоёрхон сарын дотор улсын төсвийн зардлаа найман их наяд төгрөгөөр нэмчихсэн. Төсвийн тодотгол гэж өнгөрсөн есдүгээр сард орж ирэхэд гурван их наядыг нэмж орж ирсэн. Сая өмнөх жилээс 5 их наядаар илүү нэмээд ороод ирлээ. Найман их наядаар нэмэхээр орлого 8 их наядаар өснө гэж хараад байна. Энэ дээр л алдаа хийж байна гэж би бодож байна. Ний нуугүй хэлэхэд, төсвийн татварын орлогын бүрдэлт 2016 оноос хойш найман жил НОӨАТ-ын шинэ системийн хүчинд татварын бусад орлого нэмэгдсэн. Орлогын ханалт дээд цэгтээ хүрсэн шүү. Энэ цаашаа унана. Дараа жилээс энэ жилийнх шиг татварын орлого орж ирэхгүй. Аливаа юмны ханалтын цэг тулдаг. Тэр цэг таарч. Нөгөө талаас манай нүүрс, зэсийн баяжмалын үнэ өдөр тутам унаж байна, дараа жил энэ хэвээр нэлээн үргэлжлэх байх.
-Төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар баталсан?
-Алдагдалтай л ажил хийж байна гэсэн үг. 1.9 их наяд гэдэг их тоо. Жил болгон ингэж оруулж ирдэг. Энийг алдагдалгүй байлгах хүсэл, тэмүүлэл гол нь алга байна.
-Төсвийг батлахад 126 гишүүн үүргээ сайн гүйцэтгэж чадсангүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-126 гишүүний 81 нь шинэ. Аравдугаар сарын 1-нээс л ажил нь эхэлсэн. Энэ богинохон хугацаанд 25 гишүүн энэ төслийг буцаая гэж хүсэлт тавьсан. УИХын бас онцгой эрх, төсвийг батлахгүй байж болно шүү дээ. Тэр эрхээ эдэлье гэж, шинийг харж байгаа өнцгүүд сайн байна. Толгой эргүүлсэн гол тоглолтууд Сангийн яам дээр хийгдэж байна. Үүнийг нэлээн задална гэж найдаж байна. Тэгж чадвал энэ нь шинэ гишүүдийн хувьд амжилт. Гэхдээ ер нь шинэ гишүүдэд хандаж хэлэхэд, төсөв бол УИХ-ын онцгой эрх шүү. Үеийн үед буюу 30 жилд УИХ энэ онцгой эрхээ эдэлж чадаагүй, дандаа Засгийн газрынхаа тоглолтод ордог байсан. Сенсаци давхацдаг. Би нэг ярилцлагадаа ярьж байсан. Сенсациар гол юмуудыг нуудаг гэж. Тэр яг л давтагдаж байна. Одоо шинэ гишүүдээ харъя. Манай зарим нэг хуучин улстөрчдийн тоглоом, намын дүрэм хэрэгжсэнгүй гээд, хуучин арга барилаараа энэ залуусыг явуулахгүй байна. Тийм юм байхгүй. Энэ чухал.
-Монгол Улс түүхэндээ төсвөө хэдэн удаа тодотгож байсан бэ?
-Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж тодотгол хийх тохиолдлууд байсан. Ер нь тодотгол хийнэ гэдэг Засгийн газар ажлаа муу хийсний л үр дүн. Жишээ нь, ковидын жил буюу 2020, 2021 онд төсвийн алдагдал нийт найман их наяд байхад тухайн Засгйн газар тодотгоогүйг би их гайхдаг. Орлого байхгүй, алдагдалтай байгаад байхад Хүрэлбаатар зүтгэсээр байгаад авч гарч байсан л даа. Ковидын үед макро хэмжүүрүүд олон хасах үзүүлэлттэй байхад тодотгол хийгээгүй. Одоо УИХ нэг заль хэрэглэж магадгүй. Жишээлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүн багасна ч гэдэг юм уу, эсвэл инфляци ихэснэ гэх юм уу. Тиймэрхүү нөхцөл бүрдэхгүй байна гээд Жавхлан бас молигодож магадгүй. Гэхдээ яах вэ, УИХын төсөв тодотгох тогтоол гарсан, учраас Засгийн газар хуулиа биелүүлэх л ёстой.
-УИХ 2025 оны төсвөө тодотгохдоо юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ. Төсвийн төслийг уншихад таны анхаарлыг татсан ямар тоонууд байв?
-Макро тооныхоо 8 их наяд дээр л анхаарах ёстой. Сүүлийн хоёр сард гэнэт орж ирсэн. Дээр нь орлогоо төлөвлөсөн байдал. Энэ хоёр дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас төр данхайж, 226 мянган хүн тэжээж байна. Буцаагаад манай Ардын намын 200 мянга, Ардчилсан намын 100 мянган хүн ч гэдэг юм уу, 500-600 мянган хүнийг тэжээх нь Монголын төрийн өөрийн зовлон болчихоод байгаа юм. Хуучин 200 мянга байх үед болоод л байсан. Сая гаруй хүн чинь энэ 500 мянгаа тэжээж чадахгүй унах гээд байна шүү дээ. Тоон утгаараа манайх татварын тоог, нэмж хасаж өөрчлөөгүй. Татварын орлогыг дараа жилд 5.6 их наядаар ч юм уу нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ бол буруу. Яагаад вэ гэвэл орлого бүрдүүлж буй, микро эдийн засаг дээр буй аж ахуйн нэгж, иргэдийн орлого, зах зээл нэлээн хүнд байдалд, бүр дахиж орлого олох нь битгий хэл зардлаа нөхөж чадахгүй болж байна.
-Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэхэд юу саад тушаа болж байна гэж боддог вэ?
-Засгийн газар реформын 14 төсөл яриад байгаагийн гурав, дөрөв нь эрчим хүч. Энэ төслүүд явах үндсэн шалтгаан нь үнэ тарифаа чөлөөлөх. Одоогийн байгаа зардлаасаа хоёр дахин хямд, хүчээр барьж байгаа үнэ дээр тэр дөрвөн төсөл явахгүй гэсэн үг. Өнөөдөр ямар ч аж ахуйн нэгж, иргэн тодорхой ашиг олохын төлөө л явж байна. Гэхдээ зам тээвэр, цахилгаан эрчим хүч гэх мэт нийтийн юманд зарцуулж байгаа байгууламж боловч ашигтай байх ёстой. Тийм учраас үнэ чөлөөлөх нь яах аргагүй чухал асуудал.
-Эрчим хүчний төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хойрго ханддаг. Шалтгаан нь юунд байдаг юм бол?
-Худлаа суурь үнэ. Бид 1996 онд чөлөөт үнэд оруулчих байсан. Социалист бусад орнуудтай хамт капитализм руу орсон. Тэдгээр улс эдийн засгийн реформоо 1990-ээд онд бүгд хийсэн. Манайх шиг тог тасалдаг гэх мэт зовлон тэр үед бүгдэд нь байсан. Польш улсад гэхэд тогны заалтуурыг жишээ нь яаж аргалах вэ гээд, тоолуур дээрээ ажиллахаас эхлээд тог хулгайлдаг 100-200 янзын арга байсан юм билээ. 1992 онд хувьчлаад, чөлөөлснөөр одоо тийм асуудалгүй байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бид хүчээр барьж байснаар 1983 ондоо л үлдсэн. Сүүлийн 30 жил ганцхан станцтай, хар л даа. Шинэ станц бариагүй. Дамжуулалтын сүлжээнүүдээ орчин үеийн технологийн дагуу шинэчилж чадаагүй. Ийм болохоор ийшээ хөрөнгө оруулалт хийх сонирхол алга байна.
-Саяхан бид Бөөрөлжүүтийн 150 мВт станцыг барьсан шүү дээ?
-“Голомт”-ынхон үнэ дээрээ арайхийн тохирч байж, бараг 12 жилийн дараа төсөл нь бий болж байна. Энэ ерөөсөө л тэр чигээрээ суурь үнэ. Иймд нэгдүгээрт, үнэ чөлөөлөхөөс аргагүй. Хоёрдугаарт, манай зах зээл өөрөө орос технологи, хуучин бүтцээ дагаад мафижсан гэж хэлж болно. Тиймээс шинээр технологи оруулдаггүй. Жишээ нь, Оюу толгойн бүх цахилгааныг хийсэн “ABB” компани Монголын зах зээл рүү орох гэхээр болдоггүй. Яагаад гэхээр, ЗХУ-ын үед хэрэглэж байсан хуучин технологи, хуучин менежмент, хуучин хүмүүстэй. Шинэ хүмүүст ажиллах нөхцөл бий болгодоггүй, хэзээ ч зах зээл рүү оруулдаггүй. УИХ дээр эрчим хүчний реформ хийх Ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Дотор нь ажиллаж буй. Тэд үнэ зохицуулалтаасаа гадна технологи, хүний менежмент гээд бүх юмыг нэлээн задалж өгөх хэрэгтэй.
-Эрчим хүчнийхэн дотроо зах зээлээ булаацалддаг гэдэг юм билээ?
-Хэдхэн нөхөд үнээс гадна нэгнийхээ ажлыг явуулдаггүй тал бас байгаа юм. Мафийн гинжин холбоог тас цохиж чадсан хүн бол Сономпил сайд. Цэргийн хүн, тэс өөр бүрэлдэхүүн оруулж ирээд, хүмүүс учраа олоогүй байх үед Амгалангийн дулааны станцыг бариулчихсан. Гэхдээ шанд нь шоронд суусан. Ямар ч байсан өөр салбарын нэг лидер очуутаа менежментийг нь зөв хийгээд, станц барьж чадсан. Энэ гал тогоон дотор өөр салбарын хүн орж ирэх их чухал. Тэгэхээр УИХ дээр бүрдсэн ажлын хэсэгт үнэ тарифаас эхлээд бүгдэд сайн дүн шинжилгээ хийж үзээрэй гэж уриалах байна. Үнэ зохицуулалтын тусгай газар бий. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа таван жил тэр зөвлөл рүү хүн явуулаад аваагүй. Уг нь хуулийнхаа дагуу танхимаас нэг хүн байх хэрэгтэй юм. Дараа нь өөрийгөө дэвшүүлээд ч аваагүй. Яагаад гэвэл тэр есөн хүн үнэхээр “азаргалчихсан” байдаг. Тийшээгээ ямар нэгэн гадны хүн оруулдаггүй. Өөрсдөө зах зээлийн үнэ тогтоосон нэртэй, эрчим хүч дагасан бизнесийнхээ хуваарилалтыг хийдэг хүмүүс л харагдсан. Үүнийг задалж, идээ бээрийг нь гаргаж ирэхгүй бол болохгүй.
-Засгийн газар 120 их наядын 14 мега төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Ямар тохиолдолд эдгээр төсөл хэрэгжих боломжтой вэ?
-Эрчим хүч, цахилгааны 3-4 төслийн хувьд үнэ чөлөөлсний дараа хэрэгжинэ. Тэрийг хийхгүй тохиолдолд дотоод, гадаадын ямар ч хөрөнгө оруулалт орохгүй. Нөгөө талаар Монгол Улс яг нарийндаа өвөг дээдсийн буянаар эрчим хүчний эх ундарга дээр сууж байна. Нар, салхи, нүүрсний, тэр битгий хэл уран, занарын гээд. Өөрөөр хэлбэл, эрчим хүч гаргаж авах бүх эх сурвалж нь Монгол Улсад байна. 2011-2012 онд эдийн засаг 17 хувиар өсч байх үед тодорхой нэг төслүүдийг Японы компаниудтай ярьж эхэлж байсан. Яваандаа эрчим хүчний гол экспортлогч улс болъё гэдэг асуудлыг тэр үед тавьж байсан. Яагаад вэ гэвэл бидэнд үндсэн нүүрс нь, уран нь, занар нь ч байна. Даанч ийшээ орж чадаагүй. “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг шиг бид эрчим хүчний гал голомтон дээр суусан л хүмүүс болоод байна. Энийгээ задлаад, ийшээгээ оръё гэсэн хүмүүстээ ханд. 14 төсөл, эрчим хүч гээд яриад байгаа. Яг нарийндаа яривал Төв Азид дэд бүтцээр хамгийн хоцрогдсон ганц улс Монгол болчихоод байна. Эрчим хүч, зам тээврээр хоцрогдсон. Ерөөсөө Зүүн Хойд Азийн хөгжлийн гол “бөглөөс” нь Монгол Улс болчихоод байна. Тэдгээр улс Монголын ядаж дэд бүтэц, бусад юмнуудыг хамтдаа хийе. Учир нь, энд эдийн засаг эрчтэй эргэж байх нь чухал байна гэж үзэж байна.
-Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээ мэдэгдээд байна. Эрсдэл нь юу байх вэ?
-Бид 2004 оноос өмнө зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороогүй байсан. ЗХУ-д есөн тэрбум ам.долларын өртэй байсан. Тийм учраас хэн ч хамтран ажилладаггүй, ганцхан Япон улс хүмүүнлэгийн тусламж өгдөг байсан. 1990 оноос хойш санхүү, зах зээл жаахан нээгдсэн. 2012 оноос хойш улс төр барьж байгаа, нам хамаагүй эрх баригч нар бэлэн, том мөнгөөр тоглох маш их сонирхолтой байсан. Ер нь том мөнгийг ямар ч хөдөлмөргүйгээр олж ирээд, тухайн үедээ ашигласан болоод, хойч үедээ өр үлдээж байгаа юм. Бид 2012 оны нэг тэрбум ам.долларын өрийг сая л төллөө шүү дээ. Засгийн газрын авчирч байгаа бонд бол ирээдүйд татвар төлөгчид л төлөх өр. Тийм учраас энэ бондыг хяналт дор зөв ашиглах хэрэгтэй. Ийм процесс жишээлбэл, 1900ээд оноос өмнө социалист улсуудыг капиталист улс болгохоор бэлэн мөнгө өгдөг, хөрөнгө оруулалт, технологи биш, том дарга нарт нь их мөнгө өгдөг, дараа нь юу ч байдаггүй. Одоо бид тэр зам руу эрчтэй гулгаж ороод байна. Манай дотоод өр 34 тэрбум ам.доллар байхад дахиад тэрбумаар өр нэмэгдэж байна, үр өгөөж нь ямар байх вэ гэдэг тодорхой. Хувийн аж ахуйн нэгжид түүний хорь гаруй тэрбум нь ноогдож байна. Энэ асуудалд Эдийн засгийн хөгжлийн яам их бодолтой хандах хэрэгтэй.
-Төсвийн төсөл дээр Эдийн засгийн хөгжлийн яам сайн ажилласангүй гэж эдийн засагчид шүүмжилж байна. Та тэдэнтэй санал нэг байна уу?
-Тэр яам байгаа нь өмнө нь ч мэдэгдсэнгүй, сая ч мэдэгдсэнгүй. Бид яг яривал мөнгөний нягтлангийнхаа эрхэнд орсон байна.
-Ирэх оны төсөвт “Оюу толгой”-н гүний уурхай бүрэн ашиглалтад орно, нүүрсний гаралт сайн байна гэж тооцсон. Санаснаар нөхцөл байдал сайн байх болов уу?
-Хамгийн гол нь түүхий эдээ тээвэрлэх нь дэд бүтцийн асуудал. Дээр нь шатахуун, технологи, цахилгааны асуудал бий. Энийгээ шийдэж чадвал 80 сая тонныг ч авч чадна. Гэхдээ дэд бүтэц дийлэх үү гэдэг нь асуудал. Өнөөдөр Тяньжин дээр 4000 гаруй чингэлэг хөдлөхгүй, бусад салбарын чингэлгүүд зогссон байна.
Д.Эрдэнэтуяа